| | USD/MNT 0₮

Эрдэмтэд анх удаа өөр гарагаас ус илрүүлжээ

Хүн төрлөхтөн анх удаа нарны аймгийн гадна орших гарагаас амьдрал тэтгэх боломжтой усны уур болон температурыг олж илрүүлжээ. Тодруулбал, НАСА-ийн одон орон судлаачид манай дэлхийгээс 110 гэрлийн жилийн зайд орших “K2-18b” гарагийн уур амьсгалыг “Hubble” сансрын телескопын 2016-2017 онд цуглуулсан дата мэдээлэлд тулгуурлан  тодорхойлж чадсан байна.

Эрдэмтдийн батлан хэлж байгаагаар “Hubble” сансрын телескопын илгээсэн өгөгдлийг нарийвчлан судлах үед тус гарагийн агаар мандалд усны уур байж болохуйц шинж тэмдэг тод ажиглагджээ. Мөн дэлхий дээр хамгийн түгээмэл байдаг элемент болох агаар мандал дахь устөрөгч болон гелийг “K2-18b”-аас илрүүлсэн байна. Энэ нь тус гараг дээр их хэмжээний ус байгаа гэдгийг батлах хангалттай нотлох баримт аж. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн анх удаа дэлхийгээс өөр амьдрал тэтгэх боломжтой гарагийг илрүүлсэн гэсэн үг юм.

Энэхүү гараг нь Арслангийн ордны оддын чуулганы нэг улаан одой одыг тойрон эргэдэг бөгөөд дэлхийгээс найм дахин том аж. Анх “K2-18b”-ыг дэлхийтэй ижил, амьдрал байж болохуйц гарагуудыг илрүүлэх зорилготой хөөрсөн НАСА-ийн “Kepler” сансрын хөлөг 2015 онд илрүүлж байсан юм. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар “K2-18b” гараг нь уур амьсгалын хувьд дэлхийтэй нэн төстэй байх магадлалтай аж.

Судалгааны ажлыг ахалсан Лондоны их сургуулийн Сунсар судлалын мэдээлэл судалгааны төвийн судлаач Доктор Ангелос Циарас амьдрал байх боломжтой шинэ гарагийн талаарх өөрийн ажлынхаа талаар “Дэлхийгээс өөр гараг, тэр дундаа манай нарны аймгаас гадна оршиж буй гарагаас ус олно гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл. Үнэндээ K2-18b гараг дээр хүмүүс амьдарч болох талаар хараахан нарийвчлан судалж чадаагүй байна. Тиймээс үүнийг шууд II дахь дэлхий гэж бодож болохгүй. Учир нь уг гарагийн агаар мандлын бүтэц манайхаас арай өөр байх магадлалтай. Үүнийг эхлээд тодорхой болгох хэрэгтэй. Гэсэн хэдий ч энэхүү нээлт нь манай дэлхий үнэхээр ховор тохиолдлоор амьдрал үүсэх боломжтой болсон онцгой газар уу гэдэг суурь асуултад хариулт өгч чадах юм” гэжээ.

Манай дэлхий тойрог замаа 365 хоногт нэг бүтэн тойрдог. Харин уг гараг нь 33 өдрийн дотор тойрог замаа нэг бүтэн тойрдог аж. Учир нь “K2-18b” гараг манай дэлхийтэй харьцуулахад маш ойрхон зайд өөрийн нараа тойрон эргэдэг. Гэсэн ч түүний тойрон иргэдэг улаан одой од нь температурын хувьд нарнаас хамаагүй бага юм. Үүнд нарийвчилсан тооцоолол хийж үзсэн эрдэмтэд тус гараг дээрх агаарын хэм биднийхтэй тун төстэй гэж үзэж байгаа аж. Гэвч “K2-18b” гарагийн хэмжээ том, гэрэл тусах өнцөг өргөн учир ялигүй хүйтэн байх талтай бөгөөд эрдэмтэд одоогоор тэнхлэгээ эргэх хугацааг нь бүрэн тооцоолж гаргаагүй байна.

Эрдэмтэд “Hubble” сансрын телескопын тусламжтай 4.000 орчим амьдрал тэтгэх боломжтой гарагийг тодорхойлоод байгаа юм. Гэхдээ “K2-18b” шиг тохиолдол өмнө нь нэг ч гарч байгаагүй. Тус “Hubble” сансрын телескопын мэдрэгч нь зөвхөн ус төрөгчид мэдрэг аж. Тиймээс эрдэмтэд цаашид эдгээр амьдрал байж болохуйц гарагуудын агаар мандлыг нарийвчлан судлахад чиглэгдсэн “James Webb” сансрын телескопын тусламжтай илүү нарийвчлан судлахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: Nature Astronomy, ScienceMag

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.