| | USD/MNT 0₮

НОСК-ИЙНХААН, ХОЁР САР ХҮЛЭЭСЭН 262 АЙЛ ӨРХ ХЭЗЭЭ БАЙРАНДАА ОРОХ ВЭ

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдсан “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцанд орох иргэдийн төлөөлөлд өнгөрсөн аравдугаар сарын 15-нд төв талбай дээр Хотын дарга С.Амарсайхан болон НОСК-ийн удирдлагууд байрны батламж гардуулж, баярын арга хэмжээ зохион байгуулсныг та бүхэн сайн санаж байгаа байх.

Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан тус орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийг өнгөрсөн зун цахимаар бүртгэж, цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35.058 иргэн бүртгүүлснээс 580 айл түрээсийн орон сууцанд хамрагдаж байгаа юм. 

Харин 972 айлын 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдсан байгаа.

Гэтэл өнөөдрийн байдлаар 580 айлын 318 нь байрандаа орсон бол 262 айл байрандаа орж чадаагүй хүлээлтийн байдалтай байна. Батлаж гардуулснаас хойш хоёр сар өнгөрлөө. Хөхөө өвлийн хүйтэнтэй золголоо. Айлууд байраа хүлээсээр арга барагдаж байна. Уг нь энэ даваа гарагт байрны түлхүүрийг нь гардуулна гэчихээд дахиад таг чиг болов.

Шинэ байранд орно хэмээн түрээсийн байрнаасаа гарсан айлууд өнөөдөр хамаатан садныхаараа хоног төөрүүлж байна.

Яагаад байранд нь оруулахгүй байна. Ямар шалтгаанаас болж 262 айлыг оруулах ажил хаана гацаад байгааг ч ойлгуулж тайлбарлах, удирдлага албан тушаалтнууд олдохгүй байна.

Байраа хүлээж цөхөрсөн иргэд дам мэдээлэл сонсох нь Улсын комисс хүлээж аваагүй гэх.

НОСК-ийн хэвлэл мэдээллийн албанаас асууж тодруулахад “Улсын комисс хүлээж авахаар ажиллаж байгаа. Удахгүй байрандаа орчихно” гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Харин Улсын комисс хүлээж авах эсэхийг асуухад “Бүх асуудлыг нь НОСК мэдэж байгаа” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Ийнхүү хэн хэн рүүгээ “бухаж” байгаа байр хэзээ ашиглалтад орж, айлууд нүүж орох вэ.

Он удаан жил баригдаад арайхийж ашиглалтад оруулсан байрыг нь яагаад комисс хүлээж авдаггүй юмбэ. Аргаа барсан, хүлээлтийн байдалтай байгаа иргэд яах ёстой вэ.

ТОСК-иос хүлээж авсан ажилдаа НОСК-ийнхан яагаад хариуцлагагүй хандаад байгаа юм бэ. Батламж гардуулж, баярлуулсан нийслэлийн Засаг дарга, НОСК-ийн дарга Б.Сүхбаатар нар ямар нэгэн тайлбар хийхийг шаардаж байна.

Нийслэлийн Засаг дарга нь "Яндангийн тоо бууруулна" гэж ярих атлаа 262 өрх айлыг байранд оруулах ажил нь хойшилсоор хоёр сар боллоо. Эдгээр өрхүүд байр гуйж аваагүй, үнэгүй аваагүй.

Байрандаа орж чадахгүй байгаа иргэн Т нь “НОСК-ийнхон 300 гаруй айлаар шоу хийж байранд оруулаад үлдсэн 262 айлаар тоглочихлоо. Дээр нь нэмээд 300 гаруй айл байранд орно хэмээн газраа байраар солих айлуудын голомтыг самарчих шиг боллоо. Ёстой сэтгэл хуурсан ажил юм. Манайх ам бүл олууллаа. Байранд орно гэж бодоод түрээсийн байрнаасаа гарч, шинэ байрандаа тавилга аваад хураачихсан. Ямар ч мөнгө төгрөггүй болж эдийн засгийн хувьд ч асуудалтай болж эхэллээ” гэсэн юм. 

Гэтэл өнөөдрийн байдлаар 580 айлын 318 нь байрандаа орсон бол 262 айл байрандаа орж чадаагүй хүлээлтийн байдалтай байна. Батлаж гардуулснаас хойш хоёр сар өнгөрлөө. Хөхөө өвлийн хүйтэнтэй золголоо. Айлууд байраа хүлээсээр арга барагдаж байна. Уг нь энэ даваа гарагт байрны түлхүүрийг нь гардуулна гэчихээд дахиад таг чиг болов.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.