| | USD/MNT 0₮

С.Батсүх:Миний сэтгэл рүү дандаа алга ташдаг Монголын ард түмэндээ маш их баярлалаа

Хоёр хоногийн өмнө Завханчууд Ардын жүжигчинтэй болсон. Тодруулбал, МУГЖ С.Батсүх Ардын жүжигчин цол “төрүүлсэн” юм. Завханаас анх удаа тайзны урлагаас Ардын жүжигчин цол авч байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой аж.

Улиастайн театраас дуу нь уянгалахуй

Ууланд согоо айлгүйтэж бугатай үнсэлцдэг

Залгаад бас "Завхан гол"-оо аялахуй

Загас жараахай онгирон тэнгэр өөд үсэрдэг

Морьтын цэнхэр уул нулимсаа унагааж чагнаархадаг

Монголын элсний гүрвэл хүртэл алга ташиж түнхэлцдэг

Урт долгиноор өдөржин дуу нь жигүүрлэж

Уул шиг том эр болсон доо гэж дуулсаар

Улсын гавьяат жүжигчин болсон С.Батсүх гавьяат маань орчлонг аргадаж, олныгоо баясгаж дуулсаар өчигдөр ийнхүү Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Ингээд түүний баярын сэтгэгдлийг нь хуваалцаж ярилцлаа.

 

-Ардын жүжигчин цолоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе.

-Баярлалаа. Маш их баярлалаа.  Миний энэ баяр дээр урлагийнхан их ирсэн байна. Сайхан байна. Үнэхээр гайхамшигтай байлаа.

Миний гурван бадаг дуун дотор азжаргал, амжилт минь байсан байна.

-Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгах болсон баярт мэдээг хэзээ сонссон бэ?

-Шагнал гардуулахаас хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж хэлсэн.

-Таны хувьд урлагт 30 гаруй жил зүтгэжээ. МУГЖ цолыг хэдэн онд хүртсэн билээ?

-Тийм. Завхан аймгийн Алдархаан сумаасаа урлагийн замаа эхэлж байсан. 1983 онд Завхан аймгийнхаа Хөгжим бүжигт дуучнаар ороод 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаасаа гавьяат жүжигчин цолыг авч байсан бол өнөөдөр Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулгаас авлаа. Миний азжаргал хамгийн сайхан бүхэн эргэн санагдсан. Сэтгэл маш их хөдөлсөн ийм сайхан цаг үе байна.

Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Миний сэтгэл рүү дандаа алга ташдаг учраас дуулахаас өөр арга байхгүй.

Монголчуудтайгаа олон жил сайхан дуу хуураараа учирч уулзаж байхын тулд эрүүл саруул байх ёстой юм байна. Жингээ хасах ёстой юм байна. Урт наслах ёстой юм байна.

-Төрийн энэ хүндтэй тэмдгийг энгэр дээрээ зүүх мэдрэмж ямар байсан бэ, танд?

-Төрийн энэ жижигхэн тэмдгийг аваад зүүх дээр нэг тийм огшмоор мэдрэмж төрлөө. Анх гавьяат жүжигчин цол тэмдгийг авахад 100 сая төгрөг аваад дампуурсан юм шиг тэгж сэтгэлзүйгээрээ, хамаг биеийн булчин ажиллаад эхэлсэн юм шиг мэдрэмж төрж байсан. Өнөөдөр бас дахиад энэ том шагналыг авч олон түмэндээ, дуунд хайртай монголчууддаа өртөй боллоо гэж бодож байгаа шүү. Тийм болохоор миний дуунуудыг сонсдог хүн болгонд баярлалаа. Азжаргал хүсье.

-Миний гурван бадаг дуунд амьдралын бүх сайхан зүйл багтсан байна гэлээ?

-Сайн хүний хэлсэн ганцхан сайхан үг амьдралыг нь өөрчилдөг. Би Завхан аймгийн Хөгжимт жүжгийн теартр орсон байх үед Хөдөлмөрийн баатар Намхайнямбуу сонин дээр ярилцлага өгсөн байсан. Тэрбээр “Москва Леннинград хоёр чинь миний хотонд байсан юм байна шдээ” гэж ярьсан байсан. Тэрнээс хойш би Завханы театртаа байдаг юмуу, эсвэл барилгад ч байдаг юм билүү үр шимийг нь үзээд дэлхийн өнцөг булан бүрт явсан бол хүний амьдралын хамгийн сайхан хайр сэтгэл, эд баялаг гээд юу л байдаг юм бүгд миний энэ дууны гурван бадагт  байжээ гэж хэлмээр байна. Монголын ард түмэн хоолныхоо оронд дуугаа дуулж, урлагаа хэрэглэж сэтгэлийн вирусээ арилгаж байдаг юм шүү.

