| | USD/MNT 0₮

Г.Рэгзэдмаа:Халдвартай байсан ч хамаагүй хариуцлагаа би үүрнэ. Хөххот руу явж ажлаа хиймээр байна

Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахал өнгөрсөн оны нэгдүгээр сараас эрчимтэй тархаж,  улс орнууд хөл хорио тогтоож эхэлсэн. Мөн БНХАУ болон Монгол Улс хөл хорио тогтоосон.

Хөл хорио тогтоож эхлэх үеэр урд хөршөөс Монголдоо ирсэн иргэд буцаж чадахгүй байгаа талаар манай сайтад нэгэн эмэгтэй хандсан юм. Түүнийг Гантулгын Рэгзэдмаа гэдэг бөгөөд Хөххотод монголхэлний багш хийдэг бөгөөд эх орондоо ирээд буцаж чадахгүй хүнд нөхцөл байдалд орсон байгаа юм.

Түүний хувьд УОК, Засгийн газар, Гадаад харилцааны яам, Консулын газар гээд яваагүй хандаагүй газар байхгүй байна. Тухайлбал холбогдох байгууллагуудад 62 өргөдөл өгсөн ч албан хариу бараг авч чадаагүй. Амаар хариу авдаг гэнэ. Ингээд түүнтэй ямар шалтгаан нөхцлийн улмаас Хөххот руу буцаж чадахгүй байгаа талаар ярилцлаа.

-Гадаад харилцааны яаманд удаа дараа хандаж хүсэлт өргөдөл өгөөд байгаа гэсэн үү. Ямар нэгэн нааштай хариу хүлээж авч чадахгүй байна уу?

-Бидэнд хамааралтай шийдвэр гаргахгүй нэг жил боллоо. Гол асуудал юу бэ гэхээд урд хувиараа бизнес буюу хоолны газар, дэлгүүр үйлчилгээний газар ажиллуулж байсан хүмүүс эх орондоо ирчихээд буцаж чадахгүй гацчихсан. Компанит ажил хийдэг мөн оёдлын цех ажиллуулдаг хүмүүс ч байна. Тэдний зарим нь тодорхой визтэй, визгүй ч хүн бий. Тэд буцаж ажлаа хиймээр байна.

-Нийтдээ хэдэн хүн урагшаа явж чадахгүй “гацсан байдалтай” байгаа юм?

-Манай групп бол нийт 50 гаруй хүн байна. Хүлээлтийн байдалтай өдөр хоногийг өнгөрөөсөөр. Өөр группүүдтэйгээ нийлэх юм бол 100 гаруй хүн байгаа.

Гол шалтгаан гэвэл бид амьдарч ажилладаг хот руугаа буцаж ажлаа хиймээр байгаа юм. Энэ асуудлаа холбогдох газруудад нь олон удаа санал хүсэлтээр өргөн барьсан ч “Та нарын асуудал шийдэгдэх боломжгүй. Гэр бүлийн баталгаатай, баталгаагүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэнэ” гээд ажилчин бид нарын асуудлыг царцаагаад байна.  Бид нарыг хуваахгүйгээр нийлүүлж нэгтгээд хилээр урагш нь гаргаад өгөөчээ гэсэн хүсэл тавиад ч нэмэр алга.

Эхний ээлжинд 50 хүн гаргасан гэсэн. Үүнийгээ бол “Эрээн хот 50 хүн хүлээж авах боломжтой” байна гэж хэлчихээд дараа нь 250-513 хятадуудыг гаргасан юм билээ. Түүн дотор монголчууд гараад явсан юм билээ.

-Та нар яг хэзээ ирсэн юм бэ. Ямар зорилготой эх орондоо ирсэн юм?

-Өнгөрсөн жил яг өдийд урд хөршид ковид гарсан. Энэ өвчин гарангуут Монгол болон Хятадын талаас ч тэнд түр хугацаагаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг “Хил түр хаах шийдвэр гарлаа. Та бүхэн хоёрдугаар сарыг дуустал эх орондоо түр хариад ирнэ үү” гэхэд бид бараг өмсч байгаа хувцастайгаа шахуу гараад ирсэн юм. Ямар ч бэлтгэлгүй. Гэтэл буцаж чадахгүй энэ байдал нь өнөөдрийг хүртэл даамжираад нэг жил болчихлоо.

