| | USD/MNT 0₮

Хүүхэд хүчирхийлүүлсэн хэргүүдийг тоолсоор л суух уу

Бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн хүчирхийлэлд уриалан дуудах шинжтэй гэмт хэргүүд нийгмийн томоохон асуудал болсоор удлаа. Олныг цочроосон хэргүүдийг тухайн үед мэдээлээд л, сошиалаар нэг давалгаалаад л маргааш нь мартдаг жишиг манайд олон бий. Бид энэ бүхэнд дөжирлөө гэжүү. Эсвэл ниргэсэн хойно нь хашгирсаар байх ёстой юу. Бид таван жилийн өмнө дөрвөн настай охиноо тархийг нь гоожтол зодож амийг нь хохироосон Цогт, Маралмааг аль хэдийнэ мартсан. Харин миний дурдах дараах хэргүүдийг ч тун удахгүй мартах биз.

Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 676 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртсөн байдаг. Харин 2020 он гарсаар 160 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт өртөж, хохирсон. Жилд дунджаар 400-500 орчим хүчингийн хэрэг үйлдэгддэг тэдгээрийн 50-60 хувь бага насны хүүхдүүд гэмтэж бэртэж, сэтгэл санаагаар хохирсон байдаг.

Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэдэг нь ганцхан бэлгийн харьцаанд орсноороо хүчирхийлэгдэж байна гэсэн үг биш юм. Хүүхдийг ямар нэгэн байдлаар садар самуунд уруу татах, эмзэг хүрч болохгүй газруудад нь хүчээр хүрэх, харах, нүцгэн байхыг шаардах гэх мэт бэлгийн дарамтад байлгах эдгээр үйлдлүүд нь өөрөө бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн хүчирхийллийн бүрэлдэхүүнд хамаардаг. Хэдхэн жилийн өмнө Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагчдийг багш нь зодож, улмаар элэг нь бяцарсан гэх оноштойгоор хагалгаанд орсон хэрэг ч бүртгэгдсэн.

Энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байгаагийн нэг гол шалтгаан нь гэр бүлийн болоод ойр дотны хүмүүсээр үйлдэгддэгт байгаа юм. Энэ тохиолдолд хуулийн байгууллагад хандалгүй нуух, гэмт хэрэг үйлдсэн этгээдтэй тохиролцох зэргээр хэргийг хаадаг тул жилээс жилд бага насны хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөөр байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд, өчигдөр 13 настай бяцхан охиныг 30 настай эр хүчиндсэн жигшүүрт хэрэг гарлаа. Тухайлбал, Архангай аймагт бага насны хүүхдийг хүчиндсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиж шалгахад 13 настай Г-г 30 настай Ц.А хүчиндсэн болохыг тогтоож, Архангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Карантины эдгээр өдрүүдэд уг төрлийн гэмт хэрэг улам их бүртгэгдэх болсон талаар албаныхан ч хэлж буй. Тухайлбал, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан хэлэхдээ “2020 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 162 хүүхэд бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9 хувиар буурсан үзүүлэлт.

Өмнөх жилүүдэд нийт хүчиндэх гэмт хэргийн 20-30 хувийг хүүхэд эзэлдэг байсан. Харин одоо нийт хүчиндэх гэмт хэргийн 63 хувийг нь хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдэж байна” гэсэн юм.

Нийгмийн ийм эмзэг асуудал гарсаар байхад төрийн томчууд сандал суудлын хэрүүл хийж, хэл амаа билүүдэж суугаа нь харамсалтай. Хүүхэд, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, тэдний төлөө дуугарна хэмээн ард түмний итгэлийг олж парламентад сонгогдсон эмэгтэй гишүүд ч өнгөрсөн хугацаанд дорвитой зүйл хийсэнгүй. Харин одоо бол тэднээс шаардъя. Хэдий болтол хүүхдүүд ухамсаргүй, ухаангүй томчуудын гарын “шүүс”, золиос болсоор байх вэ, бид хүүхэд хүчирхийлүүлж зэрэмдэглүүлсэн хэргүүдийг тоолсоор суух уу.

Бага насны хүүхдийг хүчирхийлэх, бэлгийн хүчирхийлэлд уриалан дуудах шинжтэй гэмт хэргүүд нийгмийн томоохон асуудал болсоор удлаа. Олныг цочроосон хэргүүдийг тухайн үед мэдээлээд л, сошиалаар нэг давалгаалаад л маргааш нь мартдаг жишиг манайд олон бий. Бид энэ бүхэнд дөжирлөө гэжүү. Эсвэл ниргэсэн хойно нь хашгирсаар байх ёстой юу. Бид таван жилийн өмнө дөрвөн настай охиноо тархийг нь гоожтол зодож амийг нь хохироосон Цогт, Маралмааг аль хэдийнэ мартсан. Магад миний дурдах дараах хэргүүдийг ч тун удахгүй мартах биз.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.