| | USD/MNT 0₮

Алтайн иргэд “Сэтгэлийн хүчээ ирээдүйд" төслийг хэрэгжүүлнэ

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг Нярайн амьсгалын аппараттай болгож, Алтай хотод өсвөрийн тамирчдын Спорт сургалтын төв барьж байгуулах зорилго бүхий “Сэтгэлийн хүчээ Ирээдүйд” төслийг Говь-Алтай аймгийн бөхчүүдийн “Хантайшир” дэвжээ, тус аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооны залуус санаачилж, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэйгөө хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлжээ.

Нутгийнхаа хүүхэд багачуудын эрүүл саруул өсөж, торних боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн, багагүй хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан уг төслийг Говь-Алтайгаас гаралтай шилдэг компани, хувь хүмүүс дэмжиж, бодит ажил болгохоо илэрхийлсэн байна. Алтай нутгийнхан сэтгэлийн хүчээ ирээдүй үеийнхээ сайн сайнхны төлөө зориулж байгаа нь үлгэрлүүштэй үйл ажиллагаа болжээ.

Дашрамд дурдахад “Хантайшир” бөхийн дэвжээ 2016 онд Улаанбаатар хот дахь Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт 5 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивлаж байсан бол “Ирээдүй-Алтай” холбоо нь 2019 онд “Цагийн зөрүү” форумын орлогоо аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн Нярайн тасгийн тохижилтод өгч байсан гэнэ.

“Сэтгэлийн хүчээ ирээдүйд” төсөл нь дээрх ажлуудын үргэлжлэл гэж зохион байгуулагчид нь хэлж байна.

Алтайн иргэд “Сэтгэлийн хүчээ ирээдүйд" төслийг хэрэгжүүлнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.