| | USD/MNT 0₮

Ямар ч орлогогүй болсон аялал жуулчлалын салбарт амь тариа буюу санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтаар аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцаж салбарыг богино хугацаанд эргэн сэргээх чиглэлээр тодорхой гарц, шийдлүүдийг гаргахаар хэлэлцэж байна.

Ковид-19 цар тахлаас нөлөөгөөр хамгийн их алдагдал хүлээсэн аялал жуулчлалын салбарын төлөөллүүд Засгийн газрын тэргүүн болон гишүүдэд салбараа сэргээхэд яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн тодорхой саналуудыг танилцууллаа. Засгийн газрын гишүүд саналыг хүлээн авч, бодлогын хүрээнд хувийн хэвшлээ дэмжих, хамтран ажиллах боломжийг судлан яаралтай шийдвэрлэн ажиллахаа хэллээ.

Л.Оюун-Эрдэнэ:Наадмыг дэлхийн фистиваль болгох зорилт бий

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдрийг хүртэл бид дэлхийд хангалттай импортлогч улс болж чадахгүй байгаа нөхцөл байдалтай байна. Өргөн уудам газар нутагтай. Сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усан цахилгаан станц манай баруун бүсийн аймгуудад хөгжих бүрэн боломжтой гэж судлаачид үздэг. Тийм учраас эрчим хүчний салбарыг тэргүүн чиглэл болгон дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана. Цаашдаа бид эрчим хүч экспортлогч улс болох боломжтой. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцаас эхлээд олон төслийг зайлшгүй эхлүүлэх шаардлагатай.

Нийслэлийн хувьд аж үйлдвэржсэн байдлаар хөгжихөд эрчим хүч, дулаан цахилгааны хэрэглээ хангалттай биш. Иймээс газрын гүнд зайлшгүй хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тэгж байж газрын дээрх ертөнц хөгжих боломжтой гэсэн зорилт дэвшүүлж байгаа.

Манай далайд гарцгүй орны хувьд тээвэр ложистик чухал. Богд уулын урд руу томоохон худалдааны төвүүдийг гаргах бодлогыг үе шаттай хэрэгжүүлэх ёстой. Энэ бодлогын дагуу бид ажиллаж байна. Мөн тээвэр ложистикийн чиглэлийн компаниудтай уулзах чиглэл барьж байна. Монгол Улс цаашдаа зөвхөн импортлогч биш экспортлогч улс болох чиглэлээр ярилцана.

Уул уурхайн хувьд илүү нэмүү өртөг шингээх талын бодлого баримтална. Нүүрсээ угаах, зэсээ боловсруулах энэ тал руу илүү ажиллана. Энэ болдлогыг эхний 10 жилд хэрэгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засаг одоогийн байгаагаас хэд дахин томрох орон зай байна гэж үзэж байгаа.

Монгол Улсыг тойрсон буюу дараах улсуудад

БНХАУ 150 сая хүн

Япон 19 сая

БНСУ 28.6 сая

Турк 8.4 сая

Шууд нислэгтэй Герман улс 108 сая

ОХУ 42 сая

Казахстан 10 сая жуулчин аялж байна.

Тэгэхээр Монгол Улсыг тойрсон маш том боломж байгаа нь харагдаж байна. Манай улстай түүхээрээ холбогддог, шууд нислэгтэй улсуудын хувьд үзүүлэлт ийм байна.

Энэ салбарыг эхлээд төр 100 хувь авч явж байсан. Үүний дараа төр огт оролцохгүй хувийн хэвшлийнхэнд даатгаад орхисон.

Өнөөдрөөс шинэ хуудас нээнэ. Төр хувийн хэвшлийн түншлэлийн цоо шинэ хугацаа өнөөдрөөс бодитой утгаараа эхлээсэй. Иймээс уламжлал хурал биш цөөн асуудлыг хэлэлцэн ажлын төлөвлөгөө гаргана. Улмаар УИХ болон Засгийн газрын түвшинд шийдвэрлээд явна.

Аль болох зөвлөмж гаргадаг уламжлалт үр дүнгүй уулзалтуудаас татгалзаж, аль болох тэндээс нэг шийдвэр гарч, ажил эхэлдэг байх нь зүйтэй юм.

