| | USD/MNT 0₮

М.Өлзийбат:Газар хөдлөлт бол урьдчилан мэдээлэх боломжгүй байгалийн үзэгдэл

Хэдхэн хоногийн өмнө Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын газар хөдөлсөн нь Нийслэлд мэдрэгдэж, иргэдийн бэлэн байдлыг шалгаж сандаргасан билээ.

Судалгаагаар, энэ бүс нутагт хоёр дахь удаагаа хүчтэй газар хөдөлж байна. 1991 оны 12 дугаар сарын 27-нд түрүү дурдсан 3 бүсийн Бүсийн голын хотгорт буюу Цагаануур сумын нутагт яг ийм 6-7 баллын хүчтэй газар хөдөлж, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хот зэрэг томоохон хот суурин газар хүчтэй мэдрэгдэж байсан аж.  Нэг хоногийн өмнө мөн Ханх суманд нэг шөнө гурван удаа газар хөдөлсөн байна.  

Ингээд ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлалын дарга М.Өлзийбаттай ярилцлаа.

-Хөвсгөл аймагт ойр ойрхон газар хөдлөөд байгаа нь юутай холбоотой вэ?

-Хөвсгөл аймаг нь газар нутгийн хувьд газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг харьяалагддаг. Газар хөдлөлийн механизм нь Байгаль нуурынхтай адил. Хөвсгөл нуур маань газар хоёр тал руу тэлэхэд үүссэн нуур юм. Тус газар нутгийг Бүсийн голын хотгор, Дархадын болон Хөвсгөл нуурын хотгор гэсэн 3 бүсэд авч үздэг. Үүнээс үүдэж өнгөрсөн долоо хоногийн газар хөдлөлт нь Хөвсгөл нуурын хотгорын бүсэд болсон.

-6.5 магнитудын газар хөдлөлт гэхээр их хүчтэй чичирхийлэл мэдэгдсэн байгаа юм. Өмнө нь хэзээ ийм газар хөдлөлт болж байсан бэ?

-Судалгаагаар энэ бүс нутагт хоёр дахь удаагаа хүчтэй газар хөдөлж байна. 1991 оны 12 дугаар сарын 27-нд дээр дурдсан 3 бүсийн Бүсийн голын хотгорт буюу Цагаануур сумын нутагт яг ийм 6-7 баллын хүчтэй газар хөдөлж, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хот зэрэг томоохон хот суурин газар хүчтэй мэдрэгдэж байсан.

6.5 магнитудын газар хөдлөлт гэдэг нь 7-8 баллын чичиргээ үүсгэдэг байна. Хөвсгөл аймаг нь алслагдсан нутаг учир чичирхийллийн долгион нь томоохон хот суурин газар замхарсан байдлаар мэдрэгдэж буй нь тэр. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хот болон Хөвсгөл аймгаас нааш Булган, Орхон, Сэлэнгэ аймгийн томоохон суурин газар хуурай, хатуу газар дээр 4-5 баллын чичиргээ үүсгэж хүн амд мэдрэгдсэн байгаа юм.  

-Ханх суманд болсон газар хөдлөлтөөс үүдэж зөндөө барилга байгууламжид ан цав үүсч цуурсан байсан?

-Тийм. Газар дээр нь буюу Ханх суманд нарийн хэмжилт явуулсан. Тус суманд модон байшингаас бусад байшин барилгын хана цуурч, цонх хагарч цууралт үүссэн. Гэхдээ цуурсан гэсэн үг биш. Хөвсгөл нуур орчмын газар сүүлийн 30 жилийн хугацаанд ийм хүчтэй газар хөдлөлт бүртгэгдээгүй. Улаанбаатарт хүчтэй чичирхийлэл мэдэгдээгүй учир хохирол учраагүй.

-Газар хөдлөлтийн аюулгүй үнэлгээ гэж хийдэг. Нийслэлийн хувьд хэдэн баллын хүчтэй газар хөдлөлт болвол аюултай гэж үзэх вэ?

-1967, 1968 онд хийсэн газар хөдлөлтийн аюулгүй үнэлгээгээр Улаанбаатар хот дунд зэргийн аюултай бүсэд багтдаг байсан. Аюул нь гэвэл Булганы Могод суманд үүссэн идэвхтэй хагарал, Говь-Алтай аймагт үүссэн хагарлаас аюул ирэх юм байна гэж тооцож үзсэн байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Нийслэлд 200 км-ийн зайнд хоёр ч хүчтэй голомт байна. Тэр нь хойшоо Сэлэнгийн нутагт, урагшаа болохоор Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумын нутагт газар хөдлөлтийн идэвхтэй ул мөрүүд тодорхойлогдсон. Дээрээс нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр идэвхтэй зургаа байна.

Сүүлийн үед Япон эрдэмтдийн гаргасан судалгаагаар долоон идэвхтэй хагарал байна. Тэдгээр хагарлын дагуу газар хөдлөлийн идэвхжил өндөрсөж байна гэж бид үзэж буй. Газар хөдлөлтийн статистикээр үзэх юм бол жилдээ 200-300 удаа газар хөдөлдөг байсан бол одоо жилдээ 1500-1600 удаа газар хөдөлдөг болчихоод байна. Энэ юу гэсэн үг бэ гэвэл идэвхтэй хагарлуудын дагуу шилжилт хөдөлгөөн явагдаад эхэлж байна гэсэн үг.

