| | USD/MNT 0₮

Иргэн У:Хоёрхон витамин өгөөд эмнэлэгт хорьж байхаар ганц нэгээрээ амьдардаг хүмүүсийг гэрт нь хориосой. Эмнэлэгт улсын мөнгийг үргүй урсгаж байна

Коронавирусийн халдвар авч эмчлүүлж байгаа иргэн Уран манай сайтад хандсан юм. Тэрбээр эмчилгээ хийлгэж байгаа нөхцөл болон эмнэлгийн орчин, хоол хүнс ямар байгаа талаар мэдээлэл өгье гэсэн юм. Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө халдвартайгаа мэдэж, эмнэлэгт хэвтжээ. Ингээд түүнтэй ярилцлаа.

-Сайн байна уу, таны биеийн байдал хэр байна вэ?

-Би энэ эмнэлэгт яагаад хэвтснээ ч үнэндээ ойлгохгүй байна. Гуравдахь шинжилгээний хариу эерэг гарсан гээд л эмнэлгийн машинаар анх ХӨСҮТ-д аваачсан. Тэнд нэг өрөөнд 7-уулаа байсан. Гэвч удалгүй эмч нар ярьж байгаад Яармагийн эмнэлэг рүү шилжүүлсэн. Энд мөн ч ялгаагүй олуулаа байна. Халдвартай хүмүүсийг ингэж олноор нь бөөгнүүлэх нь зөв ч юмуу буруу ч юмуу мэдэхгүй байна.

Миний хувьд ямар ч шинж тэмдэг илрээгүй. Шинжилгээгээр халдвартай гарсан гэж хэлсэн. Бие өвдөхгүй халуурахгүй байна. Харин юу ч хийхгүй орон дээр хэвтсээр байтал нуруу л өвдөж татах вий гэж санаа зовж хэвтэнэ. Яг үнэндээ шал дэмий хэвтэж байгаадаа халаглаж байна.

-Юу гэсэн үг үү. Халдвартай хүмүүсийг эмнэлэгт эмчилж эдгээж гаргана шүү дээ?

-Хөнгөн халдвартай хүмүүсээ гэрт нь тусгаарлаж хориочээ. Энд олноор нь хорьж, эмчилгээ гэж байхгүй. Өдөрт хоёр витамин ууж байна. Тэрийг нь өгөөд гаргах хэрэгтэй шдээ. Ядаж ганц нэгээрээ амьдардаг хүмүүсийг гэрт нь хорьж эмчилмээр юм байна. Шал дэмий олуулаа нийлэхээр нэгнээс ханиад өөр өвчин авах ч тохиолдол гарч байна.

-Эмчилгээний тухайд ямар байна вэ?

-Би танд ууж байгаа хоёр эмнийхээ зургийг харуулъя. Ядаж дархлааны тариа ганцыг хийлгэчих юмсан. Намайг анх эмнэлэгт ирэхэд ханиаданд уудаг тан уухуу гэж асуусан. Надад таарч тохирохгүй байх гэж бодоод “Үгүй” гэж хэлсэн. Гэтэл энэ хоёр эмийг 14 хоног өдрийн нэг нэгээр уугаарай гэсэн. Нэгийг нь өдрийн хоолны дараа усаар даруулж уугаарай гэсэн.

Өдөрт нэг нэг ширхгээр уух Д, С витамин 

-Ингэхэд хэзээ халдвартай нь батлагдаад эмнэлэгт ирсэн бэ. Мөн анх хаанаас халдвар авсан юм бэ?

-Миний амьдардаг байранд халдвар гарсан. Тухайлбал, тухайн байрын 2, 3 дугаар давхрыг түрээслэдэг эмнэлгээс халдвар гарч, үйл ажиллагааг нь хааж байрыг тусгаарлалтад авсан. Би хоёр хүний хамт тухайн байрны 5 давхарт амьдардаг юм. Ингээд 14 хоногийн тусгаарлалтын хугацаанд гэрээсээ огт гараагүй. Гарах ч боломж байхгүй, гадаах үүдэнд хамгаалалтын бүс татчихсан, цагдаа манасан байгаа шүү дээ. Ингээд 14 хоног нам гэртээ хоригдохдоо хоёр удаа шинжилгээ өгөхөд Сөрөг гэж гарсан. Харин хязгаарлалтын хугацаа дуусах өдөр гуравдахь шинжилгээгээ авахад хариу эерэг гарсан.

-Тэгэхээр хаанаас халдвар авсан байх магадлалтай бэ. Тухайн эмнэлгийн үйл ажиллагааг хаасан юм байна. Ариутгал халдваргүйтэл хэр хийсэн бэ?

