| | USD/MNT 0₮

Оюу толгойн гэрээний гол заалтуудтай ТАНИЛЦ

Оюу толгойн гэрээтэй холбоотой олон маргаан улс төрчдийн болоод олон нийтийн дунд явагддаг. Тэгвэл тус өрөнгө оруулалтын гэрээний тухай олон нийтэд илүү бодит ойлголт өгөх үүднээс Оюу Толгой төслийн зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээний гол заалтууд, ил тод байдлыг хангаж буйг илтгэх баримтуудыг тухайн үед нийтэд танилцуулж байжээ. Бид эндээс гол заалтуудыг нь дахин танилцуулж байна. 

Хөрөнгө оруулалтын гэрээний гол заалтуудыг дурдвал:

  • Оюу Толгой нь дэлхийд томоохонд тооцогдох зэс-алтны хүдрийн биет бөгөөд одоогоор тогтоогдсон нөөцийг үндэслэн 60 гаруй жил ашиглах боломжтой гэж тооцож байна. 2011 оны эцэст Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниуд Оюу Толгой төсөлд нийт 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдах хүртэлх хугацаанд хайгуул, үнэлгээний ажилд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулсан юм.
  • Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хэлэлцэн Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто болон Айвенхоу Майнз компаниуд гэрээнд гарын үсэг зурсан.
  • Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн 34 хувийг үнэ төлбөргүй эзэмших бөгөөд энэхүү хувь хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй. Мөн Засгийн газар өөрийн эзэмшлийн хувь хэмжээг 50 хувь хүргэж нэмэгдүүлэх сонголт хийх боломжтой.
  • Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой төслийн үр ашгийн ихэнх хэсгийг татвар хураамж, байгалийн баялаг ашигласны татвар (роялти) болон ноогдол ашгийн хэлбэрээр хүртэнэ.
  • Монгол Улсын Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтанд өөрийн төсвийн эх үүсвэрээс ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулах шаардлагагүй. Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс шаардагдах бүхий л санхүүжилтийг хийнэ.
  • Оюу Толгой Монголчуудад мянга мянган ажлын байр, бизнесийн боломжуудыг бий болгоно. Оюу Толгой нь хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогчдын нэг бөгөөд одоогоор 8000 гаруй ажиллагсадтайн зэрэгцээ сургалт, ажлын байрны боломжуудыг бий болгоно.
  • Монголчуудыг ажилд авах, сургаж дадлагажуулах нь төслийн тэргүүлэх зорилт юм. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу уурхайн ашиглалтын жилүүдэд 10 ажилтны 9 нь Монголчууд байна.
  • Монголын олон зуун аж ахуйн нэгж, хувь хүмүүс Оюу Толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байна.
  • Уурхайг дагасан дэд бүтэц тэр дундаа зам, эрчим хүч, ус, агаарын шугамууд нь Өмнийн говийн бүсийн эдийн засгийн хөгжилд чухал түлхэц болно.

Тэгвэл Монголын эдийн засгийн экспертүүдийн хэлж буйгаар Рио Тинто бол олон сая хувьцаа эзэмшигчийнхээ найдаж өгсөн мөнгийг алдалгүй, аль болох өндөр ашигтай эргэлдүүлэх гол үүрэгтэй бизнес байгууллага. Гэхдээ өдийг хүртэл Монгол Улсын Засгийн газарт амалсан "зүйлээ" өгсөн үү гэвэл үгүй гэж хэлж болохоор аж. Тухайлбал, 2010 онд төсөл хэрэгжиж эхэлснээс хойш тус компани Монгол Улсад ажил эрхлэлт, ханган нийлүүлэлт, нийгмийн хөрөнгө оруулалт хэлбэрээр нийт 8 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд анх тооцоолж байснаар 2020 онд далд уурхайн олборлолтыг эхлүүлнэ гэж төлөвлөж байхдаа энэ тоог 12 тэрбум ам.доллар болно гэж тооцоолжээ. Харин энэ хугацаанд “Рио Тинто компани” нь Монгол Улсад 1,6 тэрбум, туслан гүйцэтгэгч нараа оролцуулаад нийт 2,5 тэрбум ам.долларын татвар төлсөн аж. 

Ажлын байрны хувьд өнөөдрийн байдлаар тус уурхайн үндсэн олборлох үйл ажиллагаан дээр 3.000, гүний уурхайн бүтээн байгуулалт дээр 14.000 хүн ажиллаж байгаагийн 93 хувь нь монгол ажилчид аж. 

Оюу толгойн гэрээтэй холбоотой олон маргаан улс төрчдийн болоод олон нийтийн дунд явагддаг. Тэгвэл тус өрөнгө оруулалтын гэрээний тухай олон нийтэд илүү бодит ойлголт өгөх үүднээс Оюу Толгой төслийн зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээний гол заалтууд, ил тод байдлыг хангаж буйг илтгэх баримтуудыг тухайн үед нийтэд танилцуулж байжээ. Бид эндээс гол заалтуудыг нь дахин танилцуулж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.