| | USD/MNT 0₮

Б.Батчимэг:Хөл хорионы үед эцэг эхчүүд хүүхэддээ үл хайхрах хүчирхийллийг их үзүүлж байна

Урт хугацааны хөл хорионд хүүхдүүд гэртээ уйдах бас ганцаардах тохиолдол ажиглагдаад байна. Тухайлбал, ээж аав нь ажилтай хүүхдүүд гэртээ өдөрт ганцаараа өнждөг байна. Мөн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол ч гарсаар байгаа юм.

Ингээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхэд хамгааллын хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэгтэй хөл хорионы үед хүүхдийн сэтгэл санаа болон хүчирхийллийн асуудлаар ярилцлаа.

-Хөл хорионы үеэр хүүхдийн сэтгэл зүй хэр байна вэ. Сэтгэлзүйг нь хэр анхаарах вэ?

-“Ковид-19”-ийн халдварын улмаас хүүхдүүд хичээл сургуульдаа явахгүй, удаан хугацаагаар гэртээ байна. Өөрөөр хэлбэл, хэвийн үргэлжилж байсан амьдралын горим нь өөрчлөгдсөн учраас сэтгэл зүйн хувьд ч өөрчлөлт орж байна. ЕБС-ийн 600 мянга гаруй хүүхэд, цэцэрлэгийн насны 260 мянган хүүхэд гэртээ теле хичээл үзэж байгаа. Судалгаанаас харахад, хөл хорионы үед дөрвөн хүүхэд тутмын нэг нь ганцаардаж, таван хүүхэд тутмын нэг нь уйтгарлаж байна гэсэн дүгнэлт гарсан.

-Яагаад?

-Амьдралын горимд нь өөрчлөлт орсонтой холбоотой. Ялангуяа өсвөр насныхны хувьд найз нартайгаа харилцах, нийгмийн амьдралд оролцож мэдрэмж авах нь хамгийн чухал байдаг. Энэ бүх харилцаа хумигдахаар эргээд сэтгэл зүйд нь нөлөөлж байна гэсэн үг.

-Манайхан хэнэггүй улс. Хүүхдүүд нь сэтгэл зүйн өөрчлөлтөд орж байна гэхээсээ илүүтэй хичээлээ хийж байна уу гэж санаа зовниж шахаж шаарддаг байх?

-Энэ үед хүүхэдтэйгээ хамтрах нь хамгийн чухал. Өөрийн чинь хэлдгээр эцэг, эхчүүд хүүхэд теле хичээлээ хийж байгаа эсэхэд л анхаарлаа хандуулж байна. Зүй нь  хүүхэдтэйгээ хамтарч, санаа бодлыг нь сонсож, тусалж, хамтарч ажиллах нөхцөл боломжийг бий болгоход анхаарах ёстой юм. Мөн хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, санаа бодлыг хуваалцах хэрэгтэй. Хүүхдүүд найз нөхөдтэйгөө санаа бодлоо хуваалцаж, муудалцаж, сайдаж явдаг учраас сэтгэл санааны мэдрэмжээ гаргаж байдаг. Гэтэл хөл хорионы улмаас гэртээ байга учраас мэдрэмжээ хуваалцахгүй боломжгүй байгаа. Иймээс эцэг, эхчүүд мэдрэмжийг нь яаж ойлгож, ярилцах вэ гэдэг дээр анхаарч, бүтээлч зүйл дээр хамтарч байх хэрэгтэй.

Жишээлбэл, хүүхдийн насны онцлогт тохирсон тоглоомыг ашиглаж болно. Эцэг, эхчүүд өөрсдөө үлгэр дуурайлал болж хүүхдийнхээ сэтгэл санааг сонсох ёстой. Хөл хорионы үед хүүхдүүд утас болон дэлгэцэнд донтох магадлал маш өндөр байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ сонирхож байгаа зүйлийг хамтдаа хийж, өдрийн төлөвлөгөө гаргаж ягштал биелүүлж байж элдэв эрсдэлээс хамгаална. Наад зах нь хүүхэд цаг төлөвлөж, аливаа зүйлд тууштай, сэтгэлээсээ хандаж, ганцаардал, уйтгарлах байдлаас гарна.