-2, 3 давхрыг зөндөө ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Тэнд байдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүгдийг хаасан. Тэгээд тэнд амьдардаг бид гурвыг үлдээгээд тусгаарласан. Би 14 хоног хичээсэн. Манай давхрын доод давхарт амьдардаг эмэгтэй тусгаарлалтын дэглэм зөрчиж, тэр байрнаас гарч ороод яваад байсан юм билээ. Магадгүй тэр хүн гаднаас халдвар авчирсан байх. Бодохоор гомдоод байгаа юм. Хэдэн хоног яаж тэсч тэвчлээ дээ. Гэтэл нууцаар халдварын бүсээс гарч орж яваад байсан байгаа юм. Бас болоогүй, муухай ханиалгаад огиулаад яваад байсан. Би сэжиглэж тухайн хүнд хэлж анхааруулж байсан. Гэтэл “Эмнэлгийн байгууллагад насаараа ажилласан хүн өөрийгөө мэдэхгүй яадаг юм бэ” гэж том толгой гаргаад байсны горыг би ч амссандаа харамсаад байна. Тусгаарласан байрнаас өдөр болгон гадагшаа гарсан байгаа юм даа.

Хоёр удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарчихаад, гуравдахь дээрээ тусгаарлалтын хугацаа дууслаа, гарч ороход чөлөөтэй боллоо гэж бодоод баярлаж байтал хариу эерэг гарсан. Сэтгэл санаагаар их унаж шоконд орсон.

-Тусгаарлалтын дэглэм зөрчиж халдвартай бүсээс гараад байсан гэсэн үг үү. Хэрвээ тэгсэн бол Зөрчлийн тухай хуулиар торгуулах заалттай шүү дээ?

-Тийм. Одоо тэгээд торгуулах байлгүй дээ. Торгуулын мөнгөө тэр хүн төлнө биз дээ. Зүв зүгээр байж байгаад халдварт өртсөндөө харамсч байна. Гурвуулахнаа тэр байранд хоригдож тусгаарлагдсан байсан. Гэвч энэ хүн гадагшаа гарна, гаднаас орж ирээд манайд орж ирнэ. Бүр хаалга нүдэж орж ирэхийг нь яана. Ийм хариуцлагагүй хүмүүсийн балаг их байх.

-Эмнэлгийн нөхцөл байдал ямар байна. Хоол унд нь хэр юм бэ?

-Шинэ эмнэлэг болохоор орчин нь таатай сайхан харагдана. Гэхдээ байрнуудын дунд болохоор мөн нэг өрөөнд олуулаа болохоор бүгчим халуун. Өрөөний салхивчаа онгойлгосон ч салхи орж ирэхгүй. Мөн олуулаа болохоор 00-д удаан суух ч боломж алга.

Хоол хүнсний тухайд ёстой хангалтгүй санагдсан. Өглөөний цай гэж нэг аяга цайтай нимгэн зүссэн ганц ширхэг талхан дээр жимсний вариан түрхэж өгнө. Өдрийн хоёр хоол нь жаахан хэрнээ хөрчихсөн ирнэ. Олон давхар дамжиж явсаар байгаад хөрчихнө. Эмэгтэйчүүд бид цадахгүй байхад эрчүүд нь яаж цадах юм бэ. Тэгээд гаднаас эргэлт оруулахгүй шүү. Ядаж эмнэлэг дотроо цайны газар болон худалдаа наймаа хийх ямар ч юм байхгүй. Гэртээ байсан бол хоол унд сайтай, дархлаагаа сайн дэмжих боломжтой санагдсан. Олон хүний хоолонд ингэж их мөнгө зармааргүй санагдах юм. Ингэж бөөнөөр нь эмнэлэгт хориод нэмэр байгаа юмуу даа. Нэмж л өөр өвчин авах биз.

-Гаднаас эргэлт оруулж болохгүй юу?

-Яг гэрийнхэнтэй нь бол уулзуулахгүй. Харин авчирч өгсөн эргэлтийн эд зүйлсийг тусгай хүмүүс дамжуулж өгөх юм билээ.

-Таны хувьд халдвар хөнгөн туссан гэсэн үг юм байна. Эмч нар нь юу гэх юм?

-Бидэнтэй нээх харьцахгүй шүү дээ. Ерөнхий байдлыг нь ажиглаж байх. Миний хувьд энд яагаад хоригдож байгаагаа ойлгохгүй байна. Хоёрхон эм уухын төлөө эмнэлэгт хоригдох ёстой юмуу. Тэр эмийг нь өгөөд хөнгөн халдвартай, шинж тэмдэг айхтар илэрч халуурахгүй байгаа иргэдээ гэрт нь гаргаачээ. Ядаж гэртээ дархлаагаа дэмжээд халуун аарц, аминдэмээ уугаад сууж байх юмсан.

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн хувьд юу ярьцгаах юм. Ямар шинж тэмдэг илэрсэн хүмүүс гэнэ вэ?

-Янз бүрийн шинж тэмдэг илэрсэн гэнэ. Ханиалгаж, халуурсан гэх, бие нь суларч өвдсөн гэх. Мөн үнэр амт үнэрлэхээ больсон гэх ч хүн байна. Миний хувьд бол ямар ч шинж тэмдэг илрээгүй. Хүмүүс бид нар дээрэлхүүлээд сурчихжээ. Ингээд хашигдаад дэмий улсын мөнгө үрж урсгаад байна. Ингэж хэвтэхдээ ганц тариа хийлгэчих юмсан. Эмнэлэгт хэвтсэн хүн байна даа.

