| | USD/MNT 0₮

Л.Батсайхан:Цаг зудын нөхцөл байдал хүнд байна

Энэ жил Баянхонгор аймаг ган ганчигтай зун болж өнгөрсөн. Үүнээс үүдэж зарим сумдад бэлчээрийн гарцгүй болж, малчид отор нүүдэл хийж явсаар өвөлтөй золгосон билээ. Ингээд цаг үеийн нөхцөл байдал ямар байгаа талаар Галуут сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Л.Батсайхантай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өвөл хүйтний эрч, цар тахал зэрэгцсэн жил байна. Сум орон нутгийн цаг үеийн байдлаас яриагаа эхлүүлье?

-Энэ өдрийн мэнд ээ. Дэлхий нийтийг цочироож буй цар тахал холуур байгаа нь сайн хэрэг. Сум орон нутгийн хувьд цаг зудын байдал хүнд байна. Энэ жил өвс ногоо муу. Гэхдээ хангайдаа говийн сумдыг бодвол арай дээр гарсан. Энэ утгаараа маш их эзэнтэй, эзэнгүй мал ирж өвөлжиж байна. Зарим малчид отор нүүдэл хийж өөр аймаг, сумын нутагт өвөлжиж байгаа ч буцаж ирэх нь их байна. Орон нутгийн нөөц боломжоор өвс тэжээл бага шиг нийлүүлж одоо үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх боломж бага болоод байна.

-Орон нутгийн хөгжлийн сангаас малчидаа дэмжиж байна уу?

-Энэ жил Орон нутгийн хөгжлийн санд өвлийн хүнд хэцүү цагт малчидаа дэмжих чиглэлээр 85 сая төгрөг баталсан ч одоо ашиглаж зарцуулж чадаагүй л байна. Улс, аймгийн түвшинд өвс тэжээлийн дэмжлэг ирж байгаа ч энэ өвлийн тухайд хүрэлцээ чанар муу, өндөр үнэтэй байна. Нэгдсэн Үндэсний байгууллага, Улаан загалмай, УИХ, Засгийн газрын дэмжлэг тодорхой бүлэг хэсэгт тус хүргэж буйд талархаж байна. Гэхдээ ирж буй өвс тэжээлийн чанар, хамрагдаж буй иргэдийн судалгаа түгээлтэнд анхаарах хэрэгтэй байна. Малчин өрх бүрт өгөх 300.000 төгрөгийн үнэ бүхий өвс тэжээлийн дэмжлэг оройтож байна. Өрх бүр малчны тамга, Өрх бүр утасны дугаар гэх мэт мэдээллийг одоог хүртэл аль ямар хэсэгт өгөх талаар тодорхой бус мэдээлэлтэй байна.

-Орон нутагт малчдын асуудал их хөндөгдөж  байна. Төр засгийн бодлого шийдвэр болон малчин өрхийн нөхцөл байдлын тухайд?

-Малчид болон мал бүхий иргэд хөдөө төвгүй хэдэн малаа онд мэнд оруулахын төлөө зах зээлд боломжоороо борлуулан өвс тэжээлд зориулан ихээхэн зүтгэл гаргаж хичээж байхад төр засгийн зүгээс дэмжиж туслах ажлаа шуурхай хурдан гүйцэтгэх тал дээр анхаармаар байна. Жишээ нь  ОНХ-ийн сангийн хөрөнгө мөнгийг зарцуулах эрхийг нээх, нөөцөд байгаа өвс тэжээлийн үнэ, хангалтанд анхаарах, Бензин тосны үнэ, эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарах нь тэргүүний асуудал юм.

Мөн зах зээлд мал борлуулах ажлын хажуугаар үхсэн малын мах худалдан авах, түүхий эдийн үнэ, малын хулгай, малын эрсдэл хорогдолд анхааран ажиллах хэрэгцээ шаардлага үүсч байна.

-Зөвхөн малчин гэлтгүй орон нутагт цаг үеийн байдал хэрхэн нөлөөлж байна?

-Малаас гадна байгалийн бэрхшээл ган зудын нөлөөгөөр малчид маш ихээр оторлон ан амьтан амгалан тайван байхаас эхлээд өвс усны хомсдолд орж, бэлчээр шахагдан дайжиж, эндэх осолдох устахыг ч үгүйсгэхгүй болоод байгаа. Нэгдүгээрт, Ан амьтан бэлчих нутаггүй болж байна. Хоёрдугаарт, Өвс тэжээл, хужир шүүны хомсдолд орж байна. Гуравдугаарт, Холбогдох мэргэжлийн байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэнд хяналт муу тавьж байна. Тусламж дэмжлэгээр ирсэн өвс чанар маш муу байгаа нь нийлүүлж байгаа газартаа хяналт шаардлага тавихгүй байна.

