| | USD/MNT 0₮

Оюутолгойн ТУЗ-д жилийн 100.000 ам.долларын цалин хангамжтай ажилладаг Н.Багабандийг чөлөөлнө

Өнгөрсөн жил ЗГХЭГ-ын Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой компанийн ТУЗ-ийн гурван гишүүнийг чөлөөлөхдөө нэгийг нь чөлөөлж чадалгүй үлдээсэн байдаг. Тодруулбал, тус компанийн ТУЗ-д жилийн 100.000 ам.долларын цалин хангамж авдаг байсан Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлж чадаагүй юм. Тухайн үедээ гурван гишүүнийг чөлөөлнө гэж мэдэгдсэн чухам яагаад Н.Багабандийг үлдээснээ тайлбарлаагүй. 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Н.Багабанди дарамт шахалт үзүүлсэн. Хэрвээ албан тушаалаас нь чөлөөлвөл олны мэдэхгүй асуудлыг чинь дэлгэнэ" хэмээн заналхийлсэн гэх. Эсвэл тэд толхилцоод эцэстээ тохиролцсон байх.

Тэгвэл өчигдөр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдож тамга тэмдгээ гардан авч, ажилдаа орлоо. Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүн Т.Аюурсайхан "Оюутолгойн ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй. Хэвлэлээс бид түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг дарамтлаад Оюутолгойн ТУЗ-д үлдсэн гэдэг мэдээллийг аваад сууж байсан. Одоо Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй” гэсэн юм.

Харин хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн их мэдээлэлтэй хүмүүс төрд ажиллачихаад дараа нь Оюутолгойд ажиллаж, бүх мэдээллийг өгдөг. Үүнтэй холбоотой олон асуудал байна. Цаашлаад Оюутолгойн нэг ТУЗ-ийн гишүүнийг солино. Бид дэлхийн компанитай дэлхийн түвшинд л тоглохоос өөр гарцгүй юм билээ” гэсэн юм. Эндээс харахад Засгийн газрын тэргүүн тэрбээр Н.Багабандийг энэ жил чөлөөлнө гэдгээ хэлчихлээ. Өнгөрсөн жил хоёр гишүүнийг нь чөлөөлсөн бол өнөө жил үлдсэн нэгийг нь чөлөөлөх нь тодорхой болов. 

Н.Баганбандийн хувьд 2009-2012 он хүртэл, 2016 оноос өнөөг хүртэл Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. Энэ хугацаанд Оюутолгойтой холбоотой олон маргаан асуудал гарч байгаа ч тэрбээр ганц удаа ч үг хэлж, гараа хөдөлгөөгүй гэдгийг олон нийт, улстөрчид мэдэх юм. Ямар сайндаа Монголын төр, Оюутолгой Н.Багабандит ямар өр ширтэй юм бэ гэж бичиж ярьсаар өдий хүрчээ. 

 

Оюутолгойн ТУЗ-д жилийн 100.000 ам.долларын цалин хангамжтай ажилладаг Н.Багабандийг чөлөөлнө
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.