| | USD/MNT 0₮

О.Баасанхүү: АН-ыг сонгуульд ялагдуулах нь Х.Баттулгын зорилго

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зэрэг нэр бүхий 10 гишүүн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрбээр ярилцлагын үеэр "Дэлхийн аль ч оронд сонгуулиар төрийн эрх мэдлийг авдаг. Эрх баригч нам нь амлалтандаа хүрч, ажлаа сайн хийж чадаж байвал хэдэн жил ч төр барих боломжтой. Харамсалтай нь, 1996 оноос хойш сонгуулийн хуулийг өөрчлөх замаар төрийн эрх мэдлийг авахыг оролдсон бусармаг үйлдэл явагдах боллоо. Жишээлбэл, 1996 онд ардчилал, шударга ёс эвслийхэн орж ирэхдээ төрийг хямраасан. Тэгээд МАН-ыхан “Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас гаргана” гэсэн уриаг дэвшүүлсэн. Энэ урианд итгэсэн иргэд тэдэнд 72 суудал өгсөн. Гэвч 72-уулаа байхдаа дордохын долоогоо хийгээд, төрийн албыг наймаалцаад, УИХ-ын гишүүн болгон 10 сая төгрөг (тухайн үеийн 2 өрөө байрны мөнгө)-ийн төсөвтэй болсон. Ийм аймшигтай зүйлийг ард түмэн 4 жилийн турш тэвчиж, эцсийн мөч хүртэл тэсэж байгаад гишүүдийг өөрчлөх гэхээр сонгуулийн хуулиа өөрчилдөг болсон. Сүүлдээ 2008 онд энэ нөхдүүд багтаж шингэх газаргүй болсон. 2012 онд намын жагсаалт гэдэг зүйлийг оруулж ирсэн. Тэр үед Сү.Батболд, С.Баяр, Ц.Нямдоржийг хаана ч сонгохгүй байсан. Тэгэхээр сонгогдохын тулд жагсаалтын хууль орж ирээд, үүний ачаар У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд, Ч.Сайханбилэг, Ч.Улаан нар орж ирсэн. Тэд мөн л амлалтаа биелүүлээгүй. Ингээд хамтарсан Засгийн газар байгуулсан. Ингээд л өөрсдөө гарч ирэхийн тулд сонгуулийн дүрмээ дахин дахин өөрчилсөөр байна.

Өчигдөр гэхэд сонгуулийн 50:26 тогтолцоог өргөн барилаа. 50 гишүүн жижиг тойргийн иргэд сонгогчдоосоо шууд сонгогдоно. Улс төрийн намууд 26 нэр дэвшигчээ сонгож улс даяар  нэг тойрог гэж зарлана. Энэ 26 том тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс улс даяар ард түмнээсээ санал авна.

МАН, АН бол хүчтэй намууд. Тэдэн дунд шударга, сайн гишүүд хэд хэд бий. Тийм 1-2 хүнийг жагсаалтынхаа тэргүүн эгнээнд тавиад, тултал нь сурталчилна. Эцэст нь, тэр гишүүд сонгогдвол түүнийг дагаад хэд хэдэн гишүүн орж ирэх юм.

Жишээлбэл, 26 өрсөлдөгчөөс 1 хүнд 50 хувийн санал өглөө гэж бодъё. Тэгвэл нэг шударга хүний араас 13 хулгайч дагаж орж ирнэ гэсэн үг.

Хоёрдугаарт, 26 хүн тус бүрдээ хоёр хувийн саналыг ард нийтээсээ авна. Ингэхээр 52 хувь болно. Өөрөөр хэлбэл, 5 хувийн санал авсан жижиг намын гишүүн сонгогдохгүй, нийлбэрээрээ 52 хувийн санал авсан том намын гишүүд сонгогдох юм. Үүгээр хамгийн олон санал буюу 20-30 хувийн авсан гишүүн сонгогдохгүй, нийлбэрээрээ 52 хувийн санал авсан нам ялах юм.

