| | USD/MNT 0₮

10 тэрбумын хөрөнгөтэй С.Амарсайхан ЗГХЭГ-ын даргаар томилогдох уу

Сүр дуулиантайгаар Засгийн газраа огцруулсан эрх баригч нам дараагийн танхимаа бүрдүүлэхээр амьсгаа даран гүйлдэнэ. Мэргэжлийн гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэлээдгүй гишүүн улиран томилогдох сураг сонсогдоно.

Тэгвэл гарцаагүй солигдох учиртай хэд хэдэн сайдад нэр дэвшигчдийн сунгаа Төрийн ордноор чимээгүйхэн өрнөнө. ЗГХЭГ-ын дарга асан Л.Оюун-Эрдэнэ шинэ танхимыг тэргүүлэх учир түүний оронд хэнийг томилох нь асуудал дагуулсаар байна. Нэг хэсэг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэр яригдаж байсан бол одоо УИХ-ын гишүүн С.Амарсайхан томилогдож магадгүй гэсэн “бор шувуу” намын цагаан байрнаас нисэж эхлэв. Түүний хувьд Налайх дүүргээс үнэмлэхүй ялалт байгуулж парламентад сонгогдсон ч нийслэлд тийм ч нэр цэвэр эрхэм биш.

Налайхын унаган хүү, гадаадад боловсрол эзэмшиг ирсэн тэрбээр НИТХ-ын төлөөлөгчөөр гурван ч удаа сонгогдож байсан. Гэхдээ олон нийт түүнийг “Оюуны ундраа” группийн С.Отгонбаярын дүү гэдгээр нь илүүтэй танина. Мөн л газрын наймаачин хэмээн цоллуулдаг нэгэн. Ингээд түүнтэй нэр холбогддог газрын маргааныг товч сонирхуулъя.

  1. “Зайсан хилл” цогцолбор болон Бурхантай хөшөөний зүүн талд автомашины зогсоол байгуулсан “Собт трейд” компани “Оюуны ундраа”-гаар овоглодог, С.Амарсайхан гишүүнийх гэсэн мэдээлэл тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж байсан. Өдгөө “Зайсан хилл” цогцолбор байрлаж буй бүс болон түүний ойролцоох хэд хэдэн газар түүний гэр бүл, хамаатан садны нэр дээр байдаг гэнэ. Хамгийн багаар бодоход тус цогцолборын байрлах 4.41 га болон автомашины зогсоол байгуулсан 1.3 га газрыг ямар нэг дуудлага худалдаагүйгээр авсан гэх яриа чих дэлсэх болсон. Хамгийн гол нь Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалын зориулалтаар эзэмших эрхийг ердөө 17,463,600 төгрөгөөр авсан гэх. Өөрөөр хэлбэл, 1м2 газрыг ердөө 396 төгрөг, нийтдээ 44,100 м2 газрыг 17,463,600 төгрөгөөр авсан байна.
  2. 2012 оны хоёрдугаар сард мөн л Зайсан толгойн ард байрлах 1.5 га газрын нэг мкв тутмыг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс 10 дахин хямд буюу 13,200 төгрөгөөр, нийтдээ 19,8 сая төгрөгөөр дахин худалдаж авсан байдаг. Улсын тусгай хамгаалалттай бүсэд хямд үнээр худалдан авсан энэхүү газар нь маргаан дагуулсантай холбоотойгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар эзэмших эрхийг нь цуцалсан боловч удалгүй буцаан сэргээсэн байгаа юм.
  3. Бага тэнгэрийн амаас чанх хойш, Туул голын эрэгт тэмдэглэгдсэн 4 га газрыг 2006 оны дөрөвдүгээр сарын 04-нд Улсын бүртгэлийн 9011041039 дугаараар бүртгэж, “Зүүн баян рефайнери” ХХК-ийн аялал жуулчлал, зочид буудлын чиглэлийн үйл ажиллагаа явуулах талбар хэмээн баталгаажуулсан байдаг. Гэвч тус компани нь улсад 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тусгай зөвшөөрлийг нь цуцалж байж. Харин “Зүүн баян рефайнери” ХХК-ийн захирал С.Уламбаяр нь УИХ-ын гишүүн С.Амарсайхан, гишүүн асан С.Отгонбаяр нарын төрсөн ах гэдгийг уншигчид андахгүй биз ээ. Туул голын эрэг дээр барилга барихын тулд Туулын бургасыг хайр найргүй сүйтгэсэн нь мөн л “Оюуны ундраа” группийн нэг “бизнес” гэлтэй.

Олон нийтэд мэдэгдсэн нь ердөө л дээрх хэргүүд байна. Хотын даргаар сонгогдохдоо хууль бус газар олголттой тэмцэж байгаа мэтээр “шоудаж” авсан С.Амарсайхан Төв талбайд “булшны” чулуу тавьж, зун л ажиллах боломжтой усан оргилуурыг 3.2 тэрбум төгрөгөөр зүтгэсээр байгаад бариулсан. Түүний энэ үрэлгэн зангаас болж хот нэг хэсэгтээ л төсөвгүй, мөнгөгүй үлдсэн.

Харин түүний хөрөнгө оруулгын мэдүүлгийг харахад зөвхөн үл хөдлөх хөрөнгө нь л 10 тэрбум 700 сая төгрөгөөр хэмжигдэж байх юм. Тухайлбал, өөрийнх нь орлого 83 сая, гэр бүлийнх нь орлого 173 сая төгрөг, барилга байгууламж нь 10 тэрбум 767 сая, 202 сая төгрөгийн автомашин, 225 сая төгрөгийн үнэт эдлэл, 77 сая төгрөгийн хадгаламжтай, 4 тэрбум 500 сая төгрөгийн авлагатай нэгэн аж.

Одоо С.Амарсайхан хотыг самарч дуусаад Засгийн газрыг самрах л үлдэв үү.

Сүр дуулиантайгаар Засгийн газраа огцруулсан эрх баригч нам дараагийн танхимаа бүрдүүлэхээр амьсгаа даран гүйлдэнэ. Мэргэжлийн гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэлээдгүй гишүүн улиран томилогдох сураг сонсогдоно.
Улс төр

Сэтгэгдэл (73)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.