| | USD/MNT 0₮

Дөрвөн хүүхдийн аминд хүрсэн “Ханталст”-ын захирал Ш.Бат-Энхэд хүүхдийн амь болгоомжгүйгээр хохироосон гэж ял төлөвлөжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Маршалын гүүрний зүүн хойд хэсэгт байдаг тогтоол усанд дөрвөн хүүхэд осолдсон хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 27-нд гарч, тухайн үедээ дуулиан тарьж байв.

Тодруулбал, “Ханталст” ХХК-ийн ашиглаж буй талбайд байгуулсан хиймэл нуурт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг байсан 11-15 настай М.Б, М.О, С.Г, Б.Б нар живж нас барсан юм. Уг хэрэгт холбогдуулан тус компанийн захирал Ш.Бат-Энхэд Эрүүгийн хуулийн 10.6-2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд буй аж.

Гадаад худалдаа болон худалдааны төвийн түрээсийн үйл ажиллагаа буюу “Баянзүрх” захыг эзэмшигч дээрх компанийн захирлыг ийнхүү буруутгахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал (эзэн), ажил олгогч шууд хариуцна” гэснийг гол үндэслэл болгосон гэнэ.

“Ханталст” ХХК-ийнхан 2014 оны долдугаар сарын 18-нд тухайн үеийн Нийслэлийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд, Маршалын гүүрний зүүн хойд хэсэгт 3.36 га талбайд наран шарлагын газар байгуулах, 11.64 га-д мод бут тарьж, тохижилт хийх гэрээ үзэглэсэн юм байна. Ингээд 2019 оны долдугаар сард гэрээгээ сунган үйл ажиллагаа явуулж байсныг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгчдийн шалгалтаар тогтоосон гэнэ.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Маршалын гүүрний зүүн хойд хэсэгт байдаг тогтоол усанд дөрвөн хүүхэд осолдсон хэрэг өнгөрсөн оны тавдугаар сарын 27-нд гарч, тухайн үедээ дуулиан тарьж байв.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.