Засгийн газраас дундаж давхаргаа дэмжих бодлого барина. Аялал жуулчлалын салбарын орлого хүмүүст чиглэж очдогоороо онцлог. Иймээс манай улсад хөгжих бүрэн боломжтой. Нөгөө талаар маш үр өгөөжтэй салбар.

Манай аялал жуулчлалын салбарын хувьд агаарын тээвэр дээр сул. Билетний үнэ, өрсөлдөөн, глобачлал, нээлттэй байдал сул. Мэдээлэл нэгдсэн урсгалд орж чадахгүй байна. Компаниуд өөрсдөө марктинг хийж, дэлхий дахинд нэгдсэн нэг ойлголт, сурталчилгааг хийж чадахгүй байгаатай холбоотой.

Байгалийн нөөцийн хувьд боломжтой, сурталчилгаа их муу. Дэд бүтэц сул. Орон нутгийн нислэгтэй холбоотой асуудлыг зайлшгүй хийх шаарддагатай. Дэлхийн орнууд буюу Япон, БНХУ, ОХУ, Хятад энэ асуудлууд дээр цогц.

Монгол Улсын аймаг, бүс нутгийн онцлогоор нь асуудлыг авч үзвэл илүү зохимжтойг Алсын хараа- 2050 хөтөлбөрт тусгасан.

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг өвлийн аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний тал руу хөгжүүлэх нь зүйтэй. Хөвсгөл бол байгалийн аялал жуулчлалын бүс, Улаанбаатар хот соёлын аялал жуулаллын бүс гэдэг байдлаар харах нь зүйтэй юм.

Хөшигийн хөндий морин спорт, казиногийн асуудлыг зайлшгүй хөндөх ёстой. Хэдийгээр шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулах ч хожмын нэг өдөр Монгол Улсад хэрэгтэй бол давс шиг үг хэлж, зоримог ажиллахаа илэрхийлсэн.  Аялал жуулчлалын салбарын хувьд 2020 онд цар тахалтай холбоотойгоор хүндрэл бэрхшээл тулгарч, нуруун дээрх ачаалал нэмэгдэж, 70.000 орчим ажлын байр шууд байхгүй болж, 130.000 орчим ажлын байр шууд бус утгаар эрсдэлд орсон гэдгийг статистик мэдээллээс харсан.

Наадмыг дэлхийн фистиваль болгох зорилт бий. Энэ мэтчилэн ямар баяр, тэмдэглэлт өдрүүдийг дэлхийн дахинд сурталчлан таниулах, цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг хэрхэн дэмжих ажиллах боломж, дэд бүтэц, бүс нутгийн онцлогийг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, богино хугацаанд буюу 2-3 сарын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргахыг хүслээ.

Вакцинжуулалт эхэлсэн. Хэрэв дархлаажуулалт амжилттай хэрэгжвэл хилээ нээнэ. Мөн гадаад худалдаа, дипломат уулзалтуудад уян хатан хандах бодлого баримталж байгаа” гэлээ.

2020 онд аялал жуулчлалын салбараас олох орлого 65 хувиар буурсан

Аялал жуулчлалын салбарын төлөөлөл “Бид нарын тавьж байгаа санал чихэр шиг амттай байхгүй, давс шиг шорвог шийдэмгий байж магадгүй.

Цар тахалд нэрвэгдсэн хамгийн их хохирч байгаа нь энэ салбарынхан байна. Аялал жуулчлалын 14 ТББ нийлж, санал асуулга явуулсан. Томоохон яаралтай шийдвэрлэх асуудал байна.  Аялал жуулчлалын холбоо, гаднаас жуулчин оруулж байгаа байгууллагууд бүгд ирсэн байна.

2019 онд 1,6 их наяд төгрөгийг аялал жуулчлалын салбар руу оруулсан байгаа юм. 607 сая ам.долларыг Монголдоо оруулж ирсэн. Урлаг соёл, ресторан, зам тээврийн гэх мэт салбарт энэ мөнгө орсон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 7,2 хувийг эзэлж байна. Нийтдээ 577 мянган жуулчин урьж авчирчээ.

Үндэсний авиа компаниуд хасах руу орчихсон. Онгоцууд зогсоол дээрээ сул зогсч байна.

Харин 2020 онд аялал жуулчлалын салбараас олох орлого маань 65 хувиар буурсан.

Аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажиллах хугацааг хэсэгхэн хугацаанд тооцоод бодоод гаргахаар 880 гаруй тэрбум төгрөгийг цалин гэж олгодог юм байна. Энэ нь 310  сая ам.доллар. Нөгөө 600 гаруй сая ам.долларынхаа тал нь манай салбарын 89 мянган ажилтанд цалин хэлбэрээр очсон байна.  Харамсалтай нь 2020 онд орлого байхгүй, цалингүй ажлаасаа халагдсан чөлөө авсан байдалтай байна.

Аялал жуулчлалын салбарт амь тариа буюу санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна

Б.Барсболд “Монголын аялал жуулчлалын салбарын сүүлийн 30 жилд тур оператор компани онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн.

Харамсалтай нь цар тахалтай холбоотой нэг жил гаруйн хугацаанд хүнд байдалтай өнгөрөөж байна.

Нийт 570 компанийн 15 хувь буюу 85 компани үүд хаалгаа барьсан. Нийт ажилчдын 49  хүн цомхтголд орсон байна. Үлдсэн 5800 гаруй хүн нь ч ажлын байрны эрсдэлд ороод байна. 2020 онд ямар ч орлогогүй ажилласан.

Аялал жуулчлалын эргэлт гаднаас ирж байгаа гаднаас ирж байгаа жуулчдад дээр тогтдог байсан. Эдийн засгийн 98 хувь нь хумигдсан. 607 гаруй сая ам. Доллар салхинд хийсэн. Сэхээний өрөөнд байгаа хувийн хэвшлийн үйл ажиллагааг яаж амь оруулах юм бэ.

Хоёрдугаарт урт хугацаанд тогтвортой байлгах талаар бодолцох ёстой.

Нэг жилийн хугацаанд орлогогүй суусан учраас бид хөнгөлөлттэй зээл авах хүсэлт гаргасан. Мөн нийгмийн даатгалаа төлж чадахгүйд хүрсэн тул үүнийг улсаас дааж үзэж болох уу. Харин нөгөөх нь санхүүгийн дэмжлэг үзүүлээчээ. Ямар нэгэн татвар төлөх байтугай ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байдалд хүрсэн” гэв.

Төр засагт гурван санал тавина.  Нэгдүгээрт амь тариа буюу санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна.

Хоёрдугаарт хилээ нээх цаг хугацааг тодорхой мэдэх. 2019 онд урьдчилан захиалга хийсэн жуулчид бий. Тэд хил нээгдэхийг хүлээж байгаа.

Гуравдугаар санал урт хугацаанд эдийн засгаа тэлэхийг тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр санал гаргаж байна.

Газар үлд хөдлөх хөрөнгийг татвараас чөлөөлж өгөөчээ

Зочид буудлын холбооны тэргүүн Мөнхбаатар “Зочид буудлын салбарын тухайд 2019 онд 460 зочид буудал байсан бол 2020 онд 430 болж 30 зочид буудал үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн.

Ажилчдын хувьд 2019 онд 37484 ажилтан байсан. Харин өнгөрсөн онд 46 хувиар буурч 16 мянга гаруй ажилтантай болсон. Хэрвээ энэ нөхцөл бөйдал үргэлжлэх юм бол ажлын байрныхаа 60 хувийг цомхтгоно.

2019 онд 913 мянган хүнд үйлчилж байсан бол 2020 онд 45650 хүнд үйлчилсэн байдаг. Энэ нь тусгаарлах байртай холбоотой.

Салбарын маань орлого зарлагын түвшин ямар байсан бэ гэвэл 2019 онд 297,8 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байсан бол 2020 онд 131.4 тэрбум буюу хасах 166.4 тэрбум төгрөгийн алдагдалтай. Зардал нь  2019 онд 302.5 тэрбум байсан өнгөрсөн онд 225.4 төгрөгийн алдагдалтай үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс үүдээд зочид буудлын салбарт тулгамдаад байгаа асуудал юу байна. Та бүхнээс юу хүсэх вэ гэхээр нэгдүгээрт газар үл хөдлөх хөрөнгийг татварыг чөлөөлж өгөөчээ. 2020 оны нэгдүгээр сараас эхлээд гадны жуулчин хүлээж авч чадаагүй. Энэ том байшингууд маань ямар ч ашиглалтгүй болсон. Харин ашиглалтын төлбөрийг чөлөөлж өгсөнд баяртай байгаа” гэв.

