| | USD/MNT 0₮

Нутаг усаа ухуулан байж “Баян” Базарааг 3,3 сая ам.долларын нисдэг тэргээр “эрхлүүлэх” ёстой юу

Монгол Улсын эдийн засаг нэлээдгүй хумигдаж, ард түмэн туйлдаа хүрчээ. Иргэд бэлэн мөнгөгүй болж, дэлгүүрийн лангуунууд хоосорчээ. Худалдаа эрхлэгчид, түрээслэгчид худалдан авагчгүй болж, түрээсийн төлбөрөө арай ядан төлнө. Ямар сайндаа л хөл хорио тавигдангуут 1999 төгрөгийн бараанд олноороо оочерлож суух вэ дээ.

Гэтэл энэ бүх хямралд өртөөгүй нэгэн эрхэм монголд байна. Үнэтэй машин байтугай нислэг тэрэг хөлөглөж явах нь тэр. Энэ бол “Алтайн хүдэр” компанийн захирал баян Базараа буюу Р.Базар. 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын гаалиар орж ирсэн 3.3 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэгний жинхэнэ эзэн нь Р.Базар гэх мэдээллийг эх сурвалжууд хэллээ. Хэвлэлийнхний мэдээлж буйгаар ИНЕГ-ийн албаны дарга асан Э.Энхзоригийн нэр дээрх компани болох “Sky Jet” ХХК оруулж ирсэн нь батлагдсан. Харин ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын нисэхийн албаны дарга Г.Цолмонгоос тодруулахад “Э.Энхзориг нь 2018-2019 онд ИНЕГ-т албаны даргаар, 2019-2020 онд орон нутаг хариуцсан менежерээр ажиллаж байсан. Одоо хувийн компанид ажилд орсон. Компани байгуулсан зүйл байхгүй. Мэргэжлийнхээ дагуу хувийн компанид ажиллахаар болсон” гэсэн юм.

Тэгвэл Р.Базар гэж хэн бэ?

Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаагаа явуулдаг дотоодын хөрөнгө оруулалттай "Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базар тус аймгийн Таяннуурын уурхайгаас төмрийн хүдрийг тонн тонноор нь олборлож баяжсан нэгэн. Гэхдээ түүнийхээ хэрээр хууль бус үйлдлүүдээ зогсоодоггүй. Түүний охин компани болон “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд осол гарч, дөрвөн хүний эрдэнэт амь эрсэдсэн хэрэг ингэсхийгээд замхрав бололтой.

Хэргийг дахин сануулахад, 2019 оны хоёрдугаар сарын 28-нд тус уурхайд нуралт үүсч, зургаан хүн дарагдсан бөгөөд онцгой байдлын аврагчид хоёр иргэнийг нурангин доороос эсэн мэнд гарган авсан юм. Харин сураггүй алга болсон дөрвөн хүнийг аврахаар МХЕГ, ЦЕГ, ОБЕГ, Шүүх шинжилгээний ажилчдаас бүтсэн 130-аад хүн ослын газарт ажиллаж тэдний цогцсыг гарган авч байсан.

Тухайн үед цагдаа, хууль хүчнийхэн хэргийг шалгаж байгаа гэсэн боловч шалгалтаар ямар баримт нотлогдсоныг олон нийтэд мэдээлэлгүй өнгөрсөн. Удалгүй тус компанид дахин осол гарч, 26-хан настай залуу амиа алдав. Тодруулбал, Булган аймгийн Бүрэг хангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "Эко Алтан заамар" уурхайд хөдөлмөр аюулгүй байдал алдагдаж, 26 настай залуу техникт дарагдаж амь насаа алдсан. Бид нутгийнхаа алтан хэвлийг ухуулж, үүнийхээ золиосонд цэл залуу хүмүүсийн амийг зольсоор байна.

Гэвч удалгүй “Эко Алтан Заамар” зүсээ хувирган “Бүрдэл майнинг” болоод, Туулын амийг таслахаар дахин алт олборлож эхэлснийг тухайн үед хэвлэлүүд онцолж байв.

Хэдий болтол Р.Базар гэгчид эх нутгаа сийчүүлж, олон аавын хүүгийн амиар тоглуулах ёстой вэ? Тухайн үед салбар хариуцаж байсан сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар ч сүртэй мэдэгдэл хийж, хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэж мэдэгдэж байсан ч худлаа болсон. Нэг нэгэн рүүгээ шаардлага хүргүүлж байна гэж хэдэн цаас шидлэж байгаад энэ хэрэг чимээгүй болж замхарсан. Одоо салбар хариуцсан сайд Г.Ёндон ч мөн ялгаагүй, ямар нэгэн дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрчээ.

Монгол Улсын эдийн засаг нэлээдгүй хумигдаж, ард түмэн туйлдаа хүрчээ. Иргэд бэлэн мөнгөгүй болж, дэлгүүрийн лангуунууд хоосорчээ. Худалдаа эрхлэгчид, түрээслэгчид худалдан авагчгүй болж, түрээсийн төлбөрөө арай ядан төлнө. Ямар сайндаа л хөл хорио тавигдангуут 1999 төгрөгийн бараанд олноороо оочерлож суух вэ дээ.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.