| | USD/MNT 0₮

Нас барсныхаа дараа ганцхан сая төгрөг авахын төлөө насаараа НДШ төлөх хэрэг байна уу?

Ард иргэд, бизнес эрхлэгчид, ажил олгогчид туйлдаж байна. Тэд бүсээ чангалсаар чангалсаар тасарч унах нь. Ковид-19-ийн цар тахалтай хүнд хэцүү цагт Монголын эдийн засаг элгээрээ мөлхөж, ард түмэн орлого ч үгүй, цалин ч үгүй болж, ажилгүйдлийн түвшин өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ийм байхад ард иргэдийнхээ нуруун дээр улам их ачаа үүрүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оноос хоёр хувиар нэмэгдүүлж, 26 хувь болголоо.

Ард иргэдийн халаас руу орох мөнгө цоорхой халаасны уршгаар доош урссаар байна. Энэ талаар иргэд “Үр шимийг нь хүртэхгүй юм бол НДШ төлөх хэрэг байна уу” хэмээн халаглан ярьж байна. Үнэхээр л насаараа 30-40 жил нийгмийн даатгал болон ХХОАТ төлсөн иргэд тэтгэврээ ч авч үзэлгүйгээр хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь олонтаа.

Тухайлбал, тэтгэвэрт гараад нэг жил ч бололгүй бурхан болсон тохиолдолд 30-40 жил төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл шууд л төрийн халаас руу орж байгаа юм. Үр хүүхдэдээ өвлүүлэх, үр шимийг нь хүртэх боломжгүй болж байна гэсэн үг. Гэтэл иргэд шимтгэл төлсөөр байтал даатгалын сан нь хоосорч, улсаас шууд татаас авах замаар үйл ажиллагаа явуулдаг нь хачирхалтай. Үүгээр ч зогсохгүй ажил олгогчдын зүгээс 13,5 хувь болгож нэмэгдүүлсэн нь тэдэнд улам л хүнд ачааг үүрүүлж байна. Энэ цаг үед сарын түрээс, ажилчдынхаа цалинг арай чүү гэж тавьж байгаа аж ахуйн нэгжүүд эхнээсээ дампуурлаа зарлаж, хаалгаа барьж байна.

Үүний нэгэн тод жишээ нь, хоёр жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний үйлдвэрлэгч, ЖДҮ эрхлэгч “We brand mongolia” брэндийн үүсгэн байгуулагч өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Заа ингээд WebrandMongolia гэдэг айл албан ёсоор дампуурлаа зарлахад ойртон иржээ. Энэ хүртэл дэмждэг байсан бүх хүмүүстээ баярлалаа. Үүнээс цааш газар үгүй. Бууж өглөө” хэмээн мэдэгджээ.

Энэ жишгээр хаалгаа барьж буй газруудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Компанийн ажилтныхаа өмнөөс төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн өгөөжийг ажилтан ч, компани ч хүртэхгүй байгаад гол учир оршиж буй.

Угтаа бол нийгмийн даатгалын шимтгэл нь улсаас тухайн иргэнд үзүүлэх даатгалын үйлчилгээ юм. Манай улсын тэтгэврийн даатгалын сан сүүлийн долоон жил алдагдалтай ажилласан. Үүнээс сүүлийн таван жилд дунджаар 500 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн гол шалтгаан бол тэтгэврийн даатгалын систем алдаатай байгаатай холбоотой. Мөнгөний ханш унахын хэрээр нэрийн дансанд хуримтлагдах тэтгэврийн үнэ цэн буурч байдаг гэнэ. Тодруулбал, тухайн хуримтлалын хүү маш удаанаар өсөж байхад ханшийн уналт нь дээшээ үсрээд явчихна гэсэн үг. Ингэснээр мөнгө үнэгүйдэж, зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө шимтгэл төлж байсан хүмүүсийн мөнгө үнэ цэнэгүй болчихож байгаа юм. Тухайн үед шилжилт хийхдээ тэтгэврийн тогтолцоог ч мөн шинэчлэх хэрэгтэй байсан ч реформыг хийгээгүйн хор уршгийг бид биеэрээ амсаж байна.

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож  байгаа 500.0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэснээр бүрэн тэтгэврийн  доод хэмжээ 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.0 мянган төгрөг,  дундаж тэтгэвэр 409.0 мянган төгрөг болон нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн насныхны дийлэнх нь буюу 500 орчим мянган иргэн 350-409 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл, та ямар ч ажил хийж, хэчнээн жил өндөр шимтгэл төлсөн ч ядуу амьдар гэж байгаагаас ялгаагүй. Учир нь хэдэн жил ч төлсөн бай хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй тэтгэвэр авч байгаа юм. Энэ бол яалт ч үгүй манай улсын тэтгэврийн сангийн гажуудал юм. Үүнд яаралтайгаар тэтгэврийн реформ хийхгүй бол цалингаа үнэн зөвөөр мэдүүлж, татвараа төлдөг иргэн, аж ахуйн нэгж үгүй болох юм.

Үүнээс гадна "Lend.mn" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга сонирхолтой тооцоо хийжээ. Хүн сар бүрд 187.000 төгрөг жилийн нийлмэл 13 хувийн өгөөжтэй хуримтлуулаад явахад 30 жилийн дараа 827 сая төгрөгийн хуримтлалтай болох гэнэ. Улмаар сард 9 сая төгрөгийн тэтгэврийг хүү хэлбэрээр авах боломжтой байна. Тэгээд "нас барлаа" гэхэд 827 сая төгрөг "үр хүүхдэд өвлөгдөнө". Сингапур, Хонгконг ингэж л хөгжиж байгаа тухай бичжээ. Иргэн хуримтлал үүсгэж чадалгүй хүнд өвчин тусвал сар бүр ажилтан 2%, аж ахуй нэгж 2% нийтдээ 4% төлж буй эрүүл мэндийн даатгалын сан туслах ёстой.

Өнөөдөр нийт ажил хийж буй хүмүүсийн 65 хувь нь 1 сая төгрөг хүрэхгүй цалин, орлоготой. Хамгийн гайхалтай нь, 1.1 сая төгрөгийн цалинтай хүн 30 жил тасралтгүй хөдөлмөрлөөд авах тэтгэвэр нь ердөө л 660.000 төгрөг. Хэрвээ та тэтгэвэрт гарахаасаа өмнө болон аваад удаагүй байхдаа нас барвал хохь нь болно. Таны 30 жил төлсөн НДШ үр хүүхдэд чинь хамаагүй. Тэгсэн мөртлөө таны өр зээл үр хүүхэд, гэр бүлд тань өвлөгдөн үлддэг. Ийм байхад НДШ төлөх хэрэг байна уу хэмээн халаглан бодох юм.

Ард иргэд, бизнес эрхлэгчид, ажил олгогчид туйлдаж байна. Тэд бүсээ чангалсаар чангалсаар тасарч унах нь. Ковид-19-ийн цар тахалтай хүнд хэцүү цагт Монголын эдийн засаг элгээрээ мөлхөж, ард түмэн орлого ч үгүй, цалин ч үгүй болж, ажилгүйдлийн түвшин өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ийм байхад ард иргэдийнхээ нуруун дээр улам их ачаа үүрүүлж, нийгмийн даатгалын шимтгэлийг 2021 оноос хоёр хувиар нэмэгдүүлж, 26 хувь болголоо.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.