| | USD/MNT 0₮

М.Жавзансүрэн:Буйдхан застав дээр эх орныхоо төлөө эгнэгт зогсож буй хилчдийнхээ төлөө хийхээр төлөвлөсөн ажил бий

Хүн хүсэл мөрөөдөл, зорилготой золбоотой, хоббитой байна гэдэг ямар гоё ямар гайхам гэж санана. Дуртай ажлаа хийхийн тулд хэдэн мянган бээрийг бараг ганцаараа туулж, “Эх түүхийн жимээр" гэх нэртэй эх орныхоо сайхныг харуулж, их түүхийнхээ баримтыг зузаалж яваа М.Жавзансүрэн бүсгүй.

Түүхийн багш мэргэжилтэй тэрбээр өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр "Эх түүхийн жимээр" ТББ байгууллага байгуулан, үйл ажиллагаагаа явуулахдаа даргаа ч, жолоочоо ч хийнэ, эвлүүлэгчээ ч хийнэ гээд бүх ажлаа нугалдаг, хийсэн ажлаасаа асар их тайвшрал жаргалыг авдаг гэх.

Эх түүхийн жимээр нэвтрүүлгийн зорилго нь олон хүнд эх орныхоо сайхан байгаль баримтыг үзүүлэх, хүн бүр эх оронч, эх орондоо хайртай байж хамгаалдаг байгаасай гэсэн чин хүсэл, чигч санаа. Түүнийг хилийн торгон зурвас, хилийн багана дээрээс хилчдийнхээ аж амьдрал байгаа байдлыг нь сурвалжилж, эх түүхээ, их өв соёлоо олон нийтэд сурталчилж яваа дайчин эмэгтэй гэж үнэлнэ.

Эмэгтэй хүн аглаг зэлүүд газар хэдэн мянган км газар айхаа мэдэхгүй явна гэдэг эрэлхэг чанар, зоригтойн шинж байх шүү. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр гал усан дундуур, бороо шороонд хүйтэн цасанд халуун наранд гээд зовлон бэрхшээлийг үл ажран сөрж яваа, хүсэл мөрөөдөл, хэтийн зорилго ихтэй дайчин бүсгүй М.Жавзансүрэнтэй ярилцлаа.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Мишкагийн Жавзансүрэн гэдэг. Би Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул. ШУТИС-ийн БУХС-ийн Хүмүүнлэгийн салбарын ахлах багш, Түүхийн ухааны доктор. Харин өөрийн хүслээр хийдэг ажил бол “Эх түүхийн жимээр” ТББ-ын тэргүүн, “Түүхийн жимээр” студийн захирал, Түүхийн жимээр нэвтрүүлгийн санаачлагч, жолооч, хөтлөгч, найруулагч, эвлүүлэгч дээ. /инээв/

-“Эх түүхийн жимээр” ТББ-аа үүсгэн байгуулсан талаараа яриач. Эх түүхээ олон нийтэд сурталчилах зорилготой гэж ойлгож болох уу?

-Анх 2017 оны зун машинаа барин, газар дээрээс нь нэвтрүүлэг хийхээр, Монголын археологийн судалгааны багуудаар 16800 км “honda civic”  машинтай, зураглаач олж аваад гарч билээ. Түүнээс хойш 21 аймаг, 160 сум, 20 гаруй археологийн баг, Монгол Улсын хилийн бүх ангиудыг бүтэн тойроод дууслаа. Гэхдээ ажлынхаа хажуугаар, хагас бүтэн сайнд, оюутны амралтаар, зуны гурван сар явна л даа. Хобби юмуу даа. Нэг зун Ховдын сумуудаар яваад ирсэн чинь миний найз бүсгүйчүүд ингэж, олигтой мөнгө өгөөгүй компани, байгууллагыг сурталчилж явахаар, өөрийн гэсэн юмтай болсон дээр хэмээгээд студи байгуулчихсан, тамгыг минь гардуулж өгөхөөр намайг хүлээж байсан юм. Нэрийг нь асуухаар нь 2009, 2011  онд гаргаж байсан түүхэн шүлгийн номныхоо нэрээр “Түүхийн жимээр” гэж нэрлээрэй хэмээн хэлсэн,  нэр давхцаад байна гэхээр нь “Эх түүхийн жимээр” нэр өгснөөр, найзуудынхаа хичээл зүтгэлээр ганц хүний ТББ, студи байгуулсан.

Мэдээж өөрийн сайн дурын ажил учир, ашиг олдоггүй болохоор байнгын студийн хэмжээнд томроогүй ээ. Гэрийнхээ нэг буланд л эвлүүлэгээ өөрөө хийгээд л, Монгол түмэндээ  эх орныхоо үнэ цэнийг, их түүхийн бахархалтай болон сургамжтай талыг, Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газрууд, хүн зоны амьдрал, аж байдал, соёл, зан заншлыг таниулах гэж зүтгэж яваа танин мэдэхүйн нэвтрүүлэг гэж ойлгож болно.

-Таны хийж байгаа энэхүү ажил их сайхан санагддаг. Байгалийн сайхныг үзүүлж харуулахын зэрэгцээ, эх орон, их түүхийн үнэ цэнэ, ориг монгол ёс заншлыг харуулсан олон нэвтрүүлгийг нь үзсэн шүү. Нийтдээ хэчнээн нэвтрүүлэг бэлтгэж гаргасан байна та?

-2017 оны зун Монголын археологчидоор, 2018 оны зуны Завхан аймгийн 24 сумаар, Ховд аймгийн  10-аад сумаар, 2019 оны зун Ховд аймгийн үлдсэн сумуудаа тойроод, Увс аймгийн 7 сумаар, Хөвсгөл аймгийн 7 сумаар орж, мөн 2018 оны намар хилийн ангиудыг эхлүүлж, саяхан хорионоос хоёрхон хоногийн өмнө л бүтэн тойрч дуусгаад, 30 мянган км буюу эх орынхоо хилийг 4 удаа тойрсны дайтай яваад ирлээ дээ. Мөн Өвөр Монгол, Ордос, Архангай, Булган, Өмнөговь аймгуудаас нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Ингээд бодоод үзэхээр 150 орчим нэвтрүүлэг бэлтгэсэн байна. Нийтдээ эх орноороо 110 мянган км явжээ.

-Таны мэргэжил түүхийн багш. Хэдэн жил багшилж байна вэ?  

-Би 1998 онд МУИС-ийн Түүхийн ангийг түүхч, түүхийн багшаар төгссөн юм. Төгсөөд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 8-н жилийн сургуульд ажилласанаас хойш, Монгол Улсын боловсролын байгууллагад 23 дахь жилдээ  багшилж байна. Сумын багшаас аймгийн багш, аймгийн багшаас дээд сургуулийн багш, дээд сургуулийн багшаас их сургуулийн багш хүртэл явжээ. Хотод 10 гаран жилийн өмнө ирж, магистр, доктороо хамгаалж, 20 гаруй ном бичиж, сүүлийн 4 жил хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явж байна (инээмсэглэв).

-Эмэгтэй хүн дөрвөн жилийн хугацаанд хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж явна гэдэг чанга. Таны зорьж бүтээсэн хийсэн нэвтрүүлгийг үр дүн үр ашиг юу байв?

-Түүхч хүнийхээ хувьд түүхийн үнэ цэнийг, тусгаар тогтносон эх оронтой байхын утга учрыг ойлгуулах гэж зүтгэж яваа юм. Түүх гэж вэ хэмээвээс. Түүх бол өчигдөр, өнөөдөр, маргааш гурван цагийн нэгдэл, өчигдрөө мэдэхгүй бол өнөөдөр гэж байхгүй, өнөөдөр гэж байхгүй аваас маргааш ч гэж байхгүй. Тиймийн учирт бахархал, сургамжтай түүхийн хуудсыг та бүхэндээ харуулъя, эх сайхан Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газруудаар явуулъя, социализмын үед БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, аварга малчин болж байсан ахмад буурлуудынхаа үгийг сонсгоё, нутаг нутгийн онцлог, зан заншил, соёлыг хуваалцъя хэмээн зорьдог.

Мөн Монгол улсынхаа хилээр явж, нэр нь тодорсон, бас тодррогүй, баатрын энтэй атал баатар болоогүй бахархалт хилдчийнхээ мөрөөр алхаж, мартах ёсгүй түүхийг маргаашдаа үлдээюү гэсэн юм.

-Таныг түүхийн багш мэргэжилтэй гэж сонссон. Мэргэжлээ дагаад ийм ажил хийхийг санаачилсан уу. Даргаа ч хийдэг жолоочоо ч хийдэг, эвлүүлэгчээ ч өөрөө хийдэг гэсэн үү?

-Тийм. Түүхийн багш, түүхч. Мэргэжлийн онцлог л доо. Мөн мэргжлийн онцлогоос хамаардаг юм уу улаан эх оронч.

-Хилийн ангиудаар явж нэвтрүүлэг бэлтгэсэн гэхээр?

-Монгол Улсын хилийн ангиудаар явж, хариуцсан хэсэгт нь байх байгалийн үзэсгэлэнт газрууд болон түүхийн дурсгалт газруудаар явж, амь амьдралаа хилийн заставд өнгөрөөж буй хилийн заставын хар нүдэн бүсгүйчүүд, ахмад хилчид, өнөө цагт, яг одоо ч хил дээр зогсож буй хилчид, хилийн цэргүүдийнхээ мөрөөр алхаж, тэднийхээ нийгмийн баталгаа, амьдралын үнэн, хангамж, төрдөө гээгдсэн байгааг олж харангуутаа, төрд хүргэх нэг сэжим болъё гэх мэтээр нэгэн биед ахадсан их ажлыг нуруун дээрээ үүрээд, машинаа бариад л зүтгэж явна. Хаа хүрч зогсохыг таашгүй.

-Эмэгтэй хүн хил дээр очоод нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэнэ гэдэг сайхан ч нөгөөтэйгүүр эрэмгий зоригтой бас эрсдэлтэй санагдаад байгаа шүү?

-Хил гэхээр уйлмаар. (нулимсаа арчив) Би одоо ч хил, хилчидээ санаж байна. Анх баруун хилийн тулгаралт дууссаны ойд зориулан нэвтрүүлэг хийхээр Байтаг богдыг зорьж байсан юм. Ирээд 2018 оны намар ирэх жил болох Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориулан нэвтрүүлэг хийхээр Халхын гол, Ялалтын хөшөө, Баянцагаан, Хамар даваа, Хайлааст манхан,  Бурхант, Баянхошуу, Мэнэнгээр явж байгаад ирсэн чинь том хүү минь “Ээж минь эх орынхоо төлөө зүтгэж байхад би ч гэсэн эх орынхоо төлөө зүтгэнэ” хэмээгээд зарлан ирээгүй байхад, зарлангаа өөрөө очиж дүүргээс аваад, домогт Халхын гол руу сайн дураараа цэрэгт явсан байлаа. Хүү минь уруу татсан. Түүнээс хойш хилээр явлаа. Ямартай ч Монгол Улсынхаа хилийн ангиудыг дуусгаад ирлээ.