Жуулчны баазууд эдийн засагт үр нөлөөтэй ажилладаг ч ямарч орлогогүй зогссон

Жуулчны баазын төлөөлөл н.Алтантуяа “Монгол Улсад нийтдээ 526 жуулчны бааз, амралтын газар байгаагаас 2019 онд 450 жуулчны бааз үйл ажиллагаа явуулжээ. Нийтдээ 10 гаруй мянган ажилтан 90 гаруй тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан байна.

Харин 2020 онд дотоод сүлжээнд ажиллаагүй. Цаашлаад ажилчдын тоо 88 хувиар, мөн 20 мянган ор хоног 75 хувиар буурсан байна. Жуулчдын баазуудын жилийн орлого 2.2 тэрбум төгрөгөөр буурсан.  Тухайн орон нутагт жуулчны бааз ямар ач холбогдолтой юм бэ. Жуулчны бааз Эдийн засагт үр нөлөөтэй ажилладаг.

Бид бүхэн Засгийн газрын тэргүүнд ямар хүсэлт гаргаж байгаа вэ гэхээр бид нарыг вакцинжуулах хэрэгтэй байна. Тэг зогсолт хийсэн учир уян хатан нөхцөлтэйгээр хөнгөлттэй зээлэнд хамрагдмаар байна.

Салбарын яаманд таван хүсэлт гаргасан. Газрын үл хөдлөхийн ашиглалтын зардлыг тэглэж өгөх.Тусгай хамгаалалттай газрын гэрчилгээг 5 биш 10 жилээр болгож сунгуулмаар байна” гэлээ.

Аялал жуулчлалын салбар ковидоос шалтгаалж хямралтай байгааг маш том боломж гэж харсан

Таванбогд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Зөндөө тулгамдаж байгаа асуудал бий. Гэхдээ нэг дор шийдэх боломжгүй. Аялал жуулчлалын салбар ковидоос шалтгаалж хямралтай байгааг маш том боломж гэж харж байгаа.

Алсын хараа 2050-ийн эхний 10 жилийн дотор Монгол Улс гурван сая жуулчин хүлээж авах боломж байгаа гэдгийг хэлье.

Манай хоёр хөрш орон, БНСУ, ЯПОН, Хонконг гээд дөрвөн улсаас аялдаг жуулчдын тоо жилд 341 сая байна. Харин хүн ам нь 1,7 тэрбум байна. Эдгээр таван улсын 341 сая жуулчны 0,9 хувийг хүлээн авахад 2029 онд 3069000 жуулчин авах боломжтой гэсэн үг.

Бидэнтэй соёл, ёс заншил, үндэсний өв адилхан Өвөрмонгол жилд 2019 онд 197.5 сая жуулчин хүлээж аваад 69 тэрбум ам.доллар олжээ. Гэтэл манай эдийн засаг 13 тэрбум ам.доллар байгаа. Өвөрмонголчууд яагаад ингэж хийж чадаж байгаа гэдгийг бид маш сайн ойлгох хэрэгтэй цаг болжээ.  Нийт асуудлаас хамгийн чухал асуудал бол агаарын тээвэр гэж хэлнэ. Нийт асуудлын 99.9 хувь нь агаарын тээврээс хамаарна.

2024 онд 2019 оны түвшинд буцаад очоосой. Агаарын тээврийн асуудлыг шийдэж чадвал 2029 онд нийт 7.5  сая хүн тээвэрлээд МИАТ-ийн зах зээл 50 хувь байгаад энд 30 хувь буурсан ч манай улс 3,2 сая жуулчин хүлээж авах боломж байгаа.

Монгол банкны гарсан судалгаагаар бол 2019 онд 300 мянган жуулчин хүлээж авч 450 сая ам.доллар олж байсан бол 2029 онд 4,7 тэрбум ам.доллар олох боломжтой. Манай улсын эдийн засгийн 20 хувь нь аялал жуулчлалаас хамааралтай байх боломжтой” гэлээ.

 

 

 

 

 

2019 онд 1,6 их наяд төгрөгийг аялал жуулчлалын салбар руу оруулсан байгаа юм. 607 сая ам.долларыг Монголдоо оруулж ирсэн. Урлаг соёл, ресторан, зам тээврийн гэх мэт салбарт энэ мөнгө орсон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 7,2 хувийг эзэлж байна. Нийтдээ 577 мянган жуулчин урьж авчирчээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.