| | USD/MNT 0₮

Гурван ихрийн аав Б.Ууганхүү:“Ихэр заяаг мялаая” хандивын аян амжилттай явж байгаад баярлалаа

Энэ хорвоо ертөнц дээр ижил юмс дэндүү олон. Гэхдээ ихэр заяа гэдэг дэндүү ховор заяа, ховор тохиол. Хүн бүрт тохиохгүй ховор нандин хувь тавилангийн эзэд болсон гурван хөөрхөн ихрийн аав Б.Ууганхүүтэй ярилцлаа.

Тэрбээр гурван сарын өмнө гурван ихрийн аав болж, бөөн баяр хөөр болжээ. Гэхдээ Б.Ууганхүү, Х.Отгонтуяа хоёр ихрүүдээсээ өмнө нэг У.Идэрбаяр хэмээх хөөрхөн хүүтэй залуу аав ээжүүд аж.

Тодруулбал, Дорнод аймгийн иргэн, залуу хос Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нар 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр гурван ихэр хүүхдээ (хоёр охин, нэг хүү) өлгийдөн авчээ. ЭХЭМҮТ-д ихрүүдээ төрүүлсэн бөгөөд "Ихрүүдээ хоёр сар хүргээд орон нутаг руугаа явж болно” гэж хяналтын эмч нь зөвлөжээ. Ингээд Улаанбаатар хотоос тэд Баян-Уул сумын төвд эмээгийндээ ирээд түр амьдарч байна.

Ингээд дөрвөн хүүхдийн аав Б.Ууганхүүгийн ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу. Гурван хүүхэд нь сайн уу?

-Сайн сайн байна уу. Манай гурван мама маш сайн байгаа. Өчигдөр гурван сар хүрлээ. Хайр татсан, эгдүү хүргэсэн жаалууд л эрүүл энх торниж байна даа.

-Өөрийгөө танилцуулаач?

-Намайг Б.Ууганхүү гэдэг. Айлын том хүү. Дороо нэг дүүтэй. Аав ээж минь хөдөө мал малладаг. Манай эхнэрийг Х.Отгонтуяа гэдэг. Ам бүл зургуулаа.

-Гурван ихэр хүүхэдтэй болно гэж бодож байсан уу. Анх эход гурван ихэр гэдгийг нь мэдээд баярласан уу. Эсвэл шоконд орсон уу?

-Гурван ихэр хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй бас бодоогүй. Эхнэр маань эход харуулаад гурван ихэр гэж хэлэхэд нь ёстой баярлаад шоконд орсон. Бурханы хосгүй үнэт бэлэг гэж бодоод бид хоёр ихэр гэдгээ бусдад хэлэлгүй нам нуучихсан. Эхнэрийн минь гэдэс их томорсон. Хүмүүс ихэр байхаа гэж асуугаад байхаар нь “Тиймээ” л гэж хэлсэн. Гэхдээ гурван ихэр гэж хэлээгүй.

-Хэнийх нь талд ихрийн удам байна. Хөөрхөн гурван үрсдээ хэн хэн гэж нэрийдсэн бэ?

-Манай ихрийн тал удамтай. Манай том хүүг Манай ихрүүдийг У.Идэрбаяр гэдэг хоёр нас хүрч байна. Ихрүүдийг маань У.Цолмонгэрэл, У.Цолмонбаяр, охиныг нь У.Цолмончимэг гэж нэр хайрласан.

-Өө, том хүү нь бага настай юм байна шүү дээ, дүү нартайгаа барьцаж байна уу?

-Тийм. Барьцалгүй яах вэ. Гэхдээ агаа болсон гэдгээ зөнгөөрөө мэдрээд байх шиг. Ээжтэйгээ нэг их зууралдахгүй биеэ дааж байгаа шүү, миний хүү. Өөрийн өөрийгөө саатуулаад их тоглоно.

-Ихрүүд асаргаа арчилгаа шаардана, дээр нь пампарс, сүү гээд хэрэглээ их орно доо. Гурван ихэр хүүхдэд улсаас ямар дэмжлэг үзүүлдэг бэ?

-Тийм. Арчилгаа шаардагдана шүү. Ажилгүй хүмүүст хэрэглээ их байна. Нэмэлт сүү, живх гээд мөнгө их орно. Гэхдээ яах вэ, олныхоо дэм тус, үрсийн буян заяа түшиж болж байна. Гурван хүүхдэд улсаас есөн сая төгрөг өгсөн. Дөрвөн хүүхэд өсгөх амаргүй байх. Одоогийн энэ хүнд цаг үед цалин орлого багатай, байхгүй гэр бүлд амаргүй. Гэлээ гээд муу амлаж, муухай харагдуулахдаа гол биш. Миний дөрвөн хүүхэд амны хишигтэй байх болов уу.

-Та ямар ажил хийдэг вэ?

-“Дорны хүдэр” ХХК-д ээлжийн ахлах хийдэг байсан. Энэ цар тахалтай үед ажил зогссон. Ямар ч орлогогүй болсон. Одоо эхнэртээ туслаад ихрүүдээ харалцаж, өсгөлцөж байна.

-Айл гэр болж, ажил хөдөлмөрийн гараагаа дөнгөж эхэлж буй залуу хосыг гэр оронтой болгохоор хандивын аян өрнүүлж эхэлсэн байна билээ. Хаанаас санаачилсан аян бэ?

-Одоогоор Баян-Уул суманд хадмындаа амьдарч байна. Өөрийн гэсэн гэр орон байхгүй, төвхнөж хараахан амжаагүй ч хүсэл тэмүүлэл дүүрэн, аз жаргалтайгаар хөөрхөн үрсээ өсгөж байна.

-Ингэтэл эхнэртэйгээ анх хэрхэн яаж танилцаж байсан бэ?

-Оюутны дотуур байранд анх танилцаж байсан. Бид хоёр Дорнод аймгийн политехникийн сургуульд сурч байсан. Манай эхнэр маань нэг тийм ууч зөөлөн зантай хүн байдаг. Тайван талдаа гэхүү дээ. Бас сэтгэл нь их цагаахан сайхан бүсгүй бий.

Эхнэр Х.Отгонтуяа, том хүү У.Идэрбаяр 

-Залуу хосыг гэр оронтой болгох хандивын аяныг эхлүүлсэн байна билээ. Энэ хаанаас эхлүүлсэн аян бэ?

-Дорнод аймгийн Чойбалсан хот дахь Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс манай гэр бүлийг орон гэртэй болгохоор "Ихэр заяаг мялаая" хандивын аяныг орон даяар эхлүүлсэн байгаа юм билээ. Хандивын аян маш сайн идэвхтэй явагдаж байгаа гэсэн шүү. Маш их баярлаж байгаа.

-Залуу хүмүүс ирээдүйд их зүйл төлөвлөж зорьж байгаа байх. Зорилгоосоо хуваалцвал?

-Өө бодож санасан ажил бий. Гэхдээ хамгийн эхэнд буюу ойрын зорилго маань хөөрхөн үрсээ эрүүл саруул өсгөж торниулах байна даа.

-Гэр бүлд нь гэгээн сайн сайхан бүхнийг хүсье?

-Баярлалаа.

Дашрамд дурдахад, “Ихэр заяаг мялаая” хандивын аянд монголчууд болон Дорнод аймгийн түмэн олноо идэвхтэй нэгдэхийг уриалж байна.

Хандивын данс: ХААН БАНК 5300624308 Д.Батчимэг (Нутгийн зөвлөлийн санхүү хариуцсан ажилтан)

Санаачлан зохион байгуулагч: Дорнод аймгийн Баян-Уул сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл Чойбалсан хот дахь нутгийн зөвлөл

Харин ихрүүдийн аав Б.Ууганхүүтэй холбоо барих утасны дугаар: 99470311

О.Сайхан 

Гурван ихэр хүүхэдтэй болно гэж төлөвлөөгүй бас бодоогүй. Эхнэр маань эход харуулаад гурван ихэр гэж хэлэхэд нь ёстой баярлаад шоконд орсон. Бурханы хосгүй үнэт бэлэг гэж бодоод бид хоёр ихэр гэдгээ бусдад хэлэлгүй нам нуучихсан. Эхнэрийн минь гэдэс их томорсон. Хүмүүс ихэр байхаа гэж асуугаад байхаар нь “Тиймээ” л гэж хэлсэн. Гэхдээ гурван ихэр гэж хэлээгүй
Ярилцлага

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.