-Хүүхдүүд ганцаардаж, уйтгарлахаас гадна стресс бухимдалд орж байгаа байх. Бухимдаж байгаагаа эцэг, эхдээ буруу илэрхийлснээс байдал улам дорддог. Энэ тохиолдолд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Стресстэж бухимдах нь сэтгэл хөдлөлтэй холбоотой. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийг багаас нь сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дадлыг эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гурваас дээш насны хүүхдүүд орчинтойгоо харилцаж уйлж, инээж, баярлаж байгаагаа илэрхийлээд эхэлдэг. Нас дээшлэх тутам хүүхдэд баярлах, уйтгарлах, уйдах, ганцаардах, хэцүү байх мэдрэмжүүдийг эхлээд нэрлүүлж сургах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд сэтгэл хөдлөл гэдэг зүйл байдаг юм байна гэдгийг мэднэ. Үүний дараа хүүхэд сэтгэл хөдлөлөө хэрхэн яаж зөв гаргах вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Мөн хүүхдээ ямар үед уурлаж байгааг ажиглах хэрэгтэй. Хэрэв хүүхдээ ажиглаж чадахгүй бол эцэг, эхчүүд өөрсдөө юун дээр уурлаж бухимдаж, сэтгэл санаа тавгүй болж байгаагаа  мэдэх хэрэгтэй.

-Эцэг, эхтэйгээ үл ойлголцсоноос болж хүчирхийлэлд өртөх тохиолдол байдаг уу?

-Манай хүүхдийн тусламжийн 108 утсанд 24 цагийн турш дуудлага мэдээлэл авдаг. Хоногтоо хяналтын дуудлага 50-80 ирдэг. Ирсэн дуудлагын 20-35 нь харьяа дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай холбох арга хэмжээ авч ажиллах шаардлагатай кейс байдаг.

Эдгээр кейсийн тохиолдлын олонх үл хайхрах хүчирхийлэл байдаг. Үл хайхрах хүчирхийлэл гэхээр хүүхдийг хоол хүнсээр дутагдуулах, гараа хяналтгүй үлдээхээс гадна сэтгэл санаа хувьд үл хайхрахыг хэлж байгаа юм. Өсвөр насны хүүхдийн онцлог хэрэгцээ, шаардлагыг мэдэхгүй байж өөрийнхөө үзэл санааг тулгаж шаардах байдал удаан үргэлжилснээр зөрчлийн асуудал үүсдэг. Үүнээс болж хүүхдийн сэтгэл санаа хямардаг. Ер нь бол бүх насны хүүхдийг хянах арга бий. Манайхан хянах гэхээр хэнтэй найзалж нөхөрлөж байна вэ, энэ хүүхэд сүүлийн үед болохоо байчихлаа гэдэг.

Энэ нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ насны онцлогийг мэдэхгүй байгаагаас болж харилцааны буруу арга ашигласнаас болж үүсдэг асуудал. Хүүхэддээ хяналт тавина гэдэг нь хүүхэдтэйгээ хамтарч ажиллах, хүүхдийнхээ сонирхол дээр хамтарч ажиллахыг хэлж байгаа юм.  Хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дэмжиж байгаа нь хүүхэддээ хяналт тавьж байгаа нэг хэлбэр.

Мөн ахуйн хүрээний архидалтаас үйлдэлтэй гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өдөр бүр ирдэг.

-Хүүхдүүд зөвлөгөө, мэдээлэл авдаг байх. Ямар чиглэлийн зөвлөгөө түлхүү авч байна вэ?

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд залуучуудад чиглэсэн зөвлөгөө мэдээллийг тогтмол хүргэдэг. Мөн 21 аймаг, есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраар дамжуулж тусгай утас ажиллуулж, цахимаар сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Хүүхдүүд ковидын үеийн айдас түгшүүр, найз нөхдийн харилцаа, хичээл сургууль болон элсэлтийн шалгалттай холбоотой асуудлаар зөвлөгөө авдаг. Бас гэр бүлийн зөрчил, маргааны хямралтай холбоотой асуудлаар их хандаж байна. Харин сурагчид танхимын сургалтыг цахим хичээл яагаад ч гүйцдэггүй юм байна. Хичээл хурдан эхлээсэй гэсэн хүлээлттэй байна.

Үл хайхрах хүчирхийлэл гэхээр хүүхдийг хоол хүнсээр дутагдуулах, гараа хяналтгүй үлдээхээс гадна сэтгэл санаа хувьд үл хайхрахыг хэлж байгаа юм. Өсвөр насны хүүхдийн онцлог хэрэгцээ, шаардлагыг мэдэхгүй байж өөрийнхөө үзэл санааг тулгаж шаардах байдал удаан үргэлжилснээр зөрчлийн асуудал үүсдэг. Үүнээс болж хүүхдийн сэтгэл санаа хямардаг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.