Энд ирчихсэн хэрнээ тэнд байгаа ажлын байраа алдахгүй гэсэндээ түрээсээ үргэлжлүүлэн төлж байна. Зарим нь санхүүгийн хүндрэлтэй байдалд орж эхэлсэн. Монголд коронавирусийн нөхцөл байдлаас үүдэж ажлын байр алга, хувиараа ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломж байхгүй. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд хөл хорио тогтооход Монголд эдийн засгийн нөхцөл байдал ямар болж байгааг та бүхэн харж байгаа байх. Гэтэл бид нар энд ирээд бүтэн жил боллоо ажилгүй, мөнгө төгрөг байхгүй хэцүүдээд жил боллоо.

-Таны хувьд Хөххотод ямар ажил эрхэлдэг вэ?

-Би Хөххотод сургалтын төв ажиллуулаад монголхэлний хичээл заадаг багшаар найман жил ажиллаж байна. Жижигхэн сургалтын төв нээчихсэн. Хажуугаар нь байр түрээслэж амьдардаг. Одоо хоёр байрны түрээс өгч чадахаа байгаад зөвхөн нэг байрны түрээс төлөх чадамжтай тул нэг байрны эд хогшлоо нөгөө байр буюу амьдарч байсан байрандаа нүүлгэн оруулсан байгаа. Тэгсэн мөртлөө нэг байрны сарын түрээс гэж 2000 юань өгч байна. Энэ нь монгол мөнгөөр бол 900 гаруй мянган төгрөг болно. Ажлын байраа алдахгүй тулд би түрээсээ төлөх ёстой. Надаас гадна бас нэг эгч Хөххотод гурван дэлгүүр ажиллуулдаг байсан бол энэ нөхцөл байдлаас болоод хоёр дэлгүүрийн түрээс гэж 40 гаруй сая төгрөг төлсөн байгаа юм билээ.

-Ам бүл хэдүүлээ бэ. Гэр бүлийн байдал?

-Би өрх толгойлсон эмэгтэй. Хүүтэйгээ амьдардаг. Яг үнэндээ өнөөдрийн нөхцөлд гэж хэлвэл би өөрөөсөө гадна долоон ам бүл тэжээдэг. Одоо ажил төрөлгүй, мөнгө төгрөггүй болохоор шөнө унтаж чадахгүй байна. Тэр ч битгий хэл биднийг “Та нар эх орондоо ирээд цар тахалд хамрагдаагүй байгаадаа баярла” гэж хэлээд байгаа. Үгүй шүү, өвчнийг нь туссан ч хамаагүй, бид явмаар байна. Очиж ажил төрлөө хиймээр байна. Ардаа хүүхэд, эцэг эхээ тэжээж байна. Манай аав группэд байдаг бол ээж минь сахрын өвчтэй. Хоёулаа өвчтэй гэсэн үг. Эм, эмчилгээний мөнгийг нь би өгдөг байсан. Манай дүү БНСУ-д ажиллаж байгаад ирсэн юм. Харамсалтай нь хөлөө хугалаад хэвтрийн хүн болсон. Эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. Тэр хүмүүст би мөнгө өгдөг.

-Таны хувьд онлайнаар хичээлээ заагаад мөнгөтэй болох боломж байхгүй юу?

-Одоо онлайнаар хичээл зааж бага ч гэсэн мөнгө олж ар гэрээ тэжээж байна. Өнгөрсөн жил би өөрөө ном бичиж хэвлүүлээд худалдаанд гаргасан. Номынхоо ашгаар байрны түрээсээ төлж, ар гэрийнхнийгээ тэжээж байна.

-Монголын тал Хятадын тал гадны улс орны иргэдийг хүлээж авахгүй гэсэн шийдвэрийг гаргачихсан биз дээ. Зөвхөн өөрийнхөө иргэдийг татан авч байгаа гэсэн үү?

-Монголын тал “Хятадууд гадны улс орны иргэдийг хүлээж авахгүй” гэсэн шийдвэр гаргачихсан гээд хэлээд байгаа юм. Үнэндээ бол бид нар Хятадын тал руугаа утсаар холбогдож ярихаар “Монголын тал шийдвэр гаргавал бид хүлээж авахад бэлэн” гэдэг. Гэтэл Монголын тал нь “Хятад халдвартай юм чинь угаасаа оруулахгүй” гээд нөгөө л хэлдэг албаны үгээрээ ам таглачихаад байх юм. Бид нар гайхаш тасарч байна.

