| | USD/MNT 0₮

Б.Ууганбаяр:Эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахад маш их хүндрэл учирч байна

Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шуурхай штаб байгуулагдсан цагаасаа хойш ямар зорилт тавьж ажиллав?

-Шуурхай штаб байгуулагдсан цагаасаа хойш зорилтыг дэвшүүлэн ажилласан. Тухайлбал, стартеги төлөвлөгөө батлуулах, гадаадад гацсан иргэдээ татан авах, гуравдугаарт бидэнд байгаа нөөц барааны судалгаа ямар байна гэдгийг тооцоолон биелүүлсэн.

-Шуурхай штабад ирэх өргөдөл гомдол өдөрт дунджаар хэд орж ирдэг. Ихэвчлэн ямар өргөдөл орж ирэх үү?

-Өдөрт дунджаар буяны ажилтай холбоотой өргөдөл гомдол 25 орж ирдэг. Сард 1300  гаруй буяны ажилтай холбоотой өргөдөл орж ирнэ гэсэн үг. Бусад өргөдлүүд ч орж ирнэ.

-Онцгой байдлын алба хаагчид энэ цаг үед ХӨСҮТ-д ямар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна вэ. Ажиллагааны баг гэж байгаа билүү?

-Ямар ч үед ХӨСҮТ-д дэмжлэг үзүүлнэ. Ийм хүмүүс халдварын хавьтал болсон байна эдгээрийг тээвэрлээд өгөөч гэж хэлдэг. Бид нар тусгаарлах байраа бэлтгэчихсэн. Гадаад дотоодоос татан авалт хийхдээ шөнийн цагаар ч юмуу ямар ч үед иргэдийг тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулдаг. Үүнийг НЭМҮТ болон Яаралтай түргэн тусламжийн 103-тай хамтран хийнэ. Мөн гэрийн ажиглалтад иргэдийг шилжүүлэх тэр тусмаа ХӨСҮТ-ээс 14 хоног тусгаарлагдаад хариу нь сөрөг гарчихсан хүмүүсийг гарга албан ёсны бичиг ирсний дараа бид тусгаарлах байрнаас авч гардаг. Харин одоо бол ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс гарсан хүнийг дараагийн шатны байгууллага руу шилжүүлж ажиглалтын хугацааг дуусгаад дараа гэрийн ажиглалтад шилжүүлэхэд замд нь хавьтал болгохгүйгээр шууд тээвэрлэр ажлыг зохион байгуулж байгаа. Ажиллагааны баг маш том ажлыг нуруундаа үүрч, ажлыг гүйцэтгэж байна.

-Өнөөдрийн байдлаар Нийслэлд хэчнээн зочид буудлыг тусгаарлалтад ашиглаж байгаа вэ?

-39 зочид буудал, 1901 өрөө, 3250 орыг тусгаарлалтад ашиглаж байна.

-Тусгаарлах байранд ямар шаардлага тавигдаж байгаа вэ?

-Олон шаардлага байгаа. Нэгдүгээрт төлбөрийн асуудал. Тухайлбал, хоногийн 50 мянган төгрөгийн үнэтэй байх. Хоёрдугаарт тусгаарлах байранд байгаа хүмүүс ус их хэрэглэж байна. Цахилгааны тог их гардаг. Харин Засгийн газраас тог цахилгааны төлбөрийг чөлөөлсөн болохоор харьцангуй бага хүндрэл ирж байгаа шүү.

Мөн гал тогоотой байх, эрүүл ахуйн шаардлага хангах, өрөө душтай байх, түрээслэгч оршин суугчгүй байх гэх мэт шаардлагууд тавигдана. Тусгаарлах байранд цагдаагийн байгууллага, мэргэжлийн байгууллага, онцгой байдал, батлан хамгаалах байгууллага гээд бүгд ажиллаж байгаа.

-Тоёоко Инн зочид буудалтай холбоотой гомдол саналыг иргэд гаргаад байсан даа?

-Тухайн зочид буудал 200 гаруй иргэн хүлээн авах хүчин чадалтай ч гал тогоо байхгүй байсан.  Ингээд өдөрт гурван удаа хоолыг зөөвөрөөр зөөдөг байсан. Харин сүүлд нь Зэвсэгт хүчин болон хилийн цэргээс халуун тогоо авчирч байгаад хоол хийдэг болсон. Тэгэхээр тусгаарлалтын зочид буудлууд гал тогоотой байх нь нэн чухал юм.

-Саяхан Амар зочид буудалд ажиллаж байсан эмч нараас халдвар илэрсэн биз дээ?

-Нэг тийм хүндрэл гарсан нь үнэн. Тухайлбал, шинэ оны зааг дээр Амар зочид буудалд нэг халдварын тохиолдол илэрсэн. Тэндээс 119 хүнийг шөнө тээвэрлэсэн. Харин дөрвөн эмч байсан. Нэг эмчид халдвар илэрсэн. Тэд нэг өрөөнд байсан, нэг душ ашиглаж байсан. Тиймээс дөрвүүлээ халдвараар өвчилсөн. Тиймээс Шуурхай штабын зүгээс тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс онцгой, цагдаа, эмч нарын өрөөг анхаарч, мэргэжлийн хүмүүс нь халдвар авахгүй байх боломж нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

-Халдвартай хүмүүсийг эмчлэх хоёрхон эмнэлэг байгаа. Гэтэл Цэргийн төв эмнэлэг бол халдварын зориулалттай эмнэлэг биш биздээ?

-ХӨСҮТ болон ЦТЭ халдвартай хүмүүсийг авч эмчилнэ. Үүний дараа ЭХЭМҮТ болон Яармагийн 300 ортой эмнэлэг эдгэрсэн хүмүүсийг ажиглалтад авч 7-14 хоногийн хугацаанд дархлааг нь сайн дэмжиж өгөөд гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

-Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт хэдэн хүн байна вэ?

-1630 гаруй хүн байгаагаас 1573 нь монгол иргэн, 57 нь гадаадын иргэд бий. Тэдний дотор АНУ-ын цэргийн албаны хүмүүс бий. Нийслэлд 1529 хүн байгаа бол орон нутагт 101 хүн тусгаарлах байранд байна.

-Одоо бүхэнд тулгамдаж байгаа хүндрэл юу байна вэ?

-Нэг хүндрэл бий. 140 гаруй иргэний 150 гаруй сая төгрөгийн өр барагдуулах асуудалд шүүхийн байгууллага ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газрын дансанд гадаадаас ирж байгаа иргэд тусгаарлалтын 14 хоногийн төлбөрөө тушаадаг. Нийт 27 тэрбум гаруй төгрөг энэ дансанд төвлөрч, буцаагаад тухайн аж ахуй нэгж, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг рүү нь шилжүүлдэг. Одоо 26.1 тэрбум төгрөг байгаа. Энэ дансан доторх мөнгийг Сангийн яамнаас хянадаг. Өөр зориулалтаар ашигладаггүй.

-Тусгаарлах байранд байгаа иргэд зөрчил дутагдал гаргах асуудал үүсдэг гэсэн үү?

-Цар тахлын голомтод ажиллаж байгаа резидент эмч нарыг сургалтад хамруулдаг ч нэг биш удаа халдвар авсан. Тусгаарлах байранд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс их ирж байна. Үүдэнд кордиорт гараад хөлөө жийгээд суучихна. Уурлаад байдаг. Хүний үг хүлээж авахгүй. Мэргэжлийн байгууллагаас сэтгэл зүйн эмчилгээ үзүүлдэг мэргэжилтэн ажиллаж байгаа. Иргэдээс маш олон албан бичиг өдөр тутам ирдэг. Тусгаарлах байранд иргэд 14 хоног байхдаа зурагт, эд хогшил эвддэгээс болоод тусгаарлах байраа ашиглуулах аж ахуй нэгж цөөн байна.

-Эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарч байна уу?

-Миний үг их шорвог сонсогдож магадгүй. Гэхдээ үнэнийг хэлэх хэрэгтэй. Одоогийн тогтолцоогоор эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахад маш их хүндрэл учирч байна. Жишээлбэл, мэдээлэл солилцох ажил туйлын хангалтгүй. Энэ ажил Эрүүл мэндийн яаманд шилжиж ирсэн цагаас хангалтгүй байгааг хэлье. Одоо бид хариу арга хэмжээ зохион байгуулахад хэчнээн хүний нөөцөөр ажиллах шаардлагатай вэ гэхээр “Хүний нөөц байгаа” л гэдэг хариулт өгдөг. Эрсдэлийн багийн хурал болоход ХӨСҮТ-ээс “Одоо кластер өвчлөлийг дарахын тулд хариу арга хэмжээг дорвитой авахгүй бол болохгүй. Хүн амын дунд халдвар тархвал хэцүүднэ” гэсэн.

Урин дулаан цагт ялаа, шумуул гарахад байдал улам хүндэрч болзошгүй. Мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудлыг УИХ дээр шуурхай зохион байгуулах ёстой гэж үзэж байна. Нөхцөл байдлын хувьд эрсдэл их өндөр байна. Энэ ажлын 50 хувь нь эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, менежментээс хамаарч байна. Тэр тусмаа эрүүл мэндийн салбар цэгцэлж чадахгүй бол бахь байдлаараа. Дээд шатанд шийдвэр гаргаад байдаг хэрэгжүүлэгч байгууллагууд нь бахь байгаад байдаг. Явж явж гал нь УОК болон Шуурхай штабын албанд ирдэг юм. Энэ асуудлаар би ЭМ-ийн сайд С.Энхболдтой уулзаж учир байдлаа хэлсэн.

О.Сайхан 

 

 

Нэг хүндрэл бий. 140 гаруй иргэний 150 гаруй сая төгрөгийн өр барагдуулах асуудалд шүүхийн байгууллага ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газрын дансанд гадаадаас ирж байгаа иргэд тусгаарлалтын 14 хоногийн төлбөрөө тушаадаг. Нийт 27 тэрбум гаруй төгрөг энэ дансанд төвлөрч, буцаагаад тухайн аж ахуй нэгж, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг рүү нь шилжүүлдэг. Одоо 26.1 тэрбум төгрөг байгаа. Энэ дансан дахь мөнгийг Сангийн яамнаас хянадаг. Өөр зориулалтаар ашигладаггүй.
Ярилцлага

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.