| | USD/MNT 0₮

Т.Доржханд:Нам бус хүн болон бусад намын гишүүд ч Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой

ХҮН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулахаар болсноо мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржхандтай ярилцлаа.

-Сайн байна уу? Танай нам яагаад Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг олон нийтээс сонгон шалгаруулахаар болсон бэ?

-Уламжлалт намууд нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг. Намууд нь заавал УИХ-д төлөөлөлтэй намууд гээд хязгаарлачихдаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн л нэр дэвших эрхтэй байсан. Монголчуудад сонголттой сонгууль болж чадсан уу гэвэл маш олон эргэлздэг. Үр дүнг нь харвал 100 мянга гаруй хүн цагаан сонголт өгсөн байгаа юм. Тиймээс энэ удаа төрд, Монголчуудыг нэг талд гаргасан, олон түмнийг манлайлж, эв нэгдлийг хангаж чадах төрийн тэргүүнийг сонгох нь хамгийн чухал зүйл. Энэ сонголтыг иргэдэд өгөхийн тулд олон нийтэд нээлттэйгээр сонгон шалгаруулалт явуулж байна.

Зөвхөн хөдөлмөрийн үндэсний намын хүрээнд биш, нам бус, улс төрд суудалтай, суудалгүй аль намын гишүүн байж болно. Монголчуудыг удирдаж, энэ улс үндэстнийг босгож ирж урам зориг өгч чадна гэж бодож байгаа бол бид хүндэтгэлтэйгээр хүлээж авна.

-Нэр дэвших хүмүүс хаана хандаж, материалаа хэрхэн бүрдүүлэх вэ?

-Өнөөдрөөс www.zuwhun.mn сайтыг ажиллуулж эхэлж байгаа. Яагаад энэ хүн байх ёстой тайлбар, өөрийн товч мэдээллээ уг сайт руу явуулах боломжтой.

-Сайтад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн хүмүүсийг ямар байдлаар шалгаруулах вэ?

-Хамгийн олон санал авсан 5-10 эрхмийг бид шалгаруулж, уулзалт хийнэ. Дөрөвдүгээр дүгээр сарын 10 гэхэд нэр дэвшигчийг тодруулсан байна. Хуулийн хугацаандаа нэр дэвшигчээ тодруулах ёстой.

-Зөв хүн электорат эвслээс эмэгтэй хүн нэр дэвшинэ гэдэг мэдээлэл цахим орчинд гарсан. Энэ дээр тайлбар өгөхгүй юу?

-Эмэгтэй хүн нэр дэвшвэл маш сайн байна. Бид сайтар дэмжих болно. Хүйс, шашин харгалзахгүйгээр шаардлага хангасан Монгол хүн байвал та материалаа өгөөрэй.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг нэмэгдүүлж 50 нас болгосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хэд орчим насны хүн удирдвал боломжтой гэж үздэг вэ?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг 45 гэж зааж байсан. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 50 нас болгож нэмэгдүүлсэн. Ер нь дэлхийн маш олон оронд төрийн тэргүүн нь залуужиж байгаа. 30 гаруй насны залуучууд төрийн тэргүүнээр ажиллаж байна. Дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж, технологижиж байна. Үүнтэй холбоотойгоор маш богино хугацаанд улс орноо удирдаад, өөрчлөөд явах залуу хүмүүсийн оролцоо өндөр байна. Тийм учраас насны хязгаар чухал биш. 50 нас гэж тогтоосон үндэслэл бага байна гэж харж байгаа. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нэгэнт баталсан учраас хуулийн хүрээнд ажиллана.

-Хөдөлмөрийн үндэсний намаас Хотын даргыг огцруулах асуудлыг хөндөж байсан. Энэ талаар?

-Нэгдүгээрт, ард олныхоо итгэлийг аваад сонгогдсон хүн албан тушаал хөөцөлдөөд ажлаа өгөөд явна гэдэг ёс зүйгүй зүйл. Хоёрдугаарт, тэр хүний нөхөн сонгуулийн зардал дангаар хийвэл 10 тэрбум төгрөг гэж байгаа. Ерөнхийлөгчийн 1 тэрбум төгрөг юм байна.

Тэр зардлыг Д.Сумъяабазар гэдэг хүн өөрөө гарга. Гаргахгүй тохиолдолд шийдвэр гаргасан нам гарга. Ард түмэн гаргах ёсгүй. Төсвөөс санхүүжүүлэх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Мөн төрөөд нэг хоноогүй эмэгтэйд хүнлэг бус хандсан асуудал дээр Засгийн газар, Улсын онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа бол түүнд хариуцлага хүлээх субъектын хувьд Нийслэлийн онцгой комиссын дарга нь хариуцлага хүлээх нь зүйтэй.

 

 

Нэгдүгээрт, ард олныхоо итгэлийг аваад сонгогдсон хүн албан тушаал хөөцөлдөөд ажлаа өгөөд явна гэдэг ёс зүйгүй зүйл. Хоёрдугаарт, тэр хүний нөхөн сонгуулийн зардал дангаар хийвэл 10 тэрбум төгрөг гэж байгаа. Ерөнхийлөгчийн 1 тэрбум төгрөг юм байна. Тэр зардлыг Д.Сумъяабазар гэдэг хүн өөрөө гарга. Гаргахгүй тохиолдолд шийдвэр гаргасан нам гарга. Ард түмэн гаргах ёсгүй. Төсвөөс санхүүжүүлэх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Мөн төрөөд нэг хоноогүй эмэгтэйд хүнлэг бус хандсан асуудал дээр Засгийн газар, Улсын онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа бол түүнд хариуцлага хүлээх субъектын хувьд Нийслэлийн онцгой комиссын дарга нь хариуцлага хүлээх нь зүйтэй.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.