| | USD/MNT 0₮

А.Хишигбаяр:Цалинтай ээж хөтөлбөр зогсохгүй

Ирэх долдугаар сарын 01-нээс эхэлж Цалинтай ээж хөтөлбөрийг зогсооно гэсэн мэдээлэл хоёр хоногийн өмнөөс цацагдаж эхэлсэн билээ. Энэ мэдээлэл гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүдэд хүнд цохилт болсон. Сард 50 мянган төгрөг орлогогүй ажилгүй ээжүүдийн амьдралд их дэм болдог талаар ээжүүд ярьсан билээ.

Тэгвэл дээрх мэдээлэл хэр үнэн болох талаар Хөдөлмөр, нийгмйин хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяраас тодрууллаа.

-Цалинтай ээж хөтөлбөрийн тухайд танилцуулбал. Мөн ямар ээжүүд хамрагддаг вэ?

-Олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд тэтгэмж олгох тухай хууль 2017 онд батлагдсан. Энэ хуулиар 0-3 настай хүүхдээ асарч байгаа эхийн тэтгэмжийг олгохоор болсон. Үүнийг манайхан цалинтай ээж хөтөлбөр гэж ойлгож, яриад байгаа юм. Энэ хөтөлбөрт ямар хүн хамрагдах вэ гэхээр 0-3 насны хүүхдээ гэртээ харж байгаа ээжүүд хамрагддаг гэсэн үг. Энэ хөтөлбөрт хамрагдах ээж бол иргэний үнэмлэхээ авч ирэх, дээр нь хүүхдийн төрсний гэрчилгээ, мөн хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн эрүүл мэндийн бичиг бүрдүүлж энэ тэтгэмжээ авах бүрэн боломжтой юм. Ажилдаа орсон ээжүүд энэ хөтөлбөрт хамрагдахгүй. Ажилдаа орсон бол сард олгодог 50 мянган төгрөг өгөхгүй.

-Заавал хорооныхоо нийгмийн ажилтанд дээрх шаардлагатай гэсэн бичиг баримтыг бүрдүүлж очих шаардлагатай юу?

-Хорооны нийгмийн ажилтандаа бүрдүүлж аваачих ёстой байгаа. Гэхдээ манай яамнаас цахим үйлчилгээг илүү үзэж, энэ оны наймдугаар сараас эхэлж ээжүүд цахимаар хүсэлтээ илгээгээд цахимаар бүртгүүлээд харилцах банкныхаа дансыг холбож бүх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.

-Цалинтай ээж хөтөлбөрт өнөөдрийн байдлаар нийт хэчнээн мянган ээж хамрагдаж байгаа вэ?

-Энэ хөтөлбөрт жилдээ 200 гаруй мянган эх хамрагддаг. Өнгөрсөн 2018, 2019 онд 204 мянган эх хамрагдсан байсан. Харин зардал нь 90-92 тэрбум төгрөг зарцуулдаг. 2020 оны хувьд 197 мянган эх хамрагдаж, 89 тэрбум төгрөг зарцуулсан.

-Гадаадад байгаа ээжүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой юу?

-Гадаадад хүүхдээ хардаг ээжүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй.

-Цалинтай ээж хөтөлбөр бол 0-3 насны хүүхдээ харж байгаа ээж авах юм байна. Гэтэл 3-аас дээш насны хүүхдээ харж байгаа өрх толгойлсон эцэг, эхчүүдийн авдаг тэтгэмжтэй хольж сольж ойлгох тохиолдол байна?

-Олон хүүхэдтэй эцэг эхчүүдэд хуулиар тэтгэмж олгох хэд хэдэн заалт бий. Жишээ нь 0-18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг юм уу эх байвал тэтгэмж олгоно гээд хуульд заасан. Энэ тэтгэмж бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй чацуу, улиралд нэг удаа олгодог ийм тэтгэмж байгаа.

-Ирэх долдугаар сарын 01-нээс эхэлж Цалинтай ээж хөтөлбөрийг зогсоох Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарлаа гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгэхээр энэ хөтөлбөр бүр зогсоно гэж ойлгож болох уу?

-Хүмүүс долдугаар сарын 01-нээс эхэлж Цалинтай ээж хөтөлбөр зогсоно гэж яриад эхэллээ. Энэ бол зогсоох мэдээлэл биш. Үндсэн хуулийн цэц дээр дүгнэлт гарсан байгаа. Тэр нь ямар дүгнэлт бэ гэвэл олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж олгох хуулийн зарим нэг зүйл заалт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтуудтай зөрчилдөөд байна гэсэн дүгнэлт гарсан.

-Юу гэсэн үг үү?

-Гол агуулгыг товчоор тайлбарлах юм бол хүүхдээ асраад ажлаа хийхгүй байгаа аавд яагаад тэтгэмж өгч болдоггүй юм бэ гэсэн энэ агуулга, дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр долдугаар сарын  01 хүртэл түдгэлзүүлнэ гэдэг нь дээрх хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, аавуудад тэтгэмж олгоочээ гэсэн агуулгаар түдгэлзүүлж байгаа юм. Түүнээс өнөөдөр олгож байгаа Цалинтай ээж хөтөлбөр зогсоно гэж шууд ойлгож болохгүй. Цаашдаа цалинтай ээж хөтөлбөр үргэлжлээд явна. Харин хүүхдээ харж байгаа аавуудад тэтгэмж өгөх үү яах уу, хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах уу гэдэг нь УИХ дээр яригдах зүйл.

-Энэ хөтөлбөрийн зарим зүйл заалт Үндсэн хуульд харшилж байна гэж үзэх юм бол хуулийн төсөлд ямар нэгэн өөрчлөлт оруулах уу?

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр бол харшилж байна гэж үзсэн. Тийм учраас долдугаар сарын 01 хүртэл хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаач, үүнийгээ судлаачээ гэсэн чиглэлийг УИХ-д уламжилсан байгаа. Энэ долоо хоногт Байнгын хорооны хурал дээр яригдсан, дараа УИХ-ын чуулганаар яригдаж шийдэгдэх асуудал. Түүнээс өнөөдөр авч байгаа цалинтай ээжийн мөнгө болох 50 мянган төгрөг шууд зогсоно гэж ойлгож болохгүй юм. Нэмээд хэлэхэд, ээжид нь ажилдаа орж аав нь хүүхдээ харж байхад аавд нь үргэлжлүүлэн өгөх үү гэдгийг л шийдэх асуудал үүсчихээд байгаа юм. Энэ жилийн төсөвт 91 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа тэгэхээр уг хөтөлбөр зогсохгүй.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр бол харшилж байна гэж үзсэн. Тийм учраас долдугаар сарын 01 хүртэл хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаач, үүнийгээ судлаачээ гэсэн чиглэлийг УИХ-д уламжилсан байгаа. Энэ долоо хоногт Байнгын хорооны хурал дээр яригдсан, дараа УИХ-ын чуулганаар яригдаж шийдэгдэх асуудал. Түүнээс өнөөдөр авч байгаа цалинтай ээжийн мөнгө болох 50 мянган төгрөг шууд зогсоно гэж ойлгож болохгүй юм. Нэмээд хэлэхэд, ээжид нь ажилдаа орж аав нь хүүхдээ харж байхад аавд нь үргэлжлүүлэн өгөх үү гэдгийг л шийдэх асуудал үүсчихээд байгаа юм. Энэ жилийн төсөвт 91 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байгаа тэгэхээр уг хөтөлбөр зогсохгүй.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.