| | USD/MNT 0₮

Ж.Гончигсүрэн:Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жил залууст ээлтэй, нялхас, өвгөдөд ширүүн жил болно

Лам хувраг, зурхайч нарын үзэж хэлж буйгаар Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилийг их сайхан тайван үр өгөөжтэй жил болно гэж үзэж буй.

Үхэр жилийн өнгө ямар байх талаар Түвдэнпэлжээлэн хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу та, сайхан хаваржиж байна уу. Эзэндээ ээлтэй байдаг гэх үхэр жил өнгөтэй сайхан гарлаа. Ер нь үхэр жилийн өнгийг та сонирхуулвал?

-Сайхан хаваржиж байна. Жилийн өнгийн тухайд хаврын урь орсон өдрийн мах бие бодийг тооцож гаргадаг. Салан дагцал буюу шороон үхэр жилийн зураг. Энэ жил бол 17 дугаар жарны Цөөвөр хэмээх цагаагчин төмөр үхэр жил гарлаа. Бид нарын зурсан зургаар үхрийн өнгө нь шар. Толгой нь цагаан омруу, чих, эвэр сүүл нь хөх. Ходоод нь улаан, дөрвөн шийр нь улаан. Амаа ангайсан, сүүлээ баруун тийш шарвасан. Үхэр хариулаач хүү нь хөх дээлтэй, шар бүстэй. Гэзгээ хоёр тийш хагалж, чихнийхээ араар хийсгэж, баруун гутлаа өмсч, зүүн гутлаа өмсөөгүй бүсэндээ хавчуулсан, залуу хүн урагшаа түргэн гүйж явж байна гэсэн ерөнхий дүр зураг харагдаж байна. Үхрийн толгой цагаан учраас жилийнхээ өнгөөр харвал хур бороо элбэгтэй. Шар өнгө нь газрын өнгө буюу шороон мах бодийн өнгө. Омруу нь хөх учраас өвс ногоо элбэгтэй сайхан жил болно. Харин дөрвөн шийр нь улаан учраас жилийнхээ сүүл улирлын сүүлчээр хур бороо багатай гандуу байж болно.

Үхэр хариулаач нь залуу хүн учраас залууст ээлтэй сайн, нялхаст дунд зэрэг, өвгөчүүлд ширүүн жил гарах нь ээ. Ер нь тухайн хүний жил уснаас их зүйл хамаарна. Монголчууд буян хишигтэй хүмүүс. Бид нар бүгдээрээ эвтэй сайхан байх юм бол сайхан жил болно.

-Цөөвөр гэдэг нь ямар учиртай юм бол. Та тайлбарлаад өгөөч?

-Цөөвөр гэдэг нь их онцгой жил гэсэн үг. Тэр оюун ухаан дэлгэрэх. Эрдмийн үйлст нэлээд өөрчлөлт гарсан жил байна. Шашин соёлоо хүндэтгэсэн сайхан жил. Цөөвөр гэдгийг учрыг тунгааж, цаад утгыг нь тайлбарлавал дэвжин дээшлэх үсрэлт гарах сайхан жил гэж ойлгож болно. Гэхдээ бид нараас шалтгаална.

-Нийгмийн байдал ямар байх бол?

-Залуучуудад ээлтэй жил. Ер нь бид бусад гарагуудыг харахад оюун ухаантай хүмүүс л дээшээ гарах юм байна гэж харж байгаа. Мэдлэг оюунтай хүн амжилтад хүрнэ.

-Төрийн өндөр албан тушаалтнууд болон энэ дэлхий нийтийг хамарсан цар тахлын хувьд ямар байх бол. Энэ өвчин намжих шинж байна уу?

-Үхэр жилийн өнгийг харахад  улс орны хэмжээнд ямар байх уу, ард түмний хэмжээнд ямар байх уу, хувь хүний хэмжээнд ямар байх вэ гэдгийг харна. Энэ жил залууст сайн, хөгшүүлд  ширүүн, нялхаст бүр ширүүн гэж хэлээд байгаа нь цаад учиртаа бол төрийн өндөрлөгүүдийн байр байдлыг харуулаад байна. Төрийн гурван өндөрлөг улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдрал ахуйд нэлээд төлөвлөгөөтэй  ажиллах ёстой сануулж байна. Дэлхий даяар цар тахал өвчинд нэрвэгдлээ. Цар гэдэг чинь тэр аяараа гэсэн үг байхгүй юу. Энэ аюулт өвчинтэй холбогдуулан улс орны болон ард түмний амьдрал ахуйд анхаарах ёстой. Бусдаасаа онцгой жил гэдэг нь эндээс харагдана. Эрүүл байвал дараа жилийн наадам үзнэ гэж үг бий. Үг авах хүнд нэг ч үг эрдэм шүү. Ер нь хүний бүх асуудал сэтгэл санаандаа байдаг. Сэтгэл санаа тайван байж эв найртай байх хэрэгтэй шүү.

-Үхэр жил нь орж байгаа хүмүүс юуг анхаарч, юуг цээрлэх ёстой вэ?