Үнэгүй өгч байгаа ч гэсэн өртөг зардал, цаг заваа гарган ирж байгаа малчдыг бодох хэрэгтэй байна. Иймд одоо өгөх дэмжлэгийн өвс тэжээлийн чанарт маш сайн анхаарах шаардлагатай. Нийлүүлж буй хүмүүс сэтгэлтэй хандах нь чухал. Малчин бүр бүрэн сүлжээнд хамарч гар утас хэрэглэдэггүй гэдгийг мэдмээр байна. Утасны дугааргүй малчинд өгөхгүй ч гэх асуудал гарсан. Тийм тэнэг шаардлага гаргаж болох уу. Малчин бүр өөрийн биеэр ирж авна ч гэж байх шиг. Отроор алс хол яваа малчдад ямар хатуу шийдэл байгааг бодлого барьж байгаа мэргэжилтэнүүд биеэрээ явж танилцах хэрэгтэй.

-Нэн шаардлагатай байгаа зүйлүүд юу байна вэ?

-Малын хөлийн зуд, хүйтний эрчинд нэрвэгдэж малчдын үхэр, адуу маш ихээр хорогдоод байна. Цас бага багаар нэмсээр зарим газраа мал бэлчиж идээшлэх боломж муудсаар л байгаа. Бүтэн гурван сарын нутаг бэлчээр, өвс тэжээл хэрэгцээтэй байна.

Мөн малчин түмний амьжиргааны эх үүсвэр мал сүрэг эргэлтэнд орж эзэн улсаа баярлуулдаг хэдий ч эрсдэлд орж эдийн засаг нийгмийн хөгжилд ихээхэн хохирол учруулж мэдэхүйц түвшинд хүрч буйд хаа хаанаа анхааран ажиллах хэрэгцээ шаардлага маш ихээр үүсч байнаа. Иймд Улс, аймаг, сумын түвшинд анхаарал дэмжлэгээ цаг алдалгүй хүргэж зохих дэмжлэг туслалцааг бодлогын түвшинд ярилцан тунгааж авах арга хэмжээ төсөл, хөтөлбөр төлөвлөгөө гаргана гэдэгт итгэж найдаж байна.

Малчдын талаар баримтлах бодлого, шийдэл, дэмжлэг, тусламж, Малын ангилал бүртгэлжүүлэлт, Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүний зах зээлийн талаар авах арга хэмжээ, Малчид, малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо гэх мэт хамтын ажиллагаа нэн шаардлагатай байна.

- Цаг үеийн байдлаар мэдээлэл өгсөн танд баярлалаа?

-Хахир хатуу хүйтэн, өвс тэжээл муутай энэ хүнд өвлийг зах зээлд боломжит малаа борлуулан, отор нүүдэл хийж өөрсдийн хүч бололцоог дайчлан эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй малчиддаа малын гаралтай түүхий эд, идээ цагаа хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшны өсөлт, өвс тэжээлийн үнийн хөнгөлөлт, цаг агаар, цаг үеийн байдлын мэдээ мэдээлэлээр хангах, тусалж дэмжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд туслахыг хичээж л байна.

Өвлийн сарыг өнтэй давж хаврын сар хавсрага шуурга багатай байвал малчдын золбоо хийморь бадарч малын зоо нуруу тэнийж сайхан зуныг угтаасай билээ л гэж бодож байна. Малдаа хөрөнгө оруулалт хийж хашаа хороогоо сэлбэж, отор нүүдэл хийж, өвс тэжээлээр дэмнэн тэтгэж буй малчид мал бүхий иргэддээ талархаж байнаа мөн хандив тусламж үзүүлж хамтран ажиллаж буй нөхөд, хамт олонд ч баярлалаа. Цагийн хатууг алдаа хохирол багатай амжилттай даван цаашид бие сэтгэл амгалан мал сүрэг төлөөрөө өсөж малчин бүр машид жаргалтай өнөр өтгөн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Энэ жил Орон нутгийн хөгжлийн санд өвлийн хүнд хэцүү цагт малчидаа дэмжих чиглэлээр 85 сая төгрөг баталсан ч одоо ашиглаж зарцуулж чадаагүй л байна. Улс, аймгийн түвшинд өвс тэжээлийн дэмжлэг ирж байгаа ч энэ өвлийн тухайд хүрэлцээ чанар муу, өндөр үнэтэй байна. Нэгдсэн Үндэсний байгууллага, Улаан загалмай, УИХ, Засгийн газрын дэмжлэг тодорхой бүлэг хэсэгт тус хүргэж буйд талархаж байна. Гэхдээ ирж буй өвс тэжээлийн чанар, хамрагдаж буй иргэдийн судалгаа түгээлтэнд анхаарах хэрэгтэй байна. Малчин өрх бүрт өгөх 300.000 төгрөгийн үнэ бүхий өвс тэжээлийн дэмжлэг оройтож байна. Өрх бүр малчны тамга, Өрх бүр утасны дугаар гэх мэт мэдээллийг одоог хүртэл аль ямар хэсэгт өгөх талаар тодорхой бус мэдээлэлтэй байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.