| | USD/MNT 0₮
Зүүнбаянгийн Төмөр замын далан дээр ажилласан иргэд цалингаа авч чадахгүй байгаа талаар өнөөдөр Төв талбай дээр мэдээлэл хийж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Тэдний хувьд өнгөрсөн гуравдугаар сараас хойш ажилласан бөгөөд өнөөдрийг хүртэл цалингаа авч чадахгүй хүнд нөхцөл байдалтай байна гэдгээ хэллээ.
-Хэзээнээс эхэлж ажиллаад цалингаа авч чадахгүй байдалд хүрсэн бэ?
-Зүүнбаянгийн Төмөр зам дээр өнгөрсөн оны гуравдугаар сараас эхэлж далангийн ажилд гар бие оролцсон. Хоёр ээлжээр 24 цагаар ажил гүйцэтгэсэн. Өөрсдийн хувийн машин машинаар ажил гүйцэтгэсэн. Сарын 13 сая гаруй төгрөгийн гэрээтэйгээр ажилласан. Тухайн үед цалинг цувуулан өгч байсан. Бид мөнгө хэрэгтэй байна гэхээр 2-3 сая эсвэл 5 сая төгрөг өгч байсан.
Гэвч энэ ковидтой цаг үед бид нарын цалинг өгөхгүй байгаа шалтгаан нь Засгийн газарт байна уу, Төмөр замд байна уу, Зэвсэгт хүчин жанжин штабад байна сайн мэдэхгүй байна. Компани дээрээ очиж цалингаа асуухаар “Улсаас мөнгө өгөхгүй байна” гэсэн шалтгаан хэлдэг. Арга барагдсан бид эцсийн бүлэгт олон нийтэд хандаж мэдээлэл өгч байна.
-Өөрөө яг ямар компанид ажилласан бэ?
-Миний ажил гүйцэтгэсэн компани Жанжин штабын дэргэдэх “Торгон оргой” гэж компани байгаа. Компанийн захирал “Засгийн газраас мөнгө орж ирвэл өгнө. Ямар ч байсан өгнө. Холбогдох бичиг баримтаа холбогдох газруудад хүргүүлсэн” гэж хэлдэг.
-Цалингаа авахгүй удсан байна. Энэ хугацаанд хүндрэлтэй зүйлүүд их тохиолдсон байх?
-Энэ цаг үед хэцүү байна. Ихэнх жолооч нар хөдөө явсан байна. Энэ хүнд цаг үед бид нар хийсэн ажлынхаа хөлсийг авах л гэж бодож байна. Түүнээс бид нар хулгай хийж худал хэлээгүй. Ажил гүйцэтгэсэн нь үнэн шүү дээ. Нойртой нойргүй, хоолтой хоолгүй ажилласан.
Мөн төмөр замын бүтээн байгуулалтад хувийн машинаараа ажил гүйцэтгэсэн иргэн “Сүүлийн 2-3 сарынхаа түрээсийг аваагүй. Одоо бараг жил болж байна. Улсаас мөнгө орж ирэхгүй байна гэдэг шалтгаантай. 80 хувийн гүйцэтгэлийг өгсөн хэрнээ 20 хувийг нь өгөөгүй.
Яг аль шатандаа мөнгө нь саатаад байгааг мэдэхгүй байна. Мөнгө нь ороод ирвэл та нарын мөнгийг өгнө гэдэг. Одоогоор мөнгөний асуудалтай 70-80 хүн байна. Энэ хүнд үед улсаас мөнгө төгрөгөө өгөхгүй байгаа нь хэцүү. Ихэнх жолооч зээлтэй байгаа шүү дээ.
Жолооч “Том машинаар ажил гүйцэтгээд хоёр сарын хугацаанд ажил хийж гүйцэтгэсэн. Цалин гэж 25 сая төгрөг авч чадаагүй. Бид нар нэгдээд эхний удаад дуу хоолойгоо нэгтгэн холбогдох удирдлагуудад хүсэлтээ өнөөдөр хүргүүлж байна.
Эдгээр жолооч нар хамгийн багадаа 10 сая төгрөгийн цалин авах ёстой. Туслан гүйцэтгэгч компаниуд хэдэн тэрбум төгрөгийн авлага авах ёстой” гэв.
Иргэд:Төмөр замын далан дээр 3-6 сарын хугацаанд ажилласан цалингаа авч чадахгүй байна