| | USD/MNT 0₮

Тусгаарлалтад байгаа иргэн А:УОК руу дөрвөн удаа холбогдоод ч тодорхой мэдээлэл авч чадаагүй

Улсын онцгой комисс, Шуурхай штаб, ЭМ-ийн яам болон байгууллага, Нийслэлийн онцгой комисс, дүүргийн онцгой комиссын уялдаа холбоогүй байдлаас болж тусгаарлалтад байгаа иргэд болон байраараа тусгаарлагдсан иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар иргэд шүүмжилж эхэллээ. Ямар ч мэдээ мэдээлэлгүйгээс болж иргэд хохироод байна. Тухайлбал, Амгалан амаржих газар халдварын голомт боллоо хэмээн жирэмсэн болон дөнгөж төрсөн эхчүүдийг сандаргаж, бужигнуулсан. Мөн Х апартмент хотхоны 100 гаруй иргэдийг орцоор нь тусгаарлаж олон хоног болж байгаа ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн тоймтой шийдтэй хариу өгөөгүй учраас иргэд нь эсэргүүцэл үзүүлсэн.

Нэг иргэн олон нийтийн сүлжээнд өчигдөр “ХӨСҮТ үнэхээр муу ажиллаж байна. Шинжилгээний хариу гаргах ёстой хугацаа өнгөрөөд байх маш олон хүний хариуг өгөхгүй байна. юун мессеж ирэх, Eruul.gerege.mn сайтдаа ч орохгүй байна. Тэр сайтыг шуурхай мэдээллээр хангах гэж үүсгэсэн биз дээ. Яагаад ингээд сунжраад байдаг юм бэ. Лавлахаас нь асуухаар огт тодорхой юм хэлэхгүй, мэдээлэлгүй, эсвэл илтэд худал мэдээлэл хэлж байна аа. Мэдээллээ илт тод, учир шалтгаантай байлгаачээ. Битгий хүмүүст худал мэдээлэл тарааж ажлаар нь тоглоод бай. Долоо хонуулаад шинжилгээний хариу сөрөг гарсан бол тусгаарлалтаас гаргана гэж А.Амбасэлмаа дарга 11.00 цагийн хурлаар ярьсан. Өнөөдөр 9 хоног боллоо. Одоог хүртэл гаргаагүй. Дээр, дооргүй битгий ийм худлаа мэдээлэл хэлж хүмүүсийн төлөвлөгөө, ажил, хүлээлтээр тоглоод бай. Хүн бүр хувийн амьдралтай, ар гэртэй” гэж бичиж бухимдлаа илэрхийлжээ.

Тэгвэл манай сайтад тусгаарлалтад байгаа нэгэн иргэн хандсан юм. Түүнийг А гэдэг бөгөөд халдвартай нь батлагдсан иргэний ойрын хавьтал болон тусгаарлагдсан байгаа юм.  Ингээд түүнээс дараах тодруулгыг авлаа.

-Таны хувьд хэзээ хаана тусгаарлалтад орсон бэ?

-Нэгдүгээр сарын 24-нд хавьтсан.Тэгээд нэгдүгээр сарын 31-нд тусгаарлагдсан. Тэгэхээр энэ сарын 14-нд  гарсан үг үү. Масктай байсан ч хамаагүй уулзсан л бол хавьтагч гэж үзээд тусгаарладаг юм байна. Гуравдахь шинжилгээгээ хэзээ өгөхөө мэдэхгүй байна. Өнгөрсөн сарын 22-нд хавьтаад 31-нд тусгаарлагдаад хоёрдугаар сарын 14 хүртэл гэхээр бараг 23-24 хоног болчихож байгаа юм. Үүнийг нь бүртгэдэг газар гэж байдаг юм болов уу.

-Хаана тусгаарлагдсан бэ?

-Модны 2-т зочид буудалд өрөөндөө ганцаараа тусгаарлагдсан.

-Зочид буудлын нөхцөл байдал хэр юм байна?

-Дажгүй шүү, хоол унд сайтай юм байна. Өрөө телевизортой болохоор өдөр бүр ЭМЯ-ны 11.00 цагийн мэдээлэл үзнэ. Гэвч нөгөө хэдэн тоо, зөвлөмжөө хэлэхээс тоймтой, тодорхой шийдвэртэй мэдээлэл хийхгүй юм. УОК-ийн ажил болоод эдгээр байгууллагуудын уялдаа холбоо гэж ер алга аа.

