| | USD/MNT 0₮

Хөдөлмөрийн баатар Ч.Хурц:Оюутолгой шиг нөөцтэй орд дэлхийд байхгүй. Тэгэхээр гэрээгээ цуцлах биш сайжруулах шаардлагатай юм

Уул уурхайн сайд асан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурцтай Ашигт малтмалын тухай Оюутолгойн гэрээний асуудлаар ярилцлаа.

-Өнөөдөр Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхтэй холбоотойгоор леголинфогоос хуулийг нь тэр чигт аваад хаячихсан байгаа юм. Одоо хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 51.1 дээр Тусгай лиценз хайгуулын ашиглах лиценцийг ашиглаж байгаа тохиолдолд түүнийг барьцаалж банк болон банк бус санхүүгийн байгууллагад тавих эрх нь нээлттэй. Гэхдээ үүнийг Засгийн газар болон хувь эзэмшиж байгаа компани зөвшөөрнө гэх. Энэ хууль нийгэмд яаж хэрэгжих ёстой вэ?

-Ч.Хурц миний бие нас өндөр болсон ч оюун ухаан минь саруул байгаа. Янз бүрийн ном уншсаар нүдний хараа жаахан муудсан. Энэ ч яах вэ. Бодит байдлыг хэлье. 1994 онд Хурц миний бие Монголын хамгийн том хуульч эрдэмтэн Бираагийн Чимэд гуайтай хамтарч Монгол орны Ашигт малтмалын тухай хуулийг боловсруулан хийсэн юм.

1997 онд хуулийн зааврыг боловсруулж байх хооронд гадны орны гэр бүлийн хоёр хуульчийг авчирч Монголын хуулийг хүчингүй болгож өөрсдийн хуулийг хийсэн. Энэ хуулийн талаар асар их ном уншиж, материал цуглуулж, судалгаа хийсэн эрдэмтэн.

Гэвч бидний ярьж байгаа юм болгон авлигад өртсөн хүмүүсийн чихний хажуугаар явдаг болжээ. 40 жил Хурц гуай миний бие өөрийнхөө үгийг ард түмэндээ хандаж хэлж ирсэн. Одоо ч ярьсаар байна. Ер нь өвчийг Үндсэн хуулийнхаа дагуу төрийн өмч мөн. Нийт ард түмний өмч гэсэн.

Гэвч өнөөдрийн байдлаар энэ өмчийг Монгол хүн эзэмших, ашиглах, өмчлөх гурван эрхтэй. Энэ гурван эрхээ өнөөдрийн байдлаар монголчууд ашиглаж чадахаа байх хэмжээнд хүрлээ. Нэг үгээр хэлбэл, Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа эрдэс баялагт байдаг юм.

-Газрын дор байгаа ашигт малмтал бол ард иргэдийн өмч. Гэвч өнөөдрийн байдлаар энэ ашигт малтмалынхаа ашиг шимийг хүн бүр хүртэж чадахгүй байна. Монголчуудыг алтан дээрээ суусан гуйлгачид гэж гадныхан дүгнэдэг юм билээ?

-Газрын дор байгаа ашигт малтмал үнэтэй. Үүнийг хэрэглэхгүй байна. Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын кодаксийг бүх оронд хэрэглэж байна. Үүнийг Монголчууд хэрэгжүүлэх ёстой. 1994 онд хийсэн миний хуулинд Монголын баялагийг эзэмших, өмчлөх эрх байхгүй байсан. Ашиглах бол тусгай зөвшөөрөл гэдэг хууль бишээ, ашиглах эрх олгосон. Зөвшөөрөл болохоос хууль биш. Гэвч өнөөдөр үүнийг давуулаад эзэмших эрхтэйгээр гадны компаниуд ажиллаж байна.

Өнөөдөр гадны компаниуд Монголд эзэмшигчийн эрх авчихсан, тэр бүү хэл гэрээ хийхдээ эзэшигчийн нэр, эрхийн өмнөөс гэрээ хийж байна. Өөрөөр хэлбэл, манай томоохон орд газруудыг хувааж авах гэрээ хийгээд сууж байна.

-Монголчууд тэгээд эх нутагтаа эзэн сууж чадахгүй юм?