-Жил орно гэдэг чинь 13, 25, 37, 49, 61, 85, 97 гэсэн жилүүд ордог. Энэ нь эмэгтэй эрэгтэйгээрээ ялгаатай байна. Нэг нь гал суудал дээр сууна. Нэг нь усан суудал дээр суух учиртай. Үүнд нэг зүйлийг давхар ярьдаг. Тэр нь нас түрсэм буюу Нава шава түрсэг буюу гурван жилийн хөхтэй гэдэг. Жил орох, нас түрсэм давхцсан хүмүүс бол заавал засал ном хийлгэх учиртай. Гэхдээ хүн бүр адилгүй. Жил нь орж байгаа хүнд мэдээж багш нар байдаг байх. Тиймээс ямар суудалд сууснаас шалтгаалаад өөрийнхөө заслыг хийлгэхдээ анхаарчих хэрэгтэй.

-Ирж байгаа үхэр жилд ямар жилтэй хүмүүс онцгой анхаарах вэ?

-Онцгой гэхээр жаахан буруу ойлголт өгчихдөг талтай. Жишээлбэл, 33 ны жил нь орж байгаа хүмүүс онцгой засалтай гэж ярьдаг. Онцгой гэдэг нь хүч өгөх юмуудаа. Гүймгийн засал буюу шишэд, Дүнсрийн засал гээд тус тусдаа засал хийлгэхэд болно.

-Энэ жилийн тухайд коронавирусийн халдвартай гээд гандан хийд олныг нэг дор цуглуулахгүй байх. Ер нь жилийн заслаа сүсэгтэн ард иргэд яаж хийлгэх вэ?

-Засал үйл гэдэг чинь биеэрээ хэлээрээ бодлоороо хийж болох зүйл. Заавал гандан хийдэд биеэрээ очиж хийлгэнэ гэсэн ойлголт өрөөсгөл. Гэртээ сайхан зул хүж, тахилаа өргөөд өөрийнхөө мэдэх маань мэгзэмийг уншаад хийж болно. Гэрээсээ цахимаар хийлгэж болно. Гэр гэртээ заслаа цахимаар хийлгэж болно.

-Цаг тооны бичгийн тухайд ямар юу хэлэх вэ. Цаг тооны цаглабар зөрөх тохиолдол байдаг?

-Манай багш 1960 оноос 1995 он хүртэл цаг  тооны цаглабарыг түвд хэлээр зохиодог байсан. Миний хувьд 1983 онд багшийгаа дагаж, Шашны сургуульд суралцсан. Багшаас сурсан зүйл залгамж халаа гэвэл цаг тооны бичгийг бичиж үлдээх. Харин 1994 оноос хойш цаг тооны бичгийг криллээр гаргаж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ардчиллын энэ цаг үед хүн бүрт ойлгомжтой болгохын тулд криллээр бичиж гаргадаг болсон. Дээр үед малчны календар гэдэг байсан. Багшаасаа зааж сургаж өвлүүлж авсан зүйлээ үргэлжлүүлэн авч явж байна.

-Өнгөрсөн хулгана жилийг их хатуу жил боллоо гэж яриад байна?

-Хатуу хөтүү гэж хэлэхгүй ээ. Сайхан жил гарч өнгөрлөө гэж хэлнэ. Дэлхий дахинд цар тахал гэгч айхтар зүйл өрнөж байхад Монголд гайгүй болж өнгөрлөө. Ямар ч байсан бид нарын хийсэн буяны үрээр хулгана жилийг сайхан давчихлаа. Одоо үхэр жилээ сайхан угтлаа.

-Хөл хорио тавигдсан энэ өдрүүдэд сүсэгтэн олон шинийн 15-ндаа багтаж засал номоо хийлгэнэ хэмээн гандан хийдээр бөөнөөрөө ирсэн байдалтай харагдана. Шинийн 15-нд багтаж заслаа хийлгэх тийм сайн байдаг уу? 

-Тухайн хүний сүсэг бишрэлээр болно. Шинийн 15 гарахаас өмнө багтаж хийсэн ном засал сайн байна гэсэн зүйл байхгүй ээ. Жилийн заслаа тухайн жилдээ багтааж хийлгэж байвал сайн. Тиймээс сүсэгтэн олон яараад байх зүйл байхгүй. 

-Та Цөөвөр хэмээх үхэр жилдээ сүсэгтэн олондоо хандаж ерөөлийн үгээ хайрлана уу?

-Нийт монголчууддаа ирэх жилдээ урт удаан наслаж, эд таваар элбэг дэлбэг, барцад саадгүй, өвчин зовлонгүй байж буяны ном хураахыг хүсье. Хүн бүр сайхан сэтгэлтэй, яриа хөөрөөтэй баяр баясгалан дүүрэн яваарай.

Залуучуудад ээлтэй жил. Ер нь бид бусад гарагуудыг харахад оюун ухаантай хүмүүс л дээшээ гарах юм байна гэж харж байгаа. Мэдлэг оюунтай хүн амжилтад хүрнэ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.