| | USD/MNT 0₮

Б.Эрдэнэбулган:Том хөхтэй эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх процесс өндөр байдаг

Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд эмчилгээндээ шинэ технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд "Korea Pharma" ХХК-иас УХТЭ-т Хөхний хавдрыг соруулж авах БНСУ-д үйлдвэрлэгдсэн Bexcore system аппаратыг хүлээлгэн өгчээ. 

Улсын хоёрдугаар төв эмнэлэг өнгөрсөн оноос эхэлж хөхний хоргүй хавдрыг соруулан авах мэс заслыг 22 эмэгтэйд амжилттай хийжээ.

Энэ талаар тус эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн дарга, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Сайн байна уу. Сүүлийн үед хөхний хорт болон хоргүй хавдар нэмэгдэх хандлага их ажиглагдаж байна. Шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Хавдрыг хортой болон хоргүй гэж хоёр ангилдаг. Бид нар өнгөрсөн онд хоргүй хавдрыг соруулах шинэ технологийг нэвтрүүлж ажилласан. Хөхний хортой хавдар үүсэх олон шалтгаан бий. Дотоод шүүрлийн болон мөн гадаад шалтгаантай. Дотоод шүүрлийн шалтгаанд нь янз бүрийн горманы эм, эмчилгээнүүд холбоотой байдаг. Харин эм тариатай холбоогүй бусад шалтгаанууд гэвэл бас нэлээд бий. Тухайн хүний бие физиологийн онцлогтой холбоотой. Жишээлбэл маш эрт буюу дундаж наслалтаас эрт сарын тэмдэг анх ирсэн тохиолдолд, хэтэрхий хожуу анхны төрөлттэй байсан тохиолдолд, мөн цэвэршилт эрт явагдсантай гэх мэт шалтгаан нөхцөл бий.

Нийгмийн асуудалтай холбоотой ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад хөхний хорт хавдар нэлээд нэмэгдсэн байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр төрөлттэй холбоотой гэж үзнэ. Европын орнууд, Япон зэрэг орнуудад төрөлт нэлээд хожуу явагддаг болсон. Өөрөөр хэлбэл, анхны төрөлт нь хожуу явагдаж байна. Тодруулбал, 35 наснаас хойш насанд төрж байгаа нь хөхний хорт хавдрыг бий болгох нэлээд том шалтгаануудын нэг болж байна. Үүнээс гадна бие оргиназмын гаднах зохицуулалтад буюу гадны нөлөө, эм тарианы зохицуулга орсонтой холбоотойгоор хөхний хавдар үүсч байна.

-Танай эмнэлэг хөхний хорт хавдрыг соруулж авдаг технологийг нэвтрүүлсэн гэсэн. Энэ талаараа?

-Энэ эмчилгээний хамгийн гол онцлог нь хөхний хэлбэр, хэмжээг алдагдуулахгүйгээр зөвхөн хавдрын эдийг 0,5 см урттай жижиг нүхээр соруулж авдагт оршино. Мөн ерөнхий унтуулга хийхгүйгээр хэсгийн унтуулгатайгаар мэс заслыг гүйцэтгэдгээрээ онцлогтой. Өвчтөн мэс заслын дараа 2-3 хоногийн дараа эмнэлгээс гарах боломжтой байдаг. Өнгөрсөн онд хийсэн 20 гаруй мэс засал нь бүгд хоргүй хавдар байсан бөгөөд үүнийг хортой хавдар дээр хийх аргачлалыг бид онлайн байдлаар БНСУ-ын багш нараас суралцаж байна. Мэс засалд орсон иргэд 2-3 сарын зайтай хяналтын үзлэгт ордог бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн хүндрэл гараагүй.

Хавдрын бүтцээс шалтгаалж, мэс засалд орсон өвчтөнүүд 1-13 ширхэг хавдрыг соруулж авсан. Тус мэс засал эмчилгээ нэвтрээгүй байсан бол дээр дурдсан 20 гаруй иргэний хөхийг бүхэлд нь болон хэсэгчлэн тайрч хавдрыг авах байсан. Эмэгтэй хүн хөхөө тайруулснаар бие болон сэтгэл зүйд маш их өөрчлөлтөд ордог бөгөөд бид үүнээс сэргийлж чадсандаа маш их баяртай байна. 

