| | USD/MNT 0₮

С.Дэлгэр:Нийгмийн даатгалын шимтгэл насаараа төлчихөөд нас барлаа гэхэд улсаас сая төгрөг л өгч доромжилж байна

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмэгдүүлж 26 хувь болгосныг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эсэргүүцэж эхлээд байна. Учир нь цар тахалтай энэ үед ажлын байраа алдахгүй гэж хичээж байгаа иргэд, ААН-үүдээс НДШ нэрээр шимэгчлэх нь дарамт хүндрэл учруулж байгаа талаар иргэд, ажил олгогч, бизнес эрхлэгчид ярьж байна.

Энэ асуудлаар ажил олгогч С.Дэлгэртэй ярилцлаа.

-Сайн байна уу. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэнд эсэргүүцэж байгаа юм билээ. Үүнд таны байр суурийг сонирхоё?

-Энэ асуудал дээр их ууртай хэцүү байгаа. Яагаад гэвэл би ажил олгогч хүн. Гэвч цар тахалтай энэ цаг үед орлогоо хумиулчихсан ийм үед 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс НД-д төлдөг шимтгэлд маань 2 хувь нэмээд өгөх болчихоор үнэхээр бухимдаж байна.

Өнөөдөр шууд нэмчихсэн юм биш. Одоогоос гурван жилийн өмнө Олон улсын валютын сан гээд нэг юм яриад байсан даа. Монгол Улс хар, саарал жагсаалтад орлоо шүү гээд шуугисан. Тухайн үед МАН эрх барьж байсан. Тэр үеийн  Сангийн сайд нь Ч.Хүрэлбаатар байсан. Тэр ОУ-ын валютын сангийн үгээр явна гэж хэлж байсан. Тухайн үед Нийгмийн даатгалыг 5 хувиар нэм гэж байсан. Тэр үед энэ үеийнх шиг ажил олгогч нар бужигнаагүй. Монгол Улс хар жагсаалтад орж байгаа юм бол нэр хүндэд нь муухай болох гээд байгаа юм байна гэж масс ойлгож байсан. Хар жагсаалтад орчихвол гадаадад виза картаараа гүйлгээ хийж болохгүй энэ тэр гээд масст ойлгуулж айлгаад байснаас яг хар жагсаалт гэж юу юм бэ гэдгийг ойлгуулаагүй.

2018 онд НДШ-ийг 2 хувиар нэмчихсэн. Хэн ч өнөөдрийнх шиг хашгирч, над шиг бухимдаагүй. Би ч дуугай байсан. Татварыг бол бид төлөх ёстой. Татвар өндөр биш зөв зохистой хэмжээнд цаг тухайд нь төлдөг улс орон баян байдаг юм.

-2018 онд НДШ 2 хувиар нэмэгдэхэд дуугарч, эсэргүүцэж байсан иргэд, ажил олгогч нар байсан уу?

-Хэн ч дуугарч хашгирч байгаагүй. Дараа нь 2019 онд 0.5 хувиар нэмэгдсэн бид дуугай л байсан. Ингээд 2020 онд цар тахал гэгч айхтар зүйл гарч ирсэн. Сайнтай муутай бүхнийг нь ний нуугүй хэлнэ. Ингээд өнгөрсөн оны 4 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01 хүртэл НДШ-ийг төр даахаар боллоо. Та нарыг үүнээс чөлөөллөө шүү гэж хэлэхэд нь ажил олгогч бид нар баярлаж байгаа юм чинь. Ажил олгогч, бизнес эрхлэгч нарын орлого татарч байсан учраас баярлахгүй гээд яах юм бэ.

Өнөөдрийн тухайд ярих юм бол цар тахлыг дотооддоо алдаад 2-3 сар боллоо. Үүнээс болж хөл хорио хэсэгчлэн тогтоож бид нарыг гэрт нь хорьчихлоо. Одоо ч тэр хорио байж л байна. Бизнес нь уначихсан хүмүүсийн амь амьжиргаа шууд дээшлээгүй байдалтай байгаа. Ийм байдалтай байхад НДШ-ийг 2 хувиар нэмж байгаад миний уур хүрч байна. Ганц би биш, ЖДҮ эрхлэгчид том том бизнесийн салбарынхан ч бухимдаж байгаа шүү.

-Таны цахим орчинд байр сууриа илэрхийлсэн байдлыг харахад энэ НДШ-ийг гишүүн асан Ундармаатай холбож тайлбарласан байсан?