Нийлбэр тоо гэдгийн ард ахин нэг том аюул бий. МАН Тавантолгойг “идэж” ханахгүй байгаа шүү дээ. Эрдэнэт үйлдвэрийг ч мөн адил идэхийн тулд Онцгой дэглэм тогтоосон. Идсээр байгаад мөнгөтэй болчихсон. Ядуу хүнд амьдралаа дээшлүүл гээд 5 сая төгрөгийн буцалтгүй тусламж өгдөг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж бий. Гэвч энэ сангаас 12 гишүүн 100, 100 саяар нь авчихсан. Ингээд ядуучуудын дээрэмдэж, ЖДҮ-дэж, сар бүр 9 сая төгрөгийн орлого олдог. Энэ хулгайчид тэргүүн эгнээнд жагсах 26-ын ард нуугтах гээд байгаа юм аа. Тэгэхийн тулд жагсаалтынхаа дээр бичигдэж, намдаа 2-3 тэрбум хандивлана. Үүнийхээ дараа ганц шударга гишүүнээ тултал нь магтана. Түүнийхээ араас жинхэнэ хулгайчууд нь орж ирнэ. Ийм зүйлийг парламентын өвөө нар хийгээд байгаа юм аа.

Бүр дэлгэрэнгүйгээр тайлбарлая.

Ирэх оны сонгуульд 20 орчим нам өрсөлдөнө гэж бодъё. 26 тойрог 520 орчим нэр дэвшигчтэй болно. Эхний хүн 70 хувийн санал, дараагийнх нь 50 хувийн санал, хамгийн сүүлийн хүн нь 2 хувийн санал ч авч болно. Жишээлбэл, 26 хүн өрсөлдөж байхад нэгдүгээрт Х.Баттулга 35 хувийн саналаар, хоёрдугаарт М.Ганбаатар, гуравдугаарт М.Энхболд сонгогдсон гэж үзье. 2-3 дугаарт, хэн орсон нь хамаагүй, 35 хувийн саналаа дагаад жагсаалтад огт байхгүй гишүүд орж ирэх гээд байгаа юм шүү дээ. Эхний 26 гишүүн биш эхний нэг гишүүн хэдэн хувийн санал авснаас шалтгаалан намынх нь гишүүд шургалж орж ирнэ гэсэн үг.

Ирэх оны сонгуульд МАХН-д ямар ч боломж байхгүй. Н.Энхбаяр даргын хувьд Монголын ард түмний 50 орчим хувь нь надад санал өгнө гэж ярих байх. Бүр нэр дэвшүүлэх эсэхийг нь эрх баригчид л шийднэ.

Хамгийн гол нь сонгуулийн энэхүү тогтолцоог Ерөнхийлөгч Х.Баттулга захиалсан. Миний харж буйгаар Ерөнхийлөгч маань маш сайн пи арын мэргэжилтэн. Дээрээс нь зураач хүн учир торгон мэдрэмжтэй. Ард түмний санаа бодол хаашаа эргэж байгааг зөнгөөрөө мэдэрч байгаа. Түүнд АН-ыг ялагдуулах нэг л зорилго бий. Үе үеийн Ерөнхийлөгчид ийм шийдвэр гаргадаг. Засгийн газраа унагааж, намаа ялагдуулж байсан. Х.Баттулгын хувьд Зүүн төмөр зам гээд сүрхий ажил хийж байгаа. Намынх нь нөхөд гарч ирээд шударга ёс ярьж магадгүй.

Ер нь түүнд гурван л зорилго бий.

Нэгдүгээрт, ямар нэгэн төмөр замын ажлыг эхлүүлэхгүй бол түүхэндээ хараар бичигдэж үлдэх гээд байгаа юм. Тийм болохоор Тамирын голыг долоогоод ч хамаагүй Зүүн төмөр замын ажлыг эхлүүлнэ.

Хоёрдугаарт, нам нь ялчихвал Х.Баттулгыг дэвшүүлэхгүй шүү дээ. Ялагдчихвал өөрийг нь дэвшүүлээд л Г.Занданшатарыг захиалчихна. Ерөнхийлөгч нь ялсан намын даргатай нийлвал ялагдсан нам “жижгэрнэ”. “Чи ялагдсан учир намынхаа даргын суудлыг тавьж өг” гээд л өөрийнхөө талын хүнийг намын даргаар тавьчихна. Тэр нь АН-аас нэр дэвшүүлж өгнө шүү дээ.  Х.Баттулгын зорилго бол зургаан жил Ерөнхийлөгчийн суудлыг хаших юм. Үүнийхээ хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хориг тавиагүй" хэмээн онцолсон юм.

Шууд үзэх

Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Б.Энх-Амгалан нарын зэрэг нэр бүхий 10 гишүүн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.