-Эмэгтэй хүний хөхний даруулгаас шалтгаалж хавдартай болох магадлал маш өндөр байдаг гэдэг. Энэ үнэн үү?

-Ер нь бол судлаачид олон янзын судалгаа баримтууд гаргасан байдаг. Хөхний даруулгатай холбоотой хавдар үүсэх нь харьцангуй ойлголт. Шууд шалтгаан болж байна гэж хэлвэл бас үгүй юм.

Хөхний хавдар үүсэхэд бие физиологийн асуудлыг дээр дурдсан. Энэ дээр нэмээд хэлэхэд байгалиасаа том хөхтэй эмэгтэйчүүдэд хөхний хорт хавдар үүсэх процесс өндөр байдаг. Энэ бол нөлөөлөх хүчин зүйл. Жижиг хөхтэй байх тусам хавдар үүсэх процесс бага гэж үздэг. Тэгэхээр том хөхтэй эмэгтэйчүүдэд таарсан биед эвтэйхэн хөхний даруулга хийгээгүй, их бариу хөхний даруулга хэрэглэсэн тохиолдолд хавдрыг үүсгэх нөлөөлөх хүчин зүйл болж гэж үзэж байгаа юм.

-Бидний урьдчилан сэргийлж чадахгүй зүйл бол удамшил. Тэгэхээр хөхний хорт хавдартай эхээс төрсөн охинд хорт хавдар нь удамших боломж бий юу?

-Нийт хорт хавдрын өвчлөлийг удамшимтгай өвчин гэж үздэг. Энэ бол удмын өвчин биш. Удмын өвчин гэдэг нь ямар нэгэн өвчин үр удамд нь удамшиж дагалдахыг хэлдэг. Гэхдээ хорт хавдрын өвчнийг нийтэд нь ярихад удамшиж болохуйц гэж ярьдаг. Тэгэхдээ энэ хөхний хорт хавдар бол яг удамшлын өвчин биш. Харин бүдүүн гэдэсний хорт хавдар бол удамших хандлага нэлээд өндөртэй өвчлөлд тооцогддог. Хөхний хорт хавдрын хувьд харьцангуй бага, удамшимтгай шинж чанар бага гэж хэлнэ.

-Эмэгтэйчүүд гэлтгүй эрчүүдэд хөхний хортой, хоргүй хавдар үүсдэг гэсэн. Энэ юунаас шалтгаалах вэ?

-Эрэгтэй хүмүүст хөхний хорт хавдар гэхээс илүү хөхний эмгэг өөрчлөлтүүд үүсдэг. Энэ бол нэг хувь буюу түүнээс бага. Эрэгтэйчүүдэд тохиолдож байгаа хөхний өвчлөл бол нэг хувьд тохиолдолж байгаа гэсэн үг. Энэ дотроо бол хөхний хорт хавдар харьцангуй бага.

-Хөхүүл ээжүүдэд нэг зовлон бий. Горьдоод хөхөө өвтгөж хавдааж түүнээс үүссэн эмгэг явсаар байгаад хорт болон хоргүй хавдар болдог гэж ярьдаг юм билээ. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэл бэ. Мөн ийм тохиолдолд ямар аргаар эмчлэх вэ?

-Тухайн эмчилгээний мөн чанар нь тухайн өвчний үе шатаасаа шууд хамаардаг. Тэгэхээр бариа засал ч байдаг юмуу. Зарим нь хөхөө хагалууллаа гэдэг нь үе шаттайгаа шууд холбогддог. Жишээлбэл хэн нэгнээс горьдоод зангираад эхэлж байгаа тохиолдолд барьдаг илдэг хүн бариад зангирааг нь тавиулчихлаа гэж ярьдаг. Гэхдээ энэ тал дээр бол яг хийсэн баримттай судалгаа байхгүй учраас энийг зөв буруу, үндэслэлтэй юмаа гэж би дэнслэж хэлэхэд нэг талын байр сууриар хандах байх. Миний мэргэжилтэй холбоотойгоор бол тэр хөхний зангираа нь удчихсан, хүнд үедээ орчихсон, идээлж бугалаад халуураад байгаа тохиолдолд зайлшгүй мэс заслын аргаар эмчилдэг.