-Ер нь хүний нутагт олны дунд явахдаа Монгол хүн анхаарах ёстой. Миний эх орон диваажингийн орон гэж бодох хэрэгтэй. Бид дуртай газраа хоноглож, хоолоо хийх эрхтэй. Ийм сайхан эх орон ертөнцөд байхгүй шүү. Дэлхийн бүх улс орон газар нутгаа хувьчилсан байхад манайд өнөөдөр газар нутаг нийтийн өмч, хүн дуртай газраа хоно, яв дуртай газраа явах ёстой. Харийн нутагт явж байхдаа өөрийн минь эх орон ард минь байгаа шүү гэж үргэлж бодож явах хэрэгтэй. Газар нутгаа үр хүүхэддээ ч өвлүүлэх эрхтэй. Газар нутагтаа эзэн бай. Эх нутаг газрын баялагтаа Монгол хүн хоёр гурван үедээ биш 20-30 үеэрээ эзэн болж, газрын баялаг Монголын ард түмний, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын баталгаа гэдгийг хатуу ойлгох цаг. Чингис хаан Монголын газар нутагт хаяа нийлвэл багт, хошуу нийлвэл хувааж ид гэсэн сургааль бий.

-Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн болон Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн зүгээс Оюутолгойн гэрээг Монголын ард түмэнд ашигтайгаар шийдэж чадахгүй бол УИХ тарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Шинэ УИХ ч энэ асуудлаар Монголын ард иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахгүй бол тарах ёстой. Оюутолгой хөрөнгө оруулалттай холбоотой зургаан компанийн гэрээг цуцлах боломж байгаа юу?

-Оюутолгой гэрээний асуудлаар ярихад заалт болгон дээр заалтанд орсон ойлголт болгонд Монголын Уламжлалт монгол хэлний ухагдахуун бишээ. Өөр өөрсдийн ойлголт тайлбарлалтаар явж ирсэн. Оюутолгойн гэрээ болохгүй гэдгийг үгийг 2003 онд “Айвенхоу майнз” гэдэг компани ашиглаж байх үед би үгээ хэлсэн. Төрийн ордны хойд талын цэцэрлэгт хүрээлэнд МҮОНРТ-д хэрвээ энэ гэрээгээр Монгол Улс тохиролцох юм бол БНМАУ биш “Айвенхоу майнз”-ын Монгол Улс болох юм байна шүү гэж хэлсэн. Тийм учраас энэ гэрээг хийж болохгүй ээ гэж хэлсэн. 2009 онд Монголын ард түмэн бүгдээрээ Засгийн газрын гишүүд нь энэ гэрээг баталъя гэсэн. Харин одоо гэрээг цуцлах бүрэн боломжтой. Цуцлахгүй юмаа гэхэд сайжруулах бүрэн боломж бий шүү. Гэрээгээ сайжруулах талаар эхлээд ярих хэрэгтэй.

-Оюутолгой ордын нөөцийг хэзээ тогтоосон юм бэ. Нөөц тогтоосон үеэс ашиглах боломж байгаагүй юу, өөр асуудал байсан уу?

-Оюутолгойн ордын нөөцийг баримжаалж хэлбэл, 40 гаруй ширхэг Бороогийн орд, мөн тооны Бороогийн алтны үйлдвэр, найман Эрдэнэттэй тэнцэнэ.  Агуулга бүгд асар өндөр. Дээр нь Оюутолгойн ордын баяжмал дотор зэс, мөнгө, алт, молибден нь үндсэн дөрвөн элемент нь юм.

Түүнээс гадна цагаан тугалга, вольфрам, цайр, хар тугалга агуулагдсан баяжмалыг гаргадаг. Эдгээрийг яаж хянах төрийн тогтолцоо, нэгдсэн систем ойлголт гэж байхгүй. Тараагаад хаячихсан. Яаж гадны байгууллага хулгай хийж болдог юм бэ гэдэг нь технологитой.

Бусад ашигт малмталын үнэ цэнийг хэн авдаг юм бэ. Оюутолгой юу, Засгийн газрын гишүүд уу, Оюутолгойн ТУЗ-д сууж байгаа дөрвөн монгол хүн авдаг юмуу бүү мэд. Дэргэд нь суугаа би мэдэхгүй байхад монголын ард түмэн яаж мэдэх юм бэ.

-Тухайн 2009 онд Оюутолгойн гэрээ Монголын талд ашиггүй гэдгийг эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс хэлж байсан ч тусыг эс олжээ гэж ойлгож болох уу?

