| | USD/MNT 0₮

Айл өрхүүдэд угаараас урьдчилан сэргийлэх дохиоллыг өгнө гэв

 

Нийслэлийн онцгой комисс "Тавантолгой түлш" компанийн байранд ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.

Тэрбээр “Сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой зарим эрсдэлийг бууруулах зорилгоор тодорхой ажлуудыг Засгийн газар болон холбогдох яамдтай ярилцаж шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Тухайлбал, цаашдаа дахиж эрсдэл үүсгэхгүй байх үүднээс агаарын чанарыг сайжруулах, хоёр гуравдугаар бүсэд амьдарч байгаа айл өрхүүдэд угаараас урьдчилан сэргийлэх дохиолол өгдөг мэдрэгч бүхий төхөөрөмжөөр хангана.

Энэ асуудлыг Засгийн газрын маргаашийн хуралдаанд оруулж хэлэлцэн шийдвэрлүүлнэ. Хоёрдугаарт, түлшний үйлдвэрлэлийн процесст ямар нэгэн эрсдэл гаргахгүй байх үүднээс “Тавантолгой түлш” компанийг онцгой обьект болгож хамгаалалтад авах саналыг Засгийн газраар хэлэлцүүлнэ” гэлээ.

Мөн түүнчлэн албаныхны хэлснээр “Дотоодын лабораториас гадна гадаадад шинжлүүлэх шийдвэр гарсан. Тиймээс Хятад ОХУ болон Япон улсад дээжийг хүргүүлэхээр ажиллаж байна.

Шинжилгээний хариунд эргэлзэж байгаа иргэдийн хариуг гадаадын шинжилгээний хариутай хамт тайлагнана. 

Засгийн газрын удирдлагууд шахмал түлшний зөв хэрэглээний зөвлөмж зөвлөгөө сурталчилгааг айл өрхүүдэд биечлэн хүргэ гэсэн үүрэг даалгавар өгчээ. Тиймээс өчигдрөөс эхлэн Хан-Уул, Баянзүрх, СХД-т амьдардаг айлуудад заавар зөвлөмжийг цаг алдалгүй хүргэж эхэлжээ.

 

НМХГ:Дөрвөн иргэн нас барж, найман иргэн эмнэлэгт хэвтэж байна

Хуралдаанаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 43 хорооноос угаарын хийд хордсон гэх 122 иргэний дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Өрхөөр нь авч үзвэл 61, угаарт өртсөн иргэдийн тоо 122 байна. Үүнээс эмнэлэгт хандаж зөвлөгөө авч гарсан 58, эмчилгээ хийлгэсэн 39, хэвтэн эмчлүүлж буй 8, гэртээ нас барсан хүний тоо дөрөв байна. Нэг иргэний биеийн байдал хүнд байна. 

Цаашдаа ямар арга хэмжээ авах бэ. Химийн үзүүлэлтийн шинжилгээний хариу гараагүй байгаа. Гарахыг нь хүлээнэ. Цагдаа болон онцгойтай хамтран шахмал түлшний үйлдвэр дээр технологийн бүтэц найрлага дээр нь хяналт тавин ажиллаж байна” гэв.

 

О.Гал 

  Нийслэлийн онцгой комисс "Тавантолгой түлш" компанийн байранд ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.