| | USD/MNT 0₮

Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн дэд бүтцийг Улсын комисс хүлээн авлаа

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр зам, автозам, 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг улсын комисс хүлээн авах арга хэмжээ боллоо.

БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2023 онд энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар болсон. Монгол Улсын  Засгийн  газар үйлдвэрийн гаднах дэд бүтцийг  байгуулах үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж ашиглалтад орууллаа.

Хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны бусад хүн оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “БНЭУ-ын Засгийн газар хөрөнгө оруулалт хийснээр Монголын төрөөс сүүлийн хориод жил зорьж буй газрын тосоо дотооддоо боловсруулж, түлш шатахууны хэрэгцээгээ хангах зорилтыг бодитой ажил хэрэг болгох боломжийг бүрдүүллээ.

Төмөр зам, авто зам,цахилгаан дамжуулах агаарын шугамаа татаж дууслаа. Энэ бол төрийн болон мэргэжлийн байгууллагуудын өндөр зохион байгуулалттай ажилласны үр дүн. Дотоод нөөц бололцоогоо дайчилж, бүтээн байгуулалтаа гүйцээж хийхийн нотолгоо болж байна. Монгол, Энэтхэгийн зорьж буй энэхүү хамтын бүтээн байгуулалт нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. БНЭУ-ын Засгийн газар, ард түмэнд талархал илэрхийлье” гэлээ.

Тус үйлдвэр нь Энэтхэгийн Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа бөгөөд өнгөрсөн сард Ерөнхийлөгч Х.Баттулгыг Энэтхэг улсад айлчлах үеэр 236 сая ам.доллар нэмж олгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ.

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.