Өөрөөр хэлбэл хөхний хорт хавдрыг соруулж авдаг хөхний зангилаат идээт үрэвслүүдийг эмчилж болдог ийм туршлагыг бусад орнуудаас суралцаж байгаа. Тэгэхээр энэ хэрэглэж байгаа технологи бол зөвхөн хоргүй хавдар дээр биш шүү. Үүнийг бид нар цаашдаа хортой хавдар дээр хийнэ. Дээрээс нь хавдрын биш өвчлөл, ялангуяа хөхний үрэвсэл болон идээт үрэвслүүдийг эмчлэх боломжтой гэдгийг бусад багш судлаачдаас мэдээлэл авчихсан. Тэгэхээр удахгүй нэвтрүүлнэ.

-Хөхний хавдартай эсэхээ яаж мэдэх вэ. Ер нь ямар шинж тэмдэг илэрдэг юм бэ?

-Маш жижиг үе буюу эхэн үе шатандаа бол шинж тэмдэг илрэхгүй, үзүүлэхгүй байж болно. Эрт болон дунд үе шатандаа тухайн хэсэг газарт нэлээд өөрчлөлтүүд ажиглагддаг. Жишээлбэл, гараар тэмтрэхэд хөхөн дотор ямар нэгэн хавдарлаг зүйл мэдрэгдэх. Мөн зарим тохиолдолд гадна талд нь улайх, хөхний толгой цааш татагдах, хөхний толгойноос цусархаг шингэн гарах, томорсон тохиолдолд хоёр хөхний хэмжээ харилцан адилгүй болох, өвдөх, өвдөлт нь суга руугаа дамжих, суганы булчирхайнууд томрох шинж тэмдэг танд ажиглагдвал яаралтай эмнэлэг болон мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Гэхдээ бүгдээрээ нэг дор илрэхгүй байж болно. Харин дээрх шинж тэмдгүүдээс аль нэг нь илрэх юм бол цаг алдахгүй эмчид хандах ёстой. Мөн түүнтэй холбоотой шинжилгээнүүд өгөөд эмчилгээнүүд хийгдэх юм.

-Хөхний хорт хавдар нь хүндэрсэн эмэгтэй хөхөө тайруулахаас өөр сонголт байдаггүй. Харин одоо хорт хавдрыг соруулах аргаар эмчилж байна гэдэг нь хөхөө тайруулахаас илүү. Мөн хөхтэйгээ үлдэх үүнээс урьдчилан сэргийлэх арга гэж ойлгож болох уу?

-Шинэ технологийг нэвтрүүлнэ гэдэг нь тухайн өвчтөнд эмчилгээний сонголтыг бий болгож байна гэсэн үг. Хоёрдугаарт мэдээж уламжлалт мэс заслын аргаар эмчлэх эмчилгээ гэж бий. Үүнийгээ үгүйсгэж болохгүй. Энэ бол үе шаттайгаа шууд холбогдоно. Зарим тохиолдолд энэ соруулах эмчилгээг хийж болохгүй хэмжээнд хүрсэн тохиолдлууд бий. Ийм тохиолдолд бид мэс заслаа хийж тухайн хүний амьдралын хугацааг уртасгана. Эрт үедээ эмчлүүлэх бол тухайн хүндээ бага зовиуртай аргыг л хэрэглэнэ гэсэн үг. Үүнийг ч дэлхий нийтийн чиг хандлага зөвлөж байгаа.
Тэгэхээр бид өнгөрсөн онд хийсэн 20 гаруй тохиолдол дээр бид 95 хувьд нь хоргүй хавдар дээр хийсэн. Хоргүй хавдар дээр хийх нь тухайн эмчилгээний гол заалт. Нөгөөтэйгүүр тухайн эмэгтэйн гоо сайхныг алдагдуулахгүй байх, хөхний хэлбэр хэмжээг алдагдуулахгүй байх, мөн хөхөнд нь том хэмжээний шархи сорви үүсгэхгүй байх гэсэн олон талын асуудлыг нь харгалзана.