-Уучлаарай, би яг үнэнийг хэлнэ. Ард иргэдээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдөө, удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүсээ нэг зүйлийг сайн бод. Бужигнаад өнгөрдөг, дээгүүр доогуураа идээд дуусдаг. Үүнийг зүгээр яриад шүүмжлээд өнгөрөхөө больцгооё. Санаж байгаа бол хоёр жилийн өмнө Капитал банк дампуурлаа гэсэн. Тэр банкинд хадгаламж байх биш бидэнд хамаагүй гэж тоогоогүй. Гэтэл дараа нь НДШ төлж байсан нийт 240 гаруй тэрбум төгрөгийг минь Капитал банкинд хадгалуулсан байсан. УИХ-ын гишүүн Ундармаа /асан/ даналзаад гүйгээд байсан. Тэр их мөнгө эргэж ирээгүй, банк дампуурчихсан. Тэр мөнгө хэний мөнгө байсан юм бэ. Бид нарын олсон цалингаасаа улсад тушаасан мөнгө байсан. Гэтэл энэ хүн 240 тэрбум төгрөгийг өөрийнхөө Капитал банкаар завшчихсан. Гэтэл шүүх түүнийг 40 сая төгрөгөөр торголоо, ёстой уучлаарай гэж хэлмээр санагдсан. Хэн нэгэнд завшуулж, идүүлэх юм бол бид НДШ төлөөд яах юм бэ. Тийм учраас уурлаж байна.

-НДШ насаараа төлчихөөд ямар үр дүнг нь хүртэхгүй байна. Насаараа НДШ төлчихөөд нас барлаа гэхэд нэг сая төгрөг л олдож байх жишээний. Мөн төлсөн мөнгө нь үр хүүхдэд нь өвлөгддөг тогтолцоо гэж манайд байхгүй гэж бодохоор?

-НДШ насаараа төлчихөөд ямар ч ач тусыг нь үзэхгүй бол ямар хэрэгтэй юм бэ. Хэнд хэрэгтэй юм. Төрийн үйлчилгээ авахын тулд бид нар татвар төлөх ёстой. Төрийн алба хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Энэ зөв. Бид нар татвар төлж байж тэд нар ажиллах ёстой. Гэхдээ бид нарын төлөх ёстой татварын хувь хэмжээг нэмж байгаад эсэргүүцэж байна. Бид нарын татварын хуримтлал шдээ. Энгийн үгээр хэлэхэд, дээгүүр жаалагсадын тансаглах, хоолны хэрэглээний мөнгө, оффшорт аваачаад нуудаг мөнгө болно. Тийм учраас НДШ төлмөөргүй байна.

-Нийгмийн даатгал төлөхгүйгээр, төлж байгаа мөнгөө багаар бодоод хадгаламжинд хуримтлал үүсгэх нь зөв гэж үзэж байна уу?

-Энэ сарын 01-нээс эхлээд би болон ажилчид маань НДШ-ээ хувиараа төлнө. Төлөхгүй биш төлнө. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр төлнө. НДШ төлөх нь миний үүрэг. Гэхдээ би шударгаар биелүүлнэ. Яаж гэхээр хувиараа хамгийн бага хэмжээгээр төлнө. Өмнө нь би маш өндрөөр төлж байсан мөнгөнийхөө үлдэгдлийг банкинд хадгалуулна.

-Та ямар бизнес эрхэлдэг вэ?

-Би буяны ажил авдаг “Наран” гээд ресторантай. Олон хүний жаргалыг биш зовлонг нь сонсч хуваалцаж явна. 70-80 нас хүрээд бурхан болж байгаа хүмүүсийг хүндэтгэе. Гэтэл өнөөдөр НДШ-ээ төлсөөр яваад гэнэтийн золгүй байдлаар нас барсан идэр залуу насныхан байна. Тэд тэтгэвэрт гарч амжаагүй нь харамсалтай. Тэд ажил хөдөлмөр эрхэлдэг байсан. 50 настай хүн 20 жил НДШ төлөөд нам барлаа гэхэд буяны ажилдаа НД-аас сая төгрөг л авдаг. Тэгэхээр та нар боддоо, хамгийн багаар бодоход 20 жил тэр хүн хэдэн төгрөг төлсөн байх вэ. Хатуу хэлэхэд, ард нь үлдэж байгаа хүмүүс нь сая төгрөгт багтааж оршуулгыг нь хийж чадахгүй байна. Тэгээд 20 гаруй жил төлсөн НДШ-ийн мөнгө хэний халсаанд орж байна вэ. Үр хүүхдэд нь яагаад өвлөгддөггүй юмбэ. Ядаж оршуулгын зардлыг нь бүтэн даачихаж болдоггүй юмуу. Тэгэхээр нийгмийн даатгалын тогтолцоо маш буруу байна. Үүнийг өөрчлөх цаг нь нэгэнт болжээ.

Эмзэг сэдэв. Гэхдээ би зоригтой дуугарна, цаашид дуугарсаар ч байх болно. Өнөөдөр Монголын иргэн нутагтаа өнгөрч ясаа тавихад, бурхан болоод жаахан шороонд булуулах гэж зөндөө их мөнгө төлж байгаа. Арай ч дээ, буяны ажилд сая төгрөг яагаад ч хүрэхгүй. Гэнэтийн осол аваараар нас барлаа гэхэд ар гэрт нь сая төгрөг л олдоно.

-Гадаадад НД-ын тухай хууль болон тогтолцоо нь хэр байдаг юм бол?

