| | USD/MNT 0₮

Завханы иргэд писиар шинжилгээ өгөөд явсан ч Их-Уул сумаас цаашаа аймаг руу явж чадахгүй байна гэв

УОК шийдвэр гаргаж орон нутгийн иргэдийг шинжилгээ өгүүлж, энэ сарын 11-нээс өмнө буцаахаар болсон билээ. Тиймээс цагаан сараас өмнө Нийслэлээс гарах гэсэн орон нутгийн иргэд бужигналдаж эхэлсэн. Иргэд хаана хамгийн ойрхон шинжилгээний цэг байна тэнд цаг аваад писиар шинжилгээ өгч хариугаа аваад Нийслэлээс гарч байгаа юм.

Өчигдрөөс эхэлж иргэдийн орон нутгийг зорих хөдөлгөөн нэмэгдсэн байна. Тухайлбал, өчигдөр Завхан аймаг руу зургаан машинд олон иргэн сууж явжээ. Тэдний дотор настай хөгшин бол нялх хүүхдүүд ч яваа юм байна. Тэд бүгд писиар шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу нь СӨРӨГ гарчээ. 22-ын товчоо болон Архангай аймгийн постууд тэдгээр иргэдийн шинжилгээний хариуг үндэслээд гаргаад явуулсан байна.

Харин Завханы Их-Уул сум дээр шөнө очсон иргэд цаашаа аймаг руугаа явж чадахгүй хүлээлтийн байдалд оржээ. Учир нь аймгийн Онцгой комиссоос аймаг руугаа орж болно гэсэн бичиг заавал авах ёстой гэжээ. Тиймээс тэднийг сумын постон дээрээс явуулахгүй "түгжсэн" байгаа юм байна.

Энэ талаар тэнд байгаа иргэнтэй утсаар холбогдоход "Бид писиар шинжилгээ өгсөн. УОК-ийн мэдээллээр бол шинжилгээ өгөөд хариугаа аваад явж болно гэсэн. Түүнээс орон нутгаас заавал онцгой комиссын бичиг аваарай гэж хэлээгүй. Бид нийслэлээс гарч байгаа хүмүүс аймгаас яаж авах юм бэ. Онцгой комисс руу холбогдох гэхээр чадахгүй байна. Хүнээр холбогдуулсан боловч хуралдаж байна гээд тоймтой хариу өгөхгүй. Энд зөндөө хүмүүс машиндаа хөлдөж үхэх гээд хүлээгээд сууж байна. Нялх нойтойн хүүхэд, хөгшид хэцүү байна. Аймгийн онцгой комисс нь хэзээ хуралдаж дуусах юм байгаа бүү мэд. Хэдэн цаг хүлээх юм бол" гэсэн юм. 

Ийнхүү аймгийн болон улсын Онцгой комиссын уялдаа холбоогүй шийдвэрээс болж иргэд яахаа мэдэхгүй байна. Завхан аймгийн Онцгой комиссоос ч тодорхой мэдээлэл өгөх ёстой шүү дээ. Хөхөө өвлийн хүйтэнд иргэдээ чирэгдүүлж байна хэмээн бухимдлаа. 

Завханы иргэд писиар шинжилгээ өгөөд явсан ч Их-Уул сумаас цаашаа аймаг руу явж чадахгүй байдалд хүрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.