-Хөх гэдэг бол эмэгтэй хүнд их чухал эрхтэн. Гэвч хөхөө тайруулна гэхээр?

-Тийм. Эмэгтэй хүний хөх гэдэг эмзэг эрхтэн. Хүн болгон хүүхэд болгон эхийн сүүгээр ундаалдаг учир эмэгтэй хүний хөх гэдэг чухал нандин эмзэг эрхтэн. Аль болох эмэгтэйчүүдэд эмчилгээг нь сонголттой болгох нь чухал юм. Хөхийг нь заавал бүтнээр нь юмуу, талыг нь тайрахгүйгээр хөхтэй нь үлдээгээд муухай шарх сорви үүсгэхгүйгээр хэлбэр хэмжээг нь алдагдуулахгүй байх эмчилгээний сонголтыг өгөхийн тулд шинэ технологийг нэвтрүүлж эхэлсэн.

-Хавдрыг авах мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ хэр байдаг вэ?

-Хөхийг хэсэгчлэн болон бүтэн тайрахын дараа тухайн хүний бие эрхтэн тогтолцоо өөрчлөлтгүй, дахилтгүй тохиолдолд пластик мэс заслуудыг манайд тодорхой хэмжээгээр хийж байгаа. Хавдар судлалын үндэсний төв яг үндсэн хөхний хавдрынхаа мэс заслын эмчилгээ, түүний дараах туяа буюу химийн эмчилгээний асуудлыг хариуцдаг. Үүнээс гадна сүүлийн үед хөх орлуулах мэс заслыг нэлээд амжилттай хийж байгаа.

Миний сонссоноор бусад хувийн эмнэлгүүд дээр нөхөн сэргээх эмчилгээ, хагалгаануудыг хийж байгаа гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, хөхийг бүтэн авчихлаа гэхэд өөр газраас арьсны эдийг авчраад хөхөн дээр нь суулгаад аль болох ижил төстэй хэмжээтэй болгох байдлаар ийм хагалгаануудыг хийж нэвтрүүлж байгаа нь нэлээд сайшаалтай. Нөгөө талаар тухайн эмэгтэйд сэтгэлзүйн хувьд эерэг болж байгаа гол асуудал юм. 

-Ярилцсан танд баярлалаа?

-За баярлалаа.

Маш жижиг үе буюу эхэн үе шатандаа бол шинж тэмдэг илрэхгүй, үзүүлэхгүй байж болно. Эрт болон дунд үе шатандаа тухайн хэсэг газарт нэлээд өөрчлөлтүүд ажиглагддаг. Жишээлбэл, гараар тэмтрэхэд хөхөн дотор ямар нэгэн хавдарлаг зүйл мэдрэгдэх. Мөн зарим тохиолдолд гадна талд нь улайх, хөхний толгой цааш татагдах, хөхний толгойноос цусархаг шингэн гарах, томорсон тохиолдолд хоёр хөхний хэмжээ харилцан адилгүй болох, өвдөх, өвдөлт нь суга руугаа дамжих, суганы булчирхайнууд томрох шинж тэмдэг танд ажиглагдвал яаралтай эмнэлэг болон мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Гэхдээ бүгдээрээ нэг дор илрэхгүй байж болно. Харин дээрх шинж тэмдгүүдээс аль нэг нь илрэх юм бол цаг алдахгүй эмчид хандах ёстой. Мөн түүнтэй холбоотой шинжилгээнүүд өгөөд эмчилгээнүүд хийгдэх юм.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.