| | USD/MNT 0₮

Нялх биетэй эхийн төлөө дуугараагүй эмэгтэй гишүүд албан тушаалын төлөө амь орж эхлэв

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн чухал үйл явдлууд болж өрнөсөн. Ард иргэд туйлдаа хүрч, УОК-ыг огцрохыг шаардаж тайван тэмцэл хийсэн ч угтаа Засгийн газраа огцруулчихлаа. 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайн дураараа огцорч, 32 дахь сайдаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдож, тамга тэмдгээ хүлээн авсан. Өнөөдөр 11.00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ сайд танхимынхаа гишүүдийг эцэслэн танилцуулна. Ингээд өнөөдрийн чуулганаар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх танхим бүрдэнэ гэсэн үг юм.

Тэгвэл албан тушаалын сураг дуулдангуут унтаа байсан гишүүд маань сэрж, нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүйгээр тэмцэлдэж байгаа бололтой. МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд “Шинэ үеийн” гэх тодотголтой Засгийн газрын бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь буюу таван гишүүнийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэхийг хүссэн байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт таваас доошгүй эмэгтэй сайд ажиллуулахыг намынхаа удирдлагаас хүслээ.

Тэд ийнхүү шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнээр Монгол Улсын хэмжээнд нийгмийн тулгамдаад буй ядуурал, эрүүл мэнд, боловсрол, байгаль экологи, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж зэрэг олон асуудлуудад шинээр байгуулагдах Засгийн газрын бодлогыг чиглүүлж, хүний эрх, жендерийн тэгш байдлын мэдрэмжтэй бодлого шийдвэрүүдийг гаргахад чухал нөлөөтэй гэж үзжээ.

Гэхдээ тэд үнэхээр чухал асуудлуудад нөлөөлж чадах уу. Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, жендерийн асуудал, хүүхдийн эрхийн төлөө ямар асуудлууд дээр дорвитой дуугарсан бэ. Уг нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах нь юуны өмнө хөгжил, хүний эрхийн асуудал юм. Мөн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хамтын шийдвэрээр иргэд, улс үндэстнийхээ эрх ашиг, ардчилал, хүмүүнлэг, шударга ёсны зарчим бүхий тэгш эрхт нийгмийг цогцлоон бүрдүүлнэ гэсэн үг юм.

Гэтэл тэд хамгийн чухал мөчид дуугараагүй, бүлх залгисан мэт дуугүй л байсан. Энэ сарын 19-нд нялх биетэй эхийг харгис, хүнлэг бусаар ХӨСҮТ рүү тээвэрлэхэд ч тэд дуугүй л байв. Гэтэл албан тушаалын сураг дуулдангуут улай үзсэн хэрээ шиг гуагалж эхлэх нь УИХ-ын гишүүний ёс зүй мөн үү. Албан тушаалын зөөлөн сэнтийд залрахын төлөө хариуцлага, ёс зүй, гишүүний үүргээ мартаж орхидог ч харамсалтай.

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн чухал үйл явдлууд болж өрнөсөн. Ард иргэд туйлдаа хүрч, УОК-ыг огцрохыг шаардаж тайван тэмцэл хийсэн ч угтаа Засгийн газраа огцруулчихлаа. 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайн дураараа огцорч, 32 дахь сайдаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдож, тамга тэмдгээ хүлээн авсан. Өнөөдөр 11.00 цагаас МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ сайд танхимынхаа гишүүдийг эцэслэн танилцуулна. Ингээд өнөөдрийн чуулганаар Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх танхим бүрдэнэ гэсэн үг юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.