| | USD/MNT 0₮

ӨВ СОЁЛ: БИТҮҮЛЭХ ЁСОН

Битүүлэх ёсны учир

Монголчууд бид өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлж ёсолдог заншилтай. Энэ нь саран үл үзэгдэх битүү харанхуй байдаг учраас эл үзэгдлийг “Лавай” хэмээн нэрийддэг. Битүүний өдрийг тусгай зан үйлээр үддэг ёстой. Битүүний өдрийн өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин гэр орныхоо тоос шороог гөвж, эмэгтэйчүүд идээ цагаалгаа бэлдэн эрчүүд хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засдаг.

Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан цулуу тавьж сахиуснуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж, муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

“Битүүлэг”, “Битүүлэх ёс”, “Битүү хоол” идэх зан заншил нь голдуу мах шүүсэн идээ, бууз, банш, хуушуурыг хэлнэ.

Аав, ээж, ах, дүү, хөвгүүд болон бэргэд дараалан сууцгааж бүгд товч бүсээ бүрэн товчилж, малгайгаа өмсөн ёслох ёстой. Ийнхүү гэрийн эзэн намрын нөөцөлсөн айргаа шимэн ууж, нас эрэмбийн дагуу үр хүүхэддээ амсуулдаг.

Битүүний оройн наадам цэнгээн

Битүүлгийн идээ будаанаас цадтал идсэний дараа шөнө дөл өнгөртөл олно төрлийн тоглоомоор нааддаг. Тоглоом наадмын дундаас шагалцах (шагайлдах, шагай өлгөлцөх)-ыг “эрхэм дээд, бэлгэ дэмбэрэлтэй” тоглоом гэж үздэг учраас битүүлгийн дараа томчуул шагалцаж, багачууд морь уралдуудаг байв. Мөн үлгэр туульс ярих, шагайгаар морь, тэмээ, даага уралдуулах, дөрвөн бэрх орхих, тэмээ цохих, буга нүүх, хорол зэндмэнэ эвлүүлэх болон алаг мэлхий өрж тоглодог байжээ.

Одоогоор алаг мэлхий өрж тоглох заншил зарим газар өвлөгдсөн үлдсэн бөгөөд Алаг мэлхий өрөх гэж буй хүүхдүүд шоо орхиж, нүхнийх нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар эрхтэн бүрийг дараалалтайгаар өрдөг. Тухайлбал, мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэх мэтчилэн өрдөг. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад Шинийн нэгэнд буцаан авч тоглодог уламжлалтай.

Битүүний өдөр цээрлэх зан үйл

  1. Битүүн бол жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ хэмээн цээрлэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө гэдэг бол гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг гэж үздэг.
  2. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдоно гэдэг ба харин ч цадтал нь хооллох хэрэгтэй.
  3. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана.
  4. Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг.
  5. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд өлсөхийн ёр хэмээдэг тул хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ.
  6. Гэр орондоо хэл ам, хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чангар бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр, улс орон амар тайван бус байх бөлгөө.
Монголчууд бид өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлж ёсолдог заншилтай. Энэ нь саран үл үзэгдэх битүү харанхуй байдаг учраас эл үзэгдлийг “Лавай” хэмээн нэрийддэг. Битүүний өдрийг тусгай зан үйлээр үддэг ёстой. Битүүний өдрийн өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин гэр орныхоо тоос шороог гөвж, эмэгтэйчүүд идээ цагаалгаа бэлдэн эрчүүд хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засдаг.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.