-Би Герман улсад олон жил амьдарсан. Оюутан байхаас НДШ төлсөн. Тэгээд эх орондоо ирээд хоёр жилийн дараа НД-д төлж байсан мөнгөө буцааж авч байсан. Тухайн улсаас “Та манайхаас тэтгэвэрт гарах уу” гэж асуусан. Германы хуулинд маш өндөр насанд тэтгэвэрт гардаг юм билээ. Тэгэхээр нь би “Үгүй ээ, мөнгөө буцааж авъя” гээд НДШ-т төлж байсан мөнгөнийхөө 80 хувийг еврогоор авч байсан. Ийм уян хатан. Гэтэл манай улсад тэтгэврийн асуудлаар худлаа тархи угаагаад байна. Тиймээс хөрсөн дээр буусан хуультай байхын тулд хуулийг нь өөрчлөх шаардлага тулгарч байгаа юм.

Монголын ард түмэн татвар төлөөс гэх мэт элдэв зүйлд дарлуулж дууслаа. Сэм сэмхэн нэмдгийг хэн ч анзаарч мэддэггүй. Мэдсэн нэг нь хашгираад юунд хүрдэггүй. Гэтэл хуруу хумсаа хуйхлан байж олсон таны цалин мөнгө татвараар том хөрөнгө мөнгө босч байгаа шүү.

-НӨАТ-ын тухайд та юу хэлэх вэ?

-Дэлхийн бүх улс оронд НӨАТ байгаа. Монголд НӨАТ-тай болсон. Гэвч сугалаа ирсэн. Таны худалдан авч байгаа талх, сүү дээр чинь 10 хувь нэмээд авч байгаа. Нэг юм уншуулна, тэгснээ 2 хувь нь эргэж ирнэ. 8 хувиар нь уралдуулна, хэн азтай нь мөнгө хож гэдэг. Энэ асуудал дээр ШӨХТГ-аас шалгалт оруулсан. Нөгөө ард түмний хэлдэг үг үнэн юмаа. Хэн мөнгө авчихаж байна, хэн сугалаанд хожоод байгаа нь тодорхой харагдлаа. Би нэг төгрөг ч хожиж үзээгүй. Азгүй. Би азгүй болохоор л мөнгө хожихгүй байна. Хүний аз сорьсон ийм балиар ажил хийхээ больцгоо.

НӨАТ-ын 10 хувийг буцааж өгдөг байх хэрэгтэй. Өгөөжийг нь ч харуулах ёстой. Яагаад ингэж зах замбараагүй байдлаар мулгуу тэнэгээр нь дээрэлхэж, тансаглачихаад суугаад байгаа юм. Массууд ухаарч бодоорой. Одоо хууртахаа болъё. Нэг ч гэсэн хүн ухаарч сэхээрэй гэж өөрийнхөө орон зай болох нүүр номондоо элдэв зүйл бичиж суудаг юм.

-Ирээдүйд нийгмийн даатгалын шимтгэл төлөх залуус, төлж байгаа залууст хандаж юу гэж хэлэх вэ?

-Залуус минь нь нэг зүйлийг сайн бодоорой, ойлгоорой. Монголд ажиллаж амьдарч байгаа бол НДШ-ийг төлөөчээ. Яагаад гээч, Солонгосын визэнд орж магадгүй. Эсвэл хэн нэгэн байрны зээлэнд хамрагдахын тулд НДШ төлдөг. Гэтэл тэрэндээ барьцаалагдаад яаж нэмэгдэж, хасагдаж байгааг ухаарч мэдэхгүйгээр төлсөөр явдаг. Тэгэхээр сайн бод, ухаар. Энэ мөнгийг би яаж төлөөд, би яаж хуримтлал үүсгээд энэ мөнгө надад үр өгөөжөө өгч байна уу гээд бод. Нийгмийн даатгал төлөхөөр машин байрны лизин олддог гэсэн ойлголтоор битгий төсөөл.

Уучлаарай, би яг үнэнийг хэлнэ. Ард иргэдээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдөө, удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүсээ нэг зүйлийг сайн бод. Бужигнаад өнгөрдөг, дээгүүр доогуураа идээд дуусдаг. Үүнийг зүгээр яриад шүүмжлээд өнгөрөхөө больцгооё. Санаж байгаа бол хоёр жилийн өмнө Капитал банк дампуурлаа гэсэн. Тэр банкинд хадгаламж байх биш бидэнд хамаагүй гэж тоогоогүй. Гэтэл дараа нь НДШ төлж байсан нийт 240 гаруй тэрбум төгрөгийг минь Капитал банкинд хадгалуулсан байсан. УИХ-ын гишүүн Ундармаа /асан/ даналзаад гүйгээд байсан. Тэр их мөнгө эргэж ирээгүй, банк дампуурчихсан. Тэр мөнгө хэний мөнгө байсан юм бэ. Бид нарын олсон цалингаасаа улсад тушаасан мөнгө байсан. Гэтэл энэ хүн 240 тэрбум төгрөгийг өөрийнхөө Капитал банкаар завшчихсан. Гэтэл шүүх түүнийг 40 сая төгрөгөөр торголоо, ёстой уучлаарай гэж хэлмээр санагдсан. Хэн нэгэнд завшуулж, идүүлэх юм бол бид НДШ төлөөд яах юм бэ. Тийм учраас уурлаж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.