| | USD/MNT 0₮

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:Оюутолгойн асуудлыг өлсгөлөнгөөр шийдэхгүй. Хөндлөнгийн шинжээчид дүгнэлтээ гаргаж гэрээг цуцлана

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хоёр дахь өдрөө Төв талбайд суулт хийж байна. Түүний суулт хийж өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь Оюутолгой төслийн гэрээг энэ сарын 31-ны дотор цуцлах шаардлагатай байна гэсэн шаардлагыг тавьж буй.

Харин өнөөдрийн суулт дээр нь Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, хуульч өмгөөлөгч Солонгоогийн хамт гарч ирж уулзжээ. Тэрбээр "Таны тавьж байгаа шаардлагыг ойлгож байна. Энэ сарын 31-ний дотор ЗГХЭГ-ыг сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Бид бүхэн судалж үзэж байгаа. Хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргаж үнэлэлт дүгнэлтээ өгмөгц гэрээг цуцлаж өөрчлөх шат дарааатай арга хэмжээг авч байгаа. Түүнээс шууд өнөөдөр цуцлах боломжгүй. Санхүүгийн эрсдэл нөхцөл байдалд ч орох эрсдэлтэй. Тиймээс таныг Ажлын хэсэгт орж ажиллахыг хүсч байна. 

Оюутолгойн асуудлыг өлсгөлөнгөөр шийдэхгүй, хэлцлээр шийднэ. Монголчууд Оюутолгойн асуудал дээр эхлээд дотроо нэгдэх ёстой, Рио-той нэг цонхоор харьцах ёстой. Дубайн болон, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн учраас У.Хүрэлсүхийн засгийн газар шат дараатай ажлуудыг эхлүүлсэн. Шинээр бүрэлдэх азсгийн газар энэ ажлыг үргэлжлүүлнэ" гэсэн тайлбарыг өглөө. 

С.Ганбаатар "Өнөөдөр л ямар нэгэн тодорхой шийдвэр өгөөч. Хэзээ шийдвэр гарах вэ. Тэр болтол би өлсгөлөнгөө зогсоохгүй. Харин намайг ажлын хэсэгт орж ажилла гэж байна. Хэрвээ би Ажлын хэсэг дээр орлоо гэхэд өөрийнхөө санаа бодлыг дүрэм болон хуулинд тодорхой бичнэ шүү" гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.