| | USD/MNT 0₮

ЧУУЛГАН: Телевизүүдийн контентыг ТӨРӨӨС санхүүжүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Нэгдүгээрт, Өргөн нэвтрүүлгийн хуулийн 20.4-т заасан Сангийн хөрөнгөө хэрхэн яаж зарцуулах вэ? Үүнд төр оролцмооргүй байна. Зарцуулалт дээр өөрсдөө хяналт тавьж байгаа юу гэж асуумаар байна.

Хоёрдугаарт, өргөн нэвтрүүлгийн телевизүүд иргэдийг айдас хүйдэст автуулсан, төрд, УИХ, Засгийн газартаа итгэх итгэлийг нь алдагдуулах мэдээ, мэдээллийг цацаж байна. Тэгвэл үнэдэсний эрх ашиг, өв уламжлал, соёл, Монголоо гэх дархлаагаа хэр хангаж байгааг тодруулж байна.

Гуравдугаарт, хүүхэд залуусын төлөвшлийг харуулсан, боловсрол, соёлыг түгээсэн контентуудыг үйлдвэрлээсэй гэж хүсэж байна” гэлээ.

Түүний асуултад Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат хариулав. Тэрбээр “Өргөн нэвтрүүлгийн болоод арилжааны телевизүүд, төрийн захиргааны байгууллагууд, харилцаа холбооны байгууллага гээд оролцогч талуудын эрх үүргүүд тодорхой заагдаж тусгагдсан байгаа. Уг хуулинд яригдаж байгаа гол асуудал бол сангийн асуудал юм. Сангийн хөрөнгө гурван чиглэлд зарцуулагдана. Тухайлбал, төрөөс өргөн нэвтрүүлгийн хөгжлийг дэмжих радио, телевизийн үндэсний бүтээл үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой сангийн хөрөнгө нь:

Алслагдсан бүсүүдэд хүртээмжтэй хүргэх,

Үйлдвэрлэхэд өртөг өндөр бүхий үндэсний түүх, соёл, хүүхэд танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх хүргэх,

Өргөн нэвтрүүлгийн радио телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулагдана.

Орлого хуваах гэсэн ойлголтоосоо тусдаа асуудал юм. Өөрөөр хэлбэл, Сангийн хөрөнгө телевизүүдэд бус зөвхөн контентод олгогдоно. Төсвөөс санхүүжигдэнэ" хэмээн онцоллоо.

ЧУУЛГАН: Төсвөөс телевизүүдийн контентыг санхүүжүүлнэ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.