-Таны хэлж буйгаар хөнгөн халдвартай хүмүүсийг гэрт нь байлгамаар байна гэсэн үг үү?

-Ганц нэгээрээ амьдардаг хүмүүсийг гэрт нь байлгамаар байна. Хоёр хоногийн өмнө өглөө надтай 1.30 минут байсан гурван хүнийг маань буудалд тусгаарласан.  Нэг нь гэртээ хариад хоносон гэсэн.  Гэрт нь нөхөр 2 хүүхэд нь үлдсэн.Тэгэхээр уялдаа холбоо байхгүй байгаа биздээ. Одоо халдвартай хүмүүс хавьтлуудаа нууж байна. Тэд хоорондоо үгээ нийлүүлж яриад цагдаа болон эмнэлгийнхэнд “Бид уулзаагүй” гэж худлаа хэлж байна. Ингэж ажил амьдралаа алдаж эмчлүүлсэн эмчилгээг гэж сүртэй байхгүй. Зарим нь өвчнөө нуудаг байж шал дэмий ирлээ гэж ярьж байна.

-Үгүй ээ, бас тэгж ярьж болохгүй байх аа?

-Сүртэй сүйдтэй эмчилгээ хийхгүй, хоёрхон эм өгөхийн төлөө ингэж олноор хорьж цагдах ямар хэрэгтэй юм бэ. Тэр нь Д болон С витамин шүү дээ. Ядаж дархлааны эсрэг ганц ч тариа тарихгүй байна. Өөр эмчилгээ байхгүй. Хандлагаа өөрчилж арай өөр өнцгөөр, өөр цонхоор хармаар байна. Энэ халдварыг санаатай авсан биш, санаатай тараасан биш. Хүн бүр өвчлөх эрсдэл ойрхон байна гэж өдөр бүрийн мэдээллээрээ ЭМЯ-ныхан хэлээд байна.  Төр засаг нь ч сүр болгож дэвэргээд байна. Нэг хаалга-нэг шинжилгээ гэж өчнөөн мөнгө төгрөг зарцуулсан үргүй “том” ажил зохиолоо. Нэг удаа авах шинжилгээнд халдвар илрэхгүй байж болно. Дараа нь давтан шинжилгээнд илэрч болно. Нууц хугацаагаа тооцох хэрэгтэй. Гэвч энэ нь нэг удаа аваад л болчихож байгаа ажил биздээ. Хайран улсын мөнгийг үргүй зарцууллаа гэж харна.

14 хоног уух хоёрхон эмээ аваад гэртээ хэвтэж байвал илүү өлзийтэй, үр дүнтэй болов уу гэж бодож байна. Тэр хоёр эмийг би гэртээ уучихсан бол надад ч амар, улсад ч амар байх байсан болов уу. Нөгөөтэйгүүр хүмүүс их хувиа хичээсэн аминч үзэлтэй байна. Ухамсаргүй байна. Ийм байхаар халдвар яаж хумигдах юм бэ.

-Дархлаа дэмжихээс гадна сэтгэлзүйн эмчилгээ их чухал. Өөдрөг байх хэрэгтэй шүү?

-Харин тийм. Эхэндээ их сандарч уйлсан, шоконд орсон. Нөгөө хариуцлагагүй хандсан эмэгтэй рүүгээ “Хэчнээн хичээлээдээ үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр ийм юм болж байгаа” гээд хашгирч уйлсан, хатуу үг хэлсэн. Мөрөөрөө тусгаарлагдаад халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталсан бол өнөөдөр ажлаа хийгээд хэвийн амьдралдаа шилжих байлаа. Одоо эмнэлэгт олон хоног болно. Дараа нь гэрийн ажиглалтад мөн олон хоног байна гэхээр амьдрал ахуй орхигдоод байна, үнэхээр харамсалтай.

О.Сайхан 

Хоол хүнсний тухайд ёстой хангалтгүй санагдсан. Өглөөний цай гэж нэг аяга цайтай нимгэн зүссэн ганц ширхэг талхан дээр жимсний вариан түрхэж өгнө. Өдрийн хоёр хоол нь жаахан хэрнээ хөрчихсөн ирнэ. Олон давхар дамжиж явсаар байгаад хөрчихнө. Эмэгтэйчүүд бид цадахгүй байхад эрчүүд нь яаж цадах юм бэ. Тэгээд гаднаас эргэлт оруулахгүй шүү. Ядаж эмнэлэг дотроо цайны газар болон худалдаа наймаа хийх ямар ч юм байхгүй. Гэртээ байсан бол хоол унд сайтай, дархлаагаа сайн дэмжих боломжтой санагдсан. Олон хүний хоолонд ингэж их мөнгө зармааргүй санагдах юм. Ингэж бөөнөөр нь эмнэлэгт хориод нэмэр байгаа юмуу даа. Нэмж л өөр өвчин авах биз
Ярилцлага

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.