-Хэдэн жилийн өмнө та Төв талбай дээр мянган морин хуурч хүүхдүүдийг суулгаад хуурын аялгуунд Дорнын намуун Отгонтэнгэр, Завхан голоо дуулж байсан. Төрийн ордноос Ардын жүжигчин цол тэмдгээ зүүгээд төв талбай дээрээ гараад ирэхэд нутгийнхан тань мөн уран бүтээлчид, ар гэрийнхэн нь баяр хөөр дүүрэн угтаж авсан. Тэр дунд Завханы Засаг дарга Д.Батсайхан танд авшиг шингэсэн морин хуур бэлэглэсэн?

-Маш их баярласан. Гайхамшигтай санагдсан.

-Олон түмний зүгээс Ардын жүжигчин цолыг нүдээ олсон шагнал гэж үзэж байна. Орчлонг аргадаж, олныгоо баясгаж дуулж явсны шагнал байх?

-Тийм. Маш их баярлаж, бахархаж байна. Миний хувьд ухаарлын сэдэвтэй нийгэм рүү хандсан дуу хийдэг. Хүн хоорондоо чин сэтгэлээ уудалж ярилцах ёстой. Байгаль дэлхийтэйгээ ойрхон харьцах, өөрийнхөө мөн чанарыг бие биедээ ярихаа байсан энэ цаг үед “Орчлонг хайрлаарай” дуу маань цаг үеэ олсон. Ард түмэн хит болгосон шүү.

-Таны уран бүтээлийг сонсохоор чин сэтгэл, үнэн үг, үйлдэл нэвт үнэртдэг. Ямарваа нэг зүйлийг гоёчилж гоё хэлэхээс илүүтэй үнэн сэтгэлийг та харуулж, мэдрүүлж чаддаг болохоор Монголын ард түмэн таныг урлагийн тайзан дээр гараад ирэхээр нижгэнэсэн алга ташдаг?

-Би ямарваа нэг юмыг гоёчилж ярих дургүй. Болж өгвөл байгаагаар нь ярих дуртай. Үзэгчид яагаад надад алга ташаад байдаг вэ гэхээр миний амнаас гарч байгаа үг, хий болгон үнэн байдаг. Ийм болохоор хүмүүс миний тоглолтыг үзэх гэж мөн сонсох дуртай байдаг юм болов уу.

-Уран бүтээлч хүний гаргасан амжилт болгон ар гэрийнхэнтэй нь салшгүй холбоотой байдаг. Гэр бүлийнхээ тухайд гэвэл?

-Намайг МУГЖ болгосон хүн бол миний хоёр хүүгийн ээж. Харин өнөөдрийн нийтийн дууны зах зээл дээр өдий зэрэгтэй аваад явж, өнөөдрийн энэ амжилтыг бүтээлцсэн хүн бол надтай хамт амьдарч байгаа С.Рэнчинпагма байна. Энэ хүмүүсийн хүчинд өдий зэрэгтэй явна. Миний хань Рэнчинпагмын хувьд миний бүх зүйлийг хийнэ. Гэртээ бол тогооч, гараад явахаар машины жолооч, тоглолт дээр менежер, мөн хань хамгаалалтаа хийгээд явчихдаг. Энэ хүний хүчинд сэтгэл амар явдаг. Ханийнхаа хүчинд өдий зэрэгтэй явна.

-Сүүлийн үеийн уран бүтээл юу байна вэ?

-Сүүлд хийсэн уран бүтээл гэвэл шүлгийг С.Батгүр, аяыг нь Аранзаа буюу Бат-Эрдэнэ хийсэн “Хотын хүүхнүүд” гэсэн нэртэй их донжтой дуу хийсэн байгаа.

-Танд уран бүтээлийн олз омог сайн сайхан бүхнийг хүсье?

-За баярлалаа. Ирж буй цагаагчин үхэр жилдээ Миний монголын ард түмэн элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.

О.Сайхан 

Завхан аймгийн Алдархаан сумаасаа урлагийн замаа эхэлж байсан. 1983 онд Завхан аймгийнхаа Хөгжим бүжигт дуучнаар ороод 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаасаа гавьяат жүжигчин цолыг авч байсан бол өнөөдөр Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулгаас авлаа. Миний азжаргал хамгийн сайхан бүхэн эргэн санагдсан. Сэтгэл маш их хөдөлсөн ийм сайхан цаг үе байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.