| | USD/MNT 0₮

Р.Батсүх: Төмөр замын бүтээн байгуулалтын тусган гүйцэтгэгч компаниудын санхүүжилтийг олгосон

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүхээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явц ямар байгаа вэ?

-Төмөр замын төслийн ажил нь дээд, доод бүтэц гэсэн 2 үндсэн хэсэгт хуваагддаг. Төслийн хүрээнд дэд бүтцийн 10 ажил зэрэг явагдаж байгаа. Үүнээс газар шорооны ажил 100 хувь дууссан. Ус өнгөрүүлэх хоолойны ажил 100 хувь дууссан. Гүүрийн ажил 85 хувьтай байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил 80 хувьтай, 6 зөрлөгийн барилгын ажил 100 хувь дуусаж ашиглалтад ороод улсын комисст хүлээлгэж өгсөн. Шилэн кабелийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй. Дээд бүтцийн ажил ид явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 416.1 км төмөр замын дээд бүтэц угсрах ажил 350 орчим км дээд бүтцийг угсраад дуусаж байна. Үүний ар дээр нарийн балласжуулах, чигжих ажлын бэлтгэл хангасан байгаа.

-Төмөр зам 4, 5 сардаа ашиглалтад орно гэсэн үг үү?

-Одоогоор нийт төслийн гүйцэтгэл 73 хувьтай байна.

-Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тавантолгой-Зүүнбаян төмөр замын төсөл дээр ажиллаж байгаа ажилчдын цалинг өгөхгүй 6, 7 сарын цалин өгөөгүй гэдэг асуудал яригдлаа. Энэ талаар тодруулаач?

-Би албан томилолтоор ажиллаж байгаад урьд шөнө ирлээ. Миний авсан мэдээллээр бол газар шорооны ажил гүйцэтгэсэн компаниуд өөрсдийн компани дээрээ машин түрээслэсэн цалин хөлсөө өгөөгүй зэрэг асуудал гарсан байна лээ. Тухайн газар шорооны ажлын санхүүжилт 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Манай компаниуд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Төмөр замын ажил 100 хувь дуусаагүй байна, гүйцэтгэлийн баталгаа гэж байх ёстой. Бид Улсын комисст хүлээлгэж өгнө. Тэгж байж бид баталгаажуулалт хийж, эцсийн байдлаар гүйцэтгэлийг олгоно. Газар шорооны ажлыг гүйцэтгэсэн 56 аж ахуйн нэгж байна, бүгд ижил түвшинд гүйцэтгэлээрээ 80 хувийн санхүүжилт авсан байгаа. Гомдол гаргаад гэж буй “Вэлдедлайне Монголиа” ХХК-ийн удирдлагуудтай холбогдсон. Тус компани дээр машинаа түрээслэн ажилласан хүмүүс нь гомдол гаргасан байна. Тэд гүйцэтгэлийн төсвөөсөө түрээсээ өгсөн, хоорондоо учраа ололцсон гэсэн хариу өгсөн байгаа.

-Санхүүжилт 80 хувь олгогдсон, тэгэхээр туслан гүйцэтгэгч компаниудийн дотоод зохион байгуулалттай холбоотой гарсан асуудал гэсэн үг үү?

-Тухайн компани машин түрээсэлж авсан эсэхийг бид мэдэхгүй. Биднээс 80 хувийн гүйцэтгэлээ авсан, түүгээрээ цалин хөлс, түрээсийн төлбөрөө хийх ёстой, үүнийгээ зарим нэг компаниуд дутуу өгсөнөөс үүдсэн байх. Ер нь бол төслийн нийт санхүүжилт дээр хугацаа хоцрох, хүлээгдэж буй гүйцэтгэлийн хэмжээнд хүрээгүй зарим дүн бол бий.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүхээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.