| | USD/MNT 0₮

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд ажлаа хийцгээ

Сүүлийн хэдэн өдөр “Тавантолгой түлш” ХХ компанийн үйлдвэрлэж бэлтгэн гаргаж буй сайжруулсан шахмал түлшнээс болж цөөнгүй иргэд хордсон тухай мэдээлэл гарч байна. Бүр олон нийтийн сүлжээнд сайжруулсан шахмал түлшийг хортой аргаар үйлдвэрлэж гэр хороололынхныг хордуулж “алахаар” шийдсэн төрийн бодлого юм байна гэж шуурч эхэллээ.

2018 оны хоёрдугаар сарын 28-нд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг энэ оны тавдугаар сараас эхлэн хорьсон юм.  Үүнтэй уялдаад, тухайлбал нийслэлийн 220.000 өрхийг сайжруулсан түлшээр хангах арга хэмжээг хэрэгжүүлж байна. “Таван толгой түлш” ХХК болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо уг төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Тэгвэл БОАЖЯ-ны харьяа буюу сайдынх нь мэдэлд байдаг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд өнөөдрийг хүртэл үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан нэг ч үг дугарахгүй байна вэ.

Тус хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ч.Гантулга хэвлэлд өгсөн ярилцлагууддаа  “Үйлдвэр ажилд орсноос хойш туршилтууд түлшийг 5-6 төрлийн зууханд шатааж, байнгын туршилт хийж байгаа. НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар долоо хоног бүр түлшнээс дээж авч, лабораторид шинжлүүлж байгаа” гэсэн байдаг. Гэвч угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага 70 гарсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 42 хүн хордож, таван хүн нас барсан гэсэн харамсалтай мэдээ байна.

Тэгвэл тухайн үед шинжилгээ хийлгэж шалгаж байсан юм бол цаг тухайд нь шинжилгээнийхээ хариуг олон нийтэд мэдээлээд, иргэд юун дээр анхаарах байсан юм бэ гэдгийг нь хэлээд явахгүй яасан юм бэ.  

“Тавантолгой түлш" ХХК-ийн PR ийнхан шахмал түлшийг яаж хэрэглэх, яаж галлах талаар яг одоо өгч байгаа мэдээлүүддээ зунаас идэвхижүүлчихсэн байсан бол ийм олон хүн хордохгүй, эрсдэхгүй байсан байх болов уу. Шинэ ажил, технологи бол үүнийг “тултал” нь сайн сурталчилахгүй, зөв ойлголтыг өгөхгүй яасан юм бэ.

Сайжруулсан түлшийг хэрэглэх нь нийслэлчүүдийн хувьд утаанаасаа салах эхний алхам боловч технологийн горим алдагдсан эсэх, зөвлөмж зөвлөгөө сайн өгсөн эсэх, чанарын хяналт, үнэ өртгийн хувьд иргэд хангалттай мэдээлэл авч чадаагүй байна.

Тэгэхээр энэ бүгдэд хэн буруутай юм. Буруутан нь байгаа бол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ нүүрсээ эргээд түлж болохгүй.

Өчигдөр буюу /2019.10.07/-ны өдөр  хотын дарга С.Амарсайхан “Энэ асуудалд шаардлагатай бол буруутай хүмүүст хариуцлага тооцуулна” гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл энэ шахмал түлшний асуудалд хэн хамааралтай юм бэ, хэн буруудах юм.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог 2018 оноос өмнө Ерөнхий сайд хариуцдаг байж.

Харин өнгөрсөн оноос хойш БОАЖЯ-сайд Н.Цэрэнбатын мэдэлд оржээ. Уг хорооны бүрэлдэхүүнд бүх яамдын дэд сайдууд, агентлагийн дарга нар ордог юм байна.

Тиймээс энэ үүсээд байгаа асуудалд тэд ч хамаатай. Шахмал түлш боловсруулж, үйлдвэрлэж, туршилтад оруулж, айл өрхөөр тарааж, худалдаалж байхад тэд хаана юу хийж, ямар хяналт тавьж байсан юм бэ.

Нийтээрээ хэлэлцэж, дэмжиж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийнхөө алдаа дутагдлыг одоо хэн нэгэндээ халдаагаад наагаад өнгөрөөмөөргүй байна.

Сураг сонсох нь салбарын сайд нь болоод яамандаа дээр дооргүй бужигнаж байгаа сурагтай. Нийслэл дээр онцгой комисс гаран шуурхай арга хэмжээ авч байгаа. Үүнд Ч.Гантулга орсон голлон ажиллаж байгаа юм. Тэрбээр яг энэ цаг үед ямар нэгэн тайлбар хийх ёстой биш үү.

Яг үнэндээ агаарын бохирдлыг бууруулах “аян дайн”-д хэн дуртай болгон мордож, төсөл хөтөлбөр нэрээр асар их хөрөнгө идэж ууж, салхинд хийсгэж, эргээд харахад иргэдэд наалдсан юу ч үгүй үлддэгийн тод жишээг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо харуулж байна.

 

Жилийн 75.221.100.000 төгрөгийн төсөвтэй гишүүд ямар ажил хийв

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Үндэсний хорооны төлөвлөгөө батлах, гишүүдэд чиглэл өгөх тухай тогтоол гаргасныг нь харлаа.

Энэ хорооны жилийн төсөв хэдэн төгрөгөөр батлуулсан бэ гэдэг нь анхаарал татаж буй. Их хэмжээний мөнгө батлуулж авчихаад иргэдэд хүртээлтэй ямар ажил хийсэн юм бэ.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2019 оны төсвийн 75.221.100.000 төгрөгт багтаан энэ онд хийх ажлын төлөвлөгөөг баталжээ.

Мөн гишүүдийн хийх хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, ажлын тайлангаа улирал тутмын эхний 7 хоногийн баасан гарагт Ажлын албанд хүргүүлж байхыг даалгасан ч хийж хэрэгжүүлсэн нь эргэлзээтэй байгаа юм. Даргынхаа гаргасан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын албаны дарга Ч.Гантулгад даалгажээ.

Ажлын төлөвлөгөө дэхь жагсаалтаас нь харахаар Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлтэд хяналт тавина гэсэн байгаа юм. Мөн түүнчлэн түлшний чанарын туршилт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, орчны бохирдлын хяналт шинжилгээний дүгнэлтийг гаргасан байх ёстой гэж төлөвлөжээ.

Тэгвэл иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгаа хаа байна. Чанарын туршилт хэр гарсан юм. Үйлдвэрлэлд нь ямар хяналт тавьсан талаараа яагаад өнөөдөр дуугарахгүй, тайлагнахгүй байгаа юм бэ.

Үнэндээ их хэмжээний төсөв мөнгө батлуулсан хорооны ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, хяналт хэр байгаа нь эндээс тодорхой харагдана.

О.Гал

Сүүлийн хэдэн өдөр “Тавантолгой түлш” ХХ компанийн үйлдвэрлэж бэлтгэн гаргаж буй сайжруулсан шахмал түлшнээс болж цөөнгүй иргэд хордсон тухай мэдээлэл гарч байна. Бүр олон нийтийн сүлжээнд сайжруулсан шахмал түлшийг хортой аргаар үйлдвэрлэж гэр хороололынхныг хордуулж “алахаар” шийдсэн төрийн бодлого юм байна гэж шуурч эхэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.