-Хэдэн удаа шинжилгээ өгсөн бэ?

-Хоёр удаа шинжилгээ өгсөн. Хоёулаа сөрөг гарсан. Тэгэхээр гайгүй байлгүй дээ гэж бодох юм.

-УОК руу дөрвөн удаа холбогдсон ч дөрвөн өөр хариулт авсан уу. Ямар асуудлаар та холбогдсон бэ?

-ХӨСҮТ-ийн А.Амбасэлмаа эмч 11 цагийн мэдээллээр тусгаарлалтад байгаа ойрын хавьтлын хүмүүсийг 14 хоног биш 7 хонуулаад гаргана гэж ярьсан. Гэвч энэ нь яг хэзээнээс хэрэгжих шийдвэр вэ. Яахаар болсон юм бол гээд холбогдох утас болгон руу залгахаар эсвэл утсаа огт авахгүй. Авч байгаа нь мэдэхгүй гэсэн тайлбар өгнө. Дөрвөн удаа залгаж асуулаа, дөрвөн өөр хариулт хэлэх юм. Арга барагдаад сэтгүүлч нарыг мэдээлэлтэй байх болов уу гээд чамд хандаж байгаа нь энэ юм. Шат шатандаа шийдвэр гаргадаг удирдлагууд байдаг юмуу, хаашаа юм бэ. Нэгдсэн мэдээлэл, ойлголт гэж юу ч байхгүй.  Их сонин санагдаад байна.

-Халдварын нууц үеийг харгалзан үзээд хугацааг сунгах эсэхийг шийднэ гэдэг байсан. Гэхдээ хариу нь сөрөг гарвал 7 хоног тусгаарлаад гэрийн ажиглалтад шилжүүлнэ гэж А.Амбасэлмаа дарга ярьсан шүү. Гэхдээ яг хэзээнээс гэдгийг хэлээгүй юм?

-Тэр хугацааг яаж тооцох юм бол. Хавьтснаас хойш уу, эсвэл тусгаарласнаас хойш юм болов уу. Ямар ч мэдээлэл байдаггүй. Ядаж байхад тусгаарлахдаа тоймтой тодорхой хариу өгдөг баймаар юмаа. УОК болон ЭМЯ-ны холбогдох албаныхны учрыг нь ойлгохгүй юм.

-Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар бол хавьтал болсон хүн бүр өвчилж байгаа талаар мэдээлж байгаа. Тийм болохоор тусгаарлалтаас гарах гэж нэг их яарах хэрэг байна уу?

-Тэгэхдээ ойрын хавьтлын 2000 хүн тусгаарлалтанд байгаагаас зургаан хүн л халдвар туссан гэж ярьсан. Яриа нь хоорондоо зөрөөд байх юм. Манай халдвартай найзын гэр бүлийн хүмүүсээс илрээгүй юм билээ. Би масктай хавьтсан учраас гайгүй болов уу гэж бодоод байгаа.

-Одоо тэгээд төр засаг болон холбогдох албаныхны шийдвэрийг л дагаж, хариуцлагатай байх ёстой байх даа? 

-Хариуцлагатай байна. Хамгийн гол нь хэрэгждэг биелдэггүй шийдвэр гаргадаг энэ удирдлагуудыг шүүмжилж байна. Дандаа зөрүүтэй мэдээлэл гаргана. Тэрийг нь дээдэх доодох шатныхан нь огт мэдэхгүй байх юм. Тусгаарлагдаж байгаа иргэд ч ардаа амьдралтай ажилтай төрөлтэй хүмүүс байна. За тэгээд, тэр 7 хоногийн хугацааг асууж өгөхийг бодоорой. Өөр асууж захих зүйл алга даа. 

 

Нэгдүгээр сарын 24-нд хавьтсан.Тэгээд нэгдүгээр сарын 31-нд тусгаарлагдсан. Тэгэхээр энэ сарын 14-нд гарсан үг үү. Масктай байсан ч хамаагүй уулзсан л бол хавьтагч гэж үзээд тусгаарладаг юм байна. Гуравдахь шинжилгээгээ хэзээ өгөхөө мэдэхгүй байна. Өнгөрсөн сарын 22-нд хавьтаад 31-нд тусгаарлагдаад хоёрдугаар сарын 14 хүртэл гэхээр бараг 23-24 хоног болчихож байгаа юм. Үүнийг нь бүртгэдэг газар гэж байдаг юм болов уу
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.