| | USD/MNT 0₮

ЭЗБХ:ҮСХ-ны даргаар Б.Батдавааг томилохыг дэмжжээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэлж, Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог.

Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хууль дахь шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлж байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга танилцууллаа. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн,  Т.Доржханд нар асуулт асууж, нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа. 

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилуулах Монгол Улсын Их Хурлын даргын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ. 

Б.Батдаваа гэж хэн бэ? 

Б. Батдаваа нь 1984 онд төрсөн, ам бүл 3.

2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг төгссөн байна. Англи, хятад хэлтэй. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер.

2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа юм байна.

 

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилуулах Монгол Улсын Их Хурлын даргын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.