| | USD/MNT 0₮

Сү.Батболд дэлхийн зургаан улсад 160 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй юу

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дэд дарга Б.Саруул ЕТГ-т ирсэн оффшор бүсийн асуудалтай холбоотой өргөдөл, гомдол зэрэгт нэгтгэн тайлбар өгсөн видео өчигдөр хэд, хэдэн телевизээр цацагдлаа.

Тайлбараас зөвхөн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлыг нь онцлон хүргэж байна.

С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нарын хариуцагчтай олон улсын шүүхийн маргаанууд:

Одоогоор дээрх нэр дурдагдсан хүмүүстэй холбогдох маргаан:

  1. Их Британи (Англи)
  2. Хонгконг
  3. Сингапур
  4. Жерси арал
  5. Британийн Виржин арлууд
  6. Нью-Йорк гэсэн 6 газар явагдаж байгаа юм байна.

Их Британи:

Тус улсын Шударга ёсны дээд шүүх дэх Англи, Уэльсийн хатан хааны шүүх танхимын шийдвэр 2020 оны 11-р сарын 18-нд гарсан байна. Шүүхийн шийдвэрийн дагуу Сү.Батболд, Cheong Choo Young-той холбоотой, компани дээр нь бүртгэлтэй 59.8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах зэргийг хязгаарласан байна.

Нэг байранд нь С.Батболдын хүү Самаадий (Samaadi) Англид сурч байх хугацаандаа амьдран, ашигладаг байжээ.

Хонгконг:

С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нарын хамаарал бүхий 9 оффшор компанитай холбоотой шүүхийн шийдвэр 2020 оны 11-р сарын 23-нд гарчээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу 234 сая хонгконг доллартай (85.5 тэрбум төгрөг) тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг аливаа хэлбэрээр захиран зарцуулах, эрхлэн удирдах, эсвэл үнэлгээг бууруулахыг хязгаарлажээ.

Дээрх оффшор компаниудын эзэмшиж байгаа 2 үл хөдлөх хөрөнгө шүүхийн хэлэлцүүлгийн үед дурдагдсан бөгөөд тус улсын төвд байрлах, тансаг зэрэглэлийн орон сууцнууд аж.

Сингапур:

Сингапур улсын дээд шүүх 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний аливаа хөрөнгийг бусдад шилжүүлэх, захиран зарцуулахыг хориглосон байна. Хариуцагчаар С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нар, тэдгээрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд оролцож байгаа аж.

Жерси арал:

Cheong Choo Young, Kim Hak Seon нарын хамаарал бүхий 2 оффшор компанитай холбоотой шийдвэр гарчээ. Эдгээр компаниуд нь Тайландын Пукет аралд 5 үл хөдлөх эзэмшдэг аж ахуйн нэгж юм байна.

2 байр нь тус бүр 2 сая ам.долларын үнэтэй бол 3 байр нь тус бүр нь 1.8 сая ам.долларын үнэтэй юм байна. Жерсийн арлын шүүхээс эдгээр үл хөдлөхийг захиран зарцуулах зэрэг бүх хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Британийн Виржин арлууд:

Британийн Виржин арлуудын дээд шүүхээс мөн л С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нартай холбоотой шүүхийн шийдвэр гарчээ.

Эдгээр компаниудын үл хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгийг эрхлэн удирдах, бусдад шилжүүлэхийг хязгаарласан байна.

Нью-Йорк:

Мужийн дээд шүүхээс одоогоор аливаа нэг үл хөдлөх, эсвэл мөнгөн хөрөнгийг хязгаарлах шийдвэр гараагүй байна.

Нийтдээ:

Олон улсад болж буй шүүхүүдэд С.Батболд, Cheong Choo Young, Kim Hak Seon нартай холбоотой 11 үл хөдлөх хөрөнгө дурдагдаж байна.

Мөн дурдагдаагүй АНУ-ын Бостон хотод байрлах 1.5 сая ам.долларын үнэлгээтэй 1, Лондон хотод байрдах бас нэг үл хөдлөх нь зарагдсан байна. Ингээд нийтдээ С.Батболд нарт хамаарах зөвхөн үл хөдлөхийн үнэ нь 59.3 сая ам.доллар буюу 169.1 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дэд дарга Б.Саруул ЕТГ-т ирсэн оффшор бүсийн асуудалтай холбоотой өргөдөл, гомдол зэрэгт нэгтгэн тайлбар өгсөн видео өчигдөр хэд, хэдэн телевизээр цацагдлаа.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.