-Үйлдвэр аж ахуйн газартай улс орон ийм гэрээ байгуулж хэрхэвч болдоггүй гэдгийг 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл хэлсээр, ярьсаар явна. Ойлгомжгүй гэрээ гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Мэргэжлийн улсуудаасаа төр засаг үгийг нь авч эрдэмтдийнхээ үгийг төрийн бодлого болгоосой гэж би 40 гаруй жил бурж байна. Би залхахгүй, цаашдаа ч ярина. Нэг ч удаа үгэнд орж, зөв сэтгэж яваа хүн алга.

-Оюутолгой гэрээнд бүтээгдэхүүн хуваалцах гэсэн заалтыг оруулж болохгүй юм болов уу. Гаднаас хөрөнгө оруулалт нь орж ирнэ. Дараа нь эцсийн бүтээгдэхүүнээ тал талаар нь хуваая гэсэн гэрээ заалт байж болохгүй гэж. Монголд заавал ашиг нь үлддэг байгаасай гэж бодох юм?

-Рио тинто өгөхгүй ээ. 34 хувийн хөрөнгө оруулалтын өрийг Монгол хариуцна. Гарч байгаа өдрийн урсгал зардлыг Монгол хариуцдаг. Бүтээгдэхүүнийг нь авах болохоор байхгүй. Ийм л гэрээг төр засгийн удирдлагууд хийж баталсан шүү. Үүнийг л бид эсэргүүцэж үгээ хэлж байгаа юм.

-Оюутолгойд ажиллаж байгаа монголчуудын хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал их хөндөгдөж яригдах боллоо?

-Өнөөдөр Оюутолгой ажилчид засварын цехээ газар дор нүх ухчихаад ажиллуулж байна. Хэдэн мянган ажилтан уурхайд дарагдаж, үхэж үрэгдвэл хэн амийг нь хариуцах вэ. Яагаад засврын цехийг нь төр засаг болон Рио тинтогийнхан аюулгүй хийж болдоггүй юм бэ. Үнэнхүү басамжилсан үнэн чадваргүй мэдлэг чадваргүй байлгах сонирхолтой. Монголын баялагийг ашиглачихаад эргээд басамжилж байгаа юм. Тиймээс эх орноо хамгаалахын тулд залуус өөрсдийнхөө мэргэжил боловсролыг өндөр байлга. Ахмадуудтайгаа эргэж харьц, холбоотой бай.

-Ганц Оюутолгой гэлтгүй Монгол Улс уул уурхайн лицензүүдэд нэрвэгдсэн байдалтай байна. Нөгөөтэйгүүр уул уурхайн ашигт малтмалын нөөцийг хэр бодитой үнэлж гаргадаг юм бол?

-Ашигт малтмалын нөөцийн ордыг ил тод хэлдэггүй юм. Оюутолгой шиг нөөцтэй орд дэлхийд байхгүй. Оюутолгой энэ ертөнцөд номер нэг орд. Ганцхан зэс, алт, мөнгө, молебдинтэй орд бишээ, цагаан тугалга, цайр, хар тугалгатай орд юм шүү.

-Таны хувьд Оюутолгойн ордын судалгааг хэдэн онд хийсэн гэдэг билээ?

-Оюутолгойн ордын судалгааг миний бие 1963 онд сургууль төгсөж ирээд хийсэн. Монголын ашигт малтмалуудын мэдээллийг авсан. Тухайн үеийн ЗХУ-ын геологичдын мэдээлэл шүү дээ. Бүгдийг нь судалсан. Тэр үед том орд газар Монголд нээгээгүй байсан.

О.Сайхан 

Үйлдвэр аж ахуйн газартай улс орон ийм гэрээ байгуулж хэрхэвч болдоггүй гэдгийг 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл хэлсээр, ярьсаар явна. Ойлгомжгүй гэрээ гэдгийг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Мэргэжлийн улсуудаасаа төр засаг үгийг нь авч эрдэмтдийнхээ үгийг төрийн бодлого болгоосой гэж би 40 гаруй жил бурж байна. Би залхахгүй, цаашдаа ч ярина. Нэг ч удаа үгэнд орж, зөв сэтгэж яваа хүн алга.
Эдийн засаг

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.