| | USD/MNT 0₮

Улаанбаатараас Ховд аймагт очсон хоёр иргэний шинжилгээний хариу БАТЛАГДЛАА

Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас Ховд аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж 2021.01.26-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн 5 автобусаар очсон иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн бөгөөд нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу дахин баталгаажуулалт хийснээр хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарч Ховд аймагт Коронавирусын халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол болж бүртгэгдсэн байна.

Уг иргэд 01 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч 25-нд автобусанд суусан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Эхний ээлжинд сорьц шинжилгээний хариу, БОЭТ, Халдвартын тасгийн бэлэн байдал, эм тарианы нөөц ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонссон байна.

Дараагаар нь хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарган баталлаа. Хуулийн дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс 01 дүгээр сарын 26-ны 20 цагаас 29-ний 00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Халдвартай болон хавьтагч иргэд /автобусын жолооч, зорчигчид/ нийт 41 хүнийг Дарви суман дээр тусгаарлалтад байлгасан ба тэдгээр иргэдийг 01 дүгээр сарын 27-ны өглөө Дарви сумаас тусгай машинаар гаргасан маршрутын дагуу Нисэх онгоцны буудал руу авч ирж мөн өдрийн өглөө Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү тусгай үүргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаж, ажлын хэсэг байгуулсан байна.

Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоогоод буй.

Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.

Мөн Дарви суман хөл хорио тогтоогоод байгаа ажээ. Энэ асуудлаас үүсч аймгуудын иргэдээ татан авах ажиллагааг тодорхой хугацаагүйгээр хойшлуулсан байна. 

Улаанбаатар хотоос Ховд аймагт өчигдөр 45 хүнтэй очсон нийтийн тээврийн автобусны зорчигчдоос Дарви сумын постон дээр түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр зорчигчийн хариу эерэг гарсан талаар мэдээлсэн билээ. Улмаар дахин PCR шинжилгээ авахад Covid-19 батлагджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.