-Ямар цаг, улиралд газар хөдлөлтийн чичирхийлэл идэвхтэй явагддаг юм бол?

-Сая Хөвсгөлд болсон газар хөдлөлт 11 километрийн гүнд болж байгаа үзэгдэл. Тийм учраас ямар ч улирлын чанар нөлөө байхгүй гэж хэлнэ. Газар хамгийн дээд талдаа 2-3 метр хөлдөж байгаа биз дээ. Тэгэхээр ямар ч нөлөө байхгүй. Дэлхийн дотоод бүтэцтэйгээ л холбоотой.

-Олон нийтийн дунд газар хөдлөлт болох гэж байгаа эсэхийг урьдчилан мэдэгдсэнгүй. Онцгой байдлын газар болон Одон орон геофизикийн хүрээлэнг ажлаа хийсэнгүй гэж шүүмжлээд байна. Байгалийн гамшиг, аюулт үзэгдлийг урьдчилан мэдэх боломж байхгүй биз дээ?

-Газар хөдлөлт болно гэдгийг урьдчилж мэдээлж хэлэх ямар ч боломжгүй. Зөвхөн Монголд битгий хэл дэлхий даяараа ч мэдэх боломжгүй. Газар хөдлөлтийн түүх 1800 оноос эхэлсэн шинжлэх ухаан. Энэ түүхэнд авч үзэх юм бол ганцхан тохиолдлыг Хятадууд хэлсэн байдаг. Тэр юу бэ гэхээр 1970 онд болсон Хайчингийн газар хөдлөлт гэж бий. "Тэрнийг болох гэж байна шүү, сэжигтэй боллоо шүү" гэдэг талаараа төр засагтаа мэдээлж, тухайн хотыг нүүлгэж, бүх арга хэмжээгээ авсны дараа хүчтэй газар хөдлөлт болж байсан. Тэгэхээр газар хөдлөлтийг тааж мэдэхэд их хүнд.

-Нийслэлд 6.5 магнитудын газар хөдлөлт болно гэж ойлгож болох уу?

-Бид нарын хийсэн судалгаагаар 6.5 балл биш 6-7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ гэсэн дүгнэлт гаргасан. Газар хөдлөлтийн үед үүссэн хагарлын ул мөр Нийслэлд зургаа бий. Дээрээс нь Японы эрдэмтэд хот дундуур дайрч гарсан хагарал гээд гаргаад ирсэн. Хамгийн сүүлд болсон газар хөдлөлтийн хугацааг харахаар их маргаантай. Судлаачид өөр өөр үр дүн гаргадаг. Ер нь нийслэлд иймэрхүү магнитудын газар хөдөлж байсан гэх судалгаа бий. Тэгэхээр идэвхтэй гэж хэлж болно.

-Улаанбаатарт хэдэн баллын газар хөдлөлт болвол орчин үеийн болон хуучирсан байшин барилга нурах аюултай гэж үздэг вэ?

-Хамгийн сүүлд буюу 2019 онд хийсэн судалгаагаар Улаанбаатарыг 7-8 баллын бүсчлэлд тогтоосон. Үүнээс өмнө 6-7 баллын бүсчлэлд гэж тогтоосон байсан. Нийслэлд баригдсан барилгууд ямар байсан 6 баллын чичиргээгээ тэсэх хэмжээнд баригдсан байх ёстой гэсэн норм дүрэмтэй. Цаашлаад хөндийн хөрсний шинж чанараас хамаарч 8-9 баллын чичиргээг давах хэмжээнд барилга байгууламж барих ёстой.

-Ард иргэдэд газар хөдлөлтийн талаар зөвлөмж зөвлөгөө хэрэгтэй байх?

-Сүүлийн 10-аад жилд газар хөдлөл маш идэвхтэй явагдаж байна. Иргэн хүн юугаа яаж бэлтгэх тухай мэдлэгтэй заавар зөвлөгөөтэй байх ёстой. Монгол Улсын түүхэнд хүчтэй газар хөдлөх юм бол иргэд цугларах талбай бий болгох. Тэр бүгд чинь газар хөдлөлтийн эсрэг авч байгаа төрийн арга хэмжээ болно.

О.Сайхан 

Сүүлийн үед Япон эрдэмтдийн гаргасан судалгаагаар долоон идэвхтэй хагарал байна. Тэдгээр хагарлын дагуу газар хөдлөлийн идэвхжил өндөрсөж байна гэж бид үзэж буй. Газар хөдлөлтийн статистикээр үзэх юм бол жилдээ 200-300 удаа газар хөдөлдөг байсан бол одоо жилдээ 1500-1600 удаа газар хөдөлдөг болчихоод байна. Энэ юу гэсэн үг бэ гэвэл идэвхтэй хагарлуудын дагуу шилжилт хөдөлгөөн явагдаад эхэлж байна гэсэн үг.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.