| | USD/MNT 0₮

Танилц:Шинэ танхимд үлдэх учиртай салбарын сайдууд

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын гишүүд танхимаараа огцорсон. Харин дараагийн шинэ Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд тодорсон ч албан ёсоор томилогдоогүй байна.

Харин хуучин сайдууд нь салбартаа үлдэх бөгөөд ганц хоёр яамны сайдыг л шинээр томилно гэсэн албан бус мэдээлэл гараад байна. Сайдуудын бараг 50 хувь нь үлдэнэ гэсэн мэдээлэл бараг үнэний ортой байх. Өнгөрсөн хугацаанд салбараа сайн удирдан чиглүүлж яваа сайдуудыг үлдээх нь зөв гэж харж буй. Учир нь хийж хэрэгжүүлж дуусгаж амжаагүй байгаа ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэх, үр дүнгийг харах нь  зүйтэй байх.

Тэгвэл салбараа мэддэг, салбараа сайн удирдаж яваа хэд хэдэн сайд баттай үлдэх нь тодорхой. Тодруулбал, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд А.Ариунзаяа, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл нарыг шинэ Засгийн газрын тэргүүн танхимдаа үлдээх байх. Тэдний хувьд намдаа ч салбартаа ч "шигтгээ" болж манлайлагч удирдагч хийж чадаж яваа гэдгийг олон нийт харж байгаа юм.

Б.Мөнхбаатар салбарынхаа дэд сайдаас эхлэн ажиллаж салбараа сайн зангидсан 

Тухайлбал, Барилгын салбарын мэргэшсэн сайдыг салбартаа үлдээсэй гэж маш их хүсэж байна. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар салбарынхаа дэд сайдаас нь эхлэн ажиллаж салбараа зангидсан гар шиг болгож чадсан туршлагатай нэгэн юм.

Түүнийг хэр чансаатай сайд болохыг шалгасан нэг том ажил бол Ипотекийн зээлийн хүүг 6% болгон бууруулсан ажил байлаа. Түүний энэ ажлыг тооцоо судалгаа муутай, эдийн засагт ачаа үүрүүлэх эрсдэлтэй гэх мэтээр мэргэжилтнүүд шүүмжилж ярьж байсан. Гэвч тэрбээр аль аль талдаа гал алдуулахгүйгээр хэрэгжүүлж чадсан нэгэн.

Түүгээр ч зогсохгүй хүн амыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөр гэх 150 мянган айлын орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүүлэх тухай мэдэгдэж хэлэлцүүлэг хүртэл хийгээд амжсан.

Иймдээ ч томилогдсон даруйдаа Төв, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж үндэсний бүтээн байгуулалтынхаа үндэс суурийг бэлтгэн тооцоо судалгааны баг ажиллуулж чадсан. Энэ мэтээр түүний хийсэн ажлыг дурдаад байвал дуусахгүй. Богино хугацаанд их ч ажил амжуулсан. Салбарыг нь мэргэжлийн мэргэшсэн сайд удирдаж ажлын үр дүн гаргаж байгаа учраас салбартаа үлдэх нь зөв.

Хурдтай, мэдрэмжтэй, менежмент сайтай Д.Сарангэрэл сайд үлдэнэ 

Эрүүл мэндийн сайдаас Байгаль орчин аялал жуулчлалын сайд болсон Д.Сарангэрэл өнгөрсөн хугацаанд маш сайн ажилласан. Тэрбээр ажил хаяагүй, хариуцлага алдаагүй гэдгийг мэдэх нэг нь мэднэ. Монголын эрүүл мэндийн салбарт сайн менежер, сайн удирдагч хэрэгтэй байсан. Эрүүл мэндийн салбарыг өөд нь татаж босгохыг түүнээс шаардсан. Тэр хийсэн, хэрэгжүүлсэн.

Хувь хүнийхээ хувьд ч нэг тийм хурдтай, мэдрэмжтэй, менежмент сайтай, үнэн шударга, шулуун үгтэй сайд гэдгийг онцолно. Харин ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Эрүүл мэндийн салбарт өчнөөн ажил амжуулж, шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлсэн хүн бол яах аргагүй Д.Сарангэрэл сайд. Эрүүл мэндийн салбарт ажиллахдаа ямар ч алдаа гаргаагүй гэдгийг цохон тэмдэглэе. Өнгөрсөн 10 сарын хугацаанд Монгол Улс коронавирусийг гадаадаас зөөвөрлөж оруулж ирсэн.

Энэ хугацаанд салбар удирдаж байхдаа дотооддоо халдвар алдаагүй нь өөрөө асар том баримт юм шүү. Хориглон хамгаалсан, урьдчилан сэргийлсэн, өвчилснөө эмчилсэн нь үнэн. Одоо өөр салбарыг удирдаж байгаа тэр сайдаараа үлдэх нь зөв юм. 

Ажлын туршлагатай А.Ариунзаяа сайд салбартаа үлдэх учиртай 

Өнгөрсөн онд Үндэсний статистикийн газрын даргаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон А.Ариунзаяа сайдыг салбарынхан нь ажлын туршлагатай ажлаа мэддэг хэмээн үнэлдэг юм билээ. Тэгэхээр энэ хүн эрхэлсэн салбартаа сайдаараа үлдэх нь зөв. 

Ажлын туршлагыг нь харах юм бол Улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 

2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан бөгөөд 2016-2020 онд Үндэсний Статистикийн хорооны даргаар ажиллаж байгаад сайд болжээ. 

МАН-ын бүлэгт олон жил ажилласан Н.Энхтайванд гадаад харилцааг "атгуулсан"

Өнгөрсөн жил  МАН-ын Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оруулж ирсэн сайдуудын дотор 100 хувийн саналаар дэмжигдсэн хүн бол Н.Энхтайван. 

Түүнийг Ерөнхий сайд Гадаад харилцааны сайдаар томилох санал оруулж ирээд томилсон байдаг. Н.Энхтайван одоо УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байгаад ийнхүү салбар удирдсан сайд болсон. Түүний хувьд  2016 оны сонгуульд МАН олонхи болоход Бүлгийн ажлын албаны даргаар томилогдож байсан. Үүнээс өмнө тэрбээр Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан туршлагатай нэгэн юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд салбараа сайн удирдсан бөгөөд шинэ танхимд байх ёстой сайдуудын нэг яах аргагүй мөн юм. 

 

Эрүүл мэндийн сайдаас Байгаль орчин аялал жуулчлалын сайд болсон Д.Сарангэрэл өнгөрсөн хугацаанд маш сайн ажилласан. Тэрбээр ажил хаяагүй, хариуцлага алдаагүй гэдгийг мэдэх нэг нь мэднэ. Монголын эрүүл мэндийн салбарт сайн менежер, сайн удирдагч хэрэгтэй байсан. Эрүүл мэндийн салбарыг өөд нь татаж босгохыг түүнээс шаардсан. Тэр хийсэн, хэрэгжүүлсэн.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.