| | USD/MNT 0₮

ӨВ СОЁЛ: Сар шинийн баярын ууц өвчүү тавих ёсон

Ууц чанах

Урьдаар асуух нурууны хамар ясны хоёр талыг дагасан бүлхийг хөндлөн тасалж чанавал ууц татаж хотойдоггүй. Мөн сүүлийн үед нугасны нүхээр бүдүүн төмөр утас сүвлэж чанах болжээ. Том ууцыг тогоонд чанахад багтахгүй, чаналтыг сайн тааруулахгүй бол шалз чанагдах, тогоонд хүрсэн хэсэг нь хайрагдах зэрэг бэрхшээл гардаг. Иймд бүрхээг буюу модон торхоор чанах арга бий. Ингэхдээ тогоондоо бараг дүүртэл ус хийгээд бүрхээрээ тавина. Тэгээд ууцаа усанд лавхан дүрээд харцага нуруу талаар нь бүрхээрийн аманд дүүжлэн бэхэлж битүү чанана. Ингэхэд жигнэх чанах хосолж, хайрагдах хавчигдах бэрхшээлгүй болно. Чаналтыг 30 минут орчим үргэлжлүүлэхэд жигд сайхан болно. Чанасан маханд наалдсан нитгэл үс хялгас зэргийг хусаж түүж цэвэрлэхэд тийм ч амаргүй. Иймд шингэвтэр зуурсан гурил дээгүүр өнхрүүлж наалдуулж авах нь хамгийн хялбар арга юм.

Ууц тавих ёс

Монголчуудын бүхэл махан зоогийг зум, их бүхэл, бага бүхэл хэмээн гурав хувааж болно. Орчин үед Монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.

Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хүзүү, сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мөчнүүдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан, дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн үзүүр, босоо ясны газар руу хандсан талыг хэлж байгаа юм.

Ууц хөндөх ёсон

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггүй. Ерөөс ганц мах хүнд өгдөггүй. Иймээс ууцан дээр дөрвөн өндөр хавиргыг зүсэж, өөд өөдөөс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал /хүзүү тавьж болно/ нөгөө талд нь сээр, хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.

Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин үүн дээр хамар, чихний дээд угийг шар тосоор чимсэн битүү толгойг нэг шийрийн хамтаар  нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хүнд өгөх ёсны дагуу тавих бөгөөд ууцныхаа зүүн гар талд нь толгойг, нөгөө талд нь шийрийг тавина. Ийнхүү тавьсан ууц бүтэн шүүсийг орлодог бөгөөд дээдлэн үзсэн онцгой хүндэтгэл бүхий зочиндоо зориулна. Дэд хүндэтгэлд өвчүү орох боловч тэр болгон хүнд тавьдаггүй. Хэрвээ хүндэтгэвэл зохих эмэгтэй хүн ирвэл өвчүүгээр дайлах ёстой. Өвчүүг дагуулж цорой гургалдай, бугалга, богтос зэргийг тавьдаг уламжлалтай.

Их идээг засахдаа ул боовыг тав, долоо, есөн үеэр өрнө. Сондгой тоогоор өрдөгийн учир нь жаргалаар эхлээд жаргалаар төгсөх учиртайг бэлгэдэж байгаа. Хаан төрийн их ёслол, хурим найрын тавгийн идээг есөн үеэр засдаг байжээ. Иймээс шинийн нэгний тавгийг айл болгон есөн үеэр өрөхийг цээрлэдэг. Учир нь есөн үеэр тавшийн боовоо өрсөн хүнийг өөрийгөө өргөмжилж тэнгэрт тэрслэв гэж үздэг байна. Харин долоон үеэр нэгэн ургийн хамгийн өндөр настай ахмад нь өрдөг. Есийн тоо тэнгэрийн утгыг илэрхийлдэг бол долоогийн тоо нь газрын товчоог илтгэдэг аж. Иймд өвөг нь долоо, эцгийнх нь тав, хүүгийнх нь гурван үеэр их идээний боов өрөх эрэмбэ дараатай байдаг.

Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Мах шүүсэн зоогийг ёс ёслолын эрэмбээр нь зум, их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж дөрөв ангилна. Сүүлийн гурвыг нийтэд нь гурван бүхэл гэх нь бий. Монголчуудын эрхэм хүндэт зоог шүүсний дотор хонин зум бол эрт дээр цагаас тэнгэр газрын тайлга тахилга, төр ёсны их найранд хэрэглэж ирсэн байна. Зум гэдэг нь бидний одоогийн нэрлэж заншсанаар боодог юм. Харин бүхэл гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү, толгой, дал дөрвөн өндөр, богино хавирга, шилт сээр зэргийг багтаасан ууц юм.

Сар шинийн идээ будааг хэзээ, хэрхэн хураадаг вэ

Шинийн дөрөвний өдөр сар шинэ хуучирсанд тооцож идээ шүүсээ хураадаг. Ингэхдээ идээг багасгаж засдаг. Мөн хэсэглэдэг бөгөөд хэрэв тухайн өрхөөс хол газар явсан хүн байвал түүнд хувь тавьдаг уламжлалтай. Ингэхдээ бууз банш, хэвийн боов, чихэр жимс гээд тавгийн идээ будаанд орсон бүхий л зүйлсээс авдаг. Мөн сархад болон ундааны зүйлсээс ч хувь хүртээдэг байна.

Урьдаар асуух нурууны хамар ясны хоёр талыг дагасан бүлхийг хөндлөн тасалж чанавал ууц татаж хотойдоггүй. Мөн сүүлийн үед нугасны нүхээр бүдүүн төмөр утас сүвлэж чанах болжээ. Том ууцыг тогоонд чанахад багтахгүй, чаналтыг сайн тааруулахгүй бол шалз чанагдах, тогоонд хүрсэн хэсэг нь хайрагдах зэрэг бэрхшээл гардаг. Иймд бүрхээг буюу модон торхоор чанах арга бий. Ингэхдээ тогоондоо бараг дүүртэл ус хийгээд бүрхээрээ тавина. Тэгээд ууцаа усанд лавхан дүрээд харцага нуруу талаар нь бүрхээрийн аманд дүүжлэн бэхэлж битүү чанана. Ингэхэд жигнэх чанах хосолж, хайрагдах хавчигдах бэрхшээлгүй болно. Чаналтыг 30 минут орчим үргэлжлүүлэхэд жигд сайхан болно. Чанасан маханд наалдсан нитгэл үс хялгас зэргийг хусаж түүж цэвэрлэхэд тийм ч амаргүй. Иймд шингэвтэр зуурсан гурил дээгүүр өнхрүүлж наалдуулж авах нь хамгийн хялбар арга юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.