Зарим иргэдийн визний хугацаа дуусч, дуусах гээд байна. Тиймээс Япон улсаар дамжаад явахаар Гуанжуд хөл хорионд 14 хоног орж байгаа юм билээ. Ингээд явахаар нэг хүнээс гарах замын зардал гэхэд бараг 18-19 сая төгрөг болж байх жишээний. Нэг жил ажилгүй байсан хүмүүст ийм хэмжээний мөнгө байж чадах билүү.

-Гадаад харилцааны яам болон Консулын газарт нийт хэдэн удаа хандсан юм бэ. Ямар хариу хүлээж авах уу?

-Гадаад харилцааны яам бидэнд албаны биш аман хариу өгдөг. “Та хэд хүлээж бай” гэдэг. Би Засгийн газрын тэргүүн байсан У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатарыг байхад нь хүсэлт өглөө. Тэдний зүгээс бичгээр хариу ирдэг. Ингэхдээ тэд Консулын газрын дарга Л.Мөнхтүшигт хандаж “Эдгээр хүмүүсийн асуудалд судалгаа хийгээд, асуудлыг нь шийдвэрлээд өгнө үү” гэсэн байдлаар хэлдэг юм билээ. Гэтэл тэр асуудал нь Консулын албан дээр базагдаад шийдвэр байхгүй. Бидний тавьсан хүсэлт замхраад алга болдог.

-Та өчигдөр бас Консулын газарт очиж уулзсан уу?

-Тийм. Өчигдөр очиж уулзлаа. Мөн л нөгөө тайлбараа хэллээ. Тухайлбал, “Та нарын асуудлыг шийднэ. Хоёрдугаар ээлж гэж байгаа. Хятад иргэдтэй гэр бүл болсон хүмүүсийг гараад дууссаны дараа та нарын асуудал шийдэгдэнэ. Бараг 3, 4 сарын дараагаас наашгүй гэсэн хариу хэлж байна. Халдвартай байсан ч хамаагүй би хариуцлагаа өөрөө хүлээнэ. Ажилдаа явахгүй бол ар амьдрал хэцүүдлээ. Үүнийг холбогдох албаныхан ойлгоосой билээ.

-Хятад иргэдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд болон эрчүүдийг урагш нь гаргасан талаар албаны мэдээлэл гарсан даа?

-Тэд нарыг гаргаад байна уу гэхээр бас үгүй юм байна. Сая хятад иргэдтэй хамт 16 хүн явууллаа гэсэн чинь нөгөөдүүл нь бүгд гэр бүлийн баталгаагүй, эсвэл бид нар шиг бизнес эрхэлж байсан хүмүүс сиймхий ашиглаад гараад явчихсан байгаа юм. Энэ талаар ерөөсөө мэдээлэл гадагш гаргахгүй байна. Энэ асуудлыг нь хэлэхээр “Та нар нотлох баримтаа гаргаад ир” гэдэг. Нөгөө хүмүүс нь урагшаа гарчихаад мэдээлэл өгөхгүй, мэдээллээ хаачихаад байна. Яг ямар шугамаар яаж гарсан бэ гэдэг нь бүрхэг тодорхой бус байгаа юм. Тэгэхээр юу гэж харж, хардаж байна вэ гэхээр хахууль өгч байна уу, эсвэл гадны нөлөөлөл ороод тэр хүмүүсийг гаргаад байна уу гэж хардаг. Өмнө нь хахууль өгөөд урагшаа гарсан хүүхнүүдийн бичлэг баримт ирсэн байгаа юм билээ. Надад ч бий. Тэрийг нь хэсэг хүүхнүүд барьж яваад Гадаад харилцааны яам дээр бөөн асуудал үүсгэсэн юм билээ. Гэтэл Л.Мөнхтүшиг дарга “Би наад асуудлыг чинь мэдэхгүй. Та нар тагнуул болон АТГ-таа өгч болно шүү” гээд хаячихдаг. Тэгэхээр хуулиа мэдэхгүй хэдэн эмэгтэйчүүд яаж ч чадахгүй байдалд хүрчихнэ.

-Хөххотод цар тахал гайгүй хөл хориогүй, сургууль цэцэрлэг болон үйлчилгээний байгууллагуудынх нь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа юу?

-Бүх зүйл хэвийн явагдаж байгаа. Бид одоо хаана хандахаа мэдэхгүй байна. УОК биднийг хүлээж авахаа больсон. Имэйлээр өргөдлөө өг гэдэг. Миний хувьд 62 удаа өргөдөл өгсөн байна. Гурван газраас албан хариу өгч, гол хариу өгөх ёстой Гадаад харилцааны яаманд албан бичиг өгсөн гэдэг. Гэвч бидэнд үзүүлдэггүй.

Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх Л.Мөнхтүшиг даргыг загнасан даа. Та санаж байвал “Гадаадад бизнес эрхэлж байгаа хүмүүсийг туйлдуулж болохгүй” гээд загнаж, эдгээр хүмүүсийн асуудлыг шийдвэрлэ гэсэн. Тэр үед 109 хүн гарын үсгээ зураад өргөдөл өгсөн. Ажиллаж амьдардаг 22, гэр бүлийн баталгаагүй 15, бусад нь баталгаатай гээд урагшаа явах хүсэлтээ өгсөн. Тэрнээс 26 хүнийг гаргаад ам хаачихсан юм. 26 хүн гарснаас хойш дахиад хүүхэдтэй 16 хүн гараад таг болсон.

-Одоо урд хөрш рүү явах хүсэлтэй байгаа нийт хэчнээн хүн байгаа юм бэ?

-Бараг 200 гаруй хүн байна. Монгол халдварыг дотооддоо алдаагүй байхдаа эдгээр иргэдийг 50, 50-иар нь гаргана гэж ярьсан байсан. Гэвч 11 дүгээр сард дотооддоо алдаж хөл хорио тогтоосон. Бид нарыг нийлүүлээд нэгтгээд гаргаад өгөөчээ гэж гуйгаад нэмэр алга.

Холбогдох албаныхан хуулиараа нэг сонин юм ярьдаг. Бид буруутай юм шиг. Урд олон жил ажилласан хүмүүс Хятадын талдаа бүртгэлтэй, Өвөрмонголынхоо цагдаа нараас таньж мэднэ. Тэд нараасаа мэдээлэл авч байна. Сая надтай 500 гаруй оюутнууд холбогдсон. Европ болон өөр улсын оюутнуудыг хүлээж авч байгаа юм байна.

-Монгол Улс хэзээ хилээ нээх нь тодорхойгүй. Ковидын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна?

-Монгол Улс хилээ нээх асуудлаа эртхэн цэгцэлмээр юм. Хэрэв долдугаар сард нээх бол урьдчилаад бүх төлөвлөгөөгөө гаргахгүй бол аялал жуулчлалын салбарынхан аяллын захиалгаа дор хаяж хоёр сарын өмнө авдаг. Монгол Улс өөрөө хилээр ирэх жуулчдад заавал вакцинд хамрагдсан байх шаардлагатай заавал зөвшөөрөлтэй байх хэрэгтэй гэдэг хууль ёсны шаардлага гаргавал болно.

Ер нь бол аялал жуулчлалын салбар чинь бүтэн нэг жил элгээрээ хэвтлээ маш олон компаниуд дампуурлаа зарлалаа. Тэрийгээ дагаад хөтөч, жолооч нар ямар ч ажилгүй нэг жил боллоо. Аялал жуулчлалын улиралд мөнгө олдог жижиг дунд бизнес эрхлэгчид дампуурлаа. Олон жуулчны бааз, амралтын газрууд хэцүүдлээ. Энэ талаарх зохицуулалтаа эрхтэн хиймээр юм.

О.Сайхан 



Би өрх толгойлсон эмэгтэй. Хүүтэйгээ амьдардаг. Яг үнэндээ өнөөдрийн нөхцөлд гэж хэлвэл би өөрөөсөө гадна долоон ам бүл тэжээдэг. Одоо ажил төрөлгүй, мөнгө төгрөггүй болохоор шөнө унтаж чадахгүй байна. Тэр ч битгий хэл биднийг “Та нар эх орондоо ирээд цар тахалд хамрагдаагүй байгаадаа баярла” гэж хэлээд байгаа. Үгүй шүү, өвчнийг нь туссан ч хамаагүй, бид явмаар байна. Очиж ажил төрлөө хиймээр байна. Ардаа хүүхэд, эцэг эхээ тэжээж байна. Манай аав группэд байдаг бол ээж минь сахрын өвчтэй. Хоёулаа өвчтэй гэсэн үг. Эм, эмчилгээний мөнгийг нь би өгдөг байсан. Манай дүү БНСУ-д ажиллаж байгаад ирсэн юм. Харамсалтай нь хөлөө хугалаад хэвтрийн хүн болсон. Эхнэр нь өнөө маргаашгүй төрөх гэж байгаа. Тэр хүмүүст би мөнгө өгдөг.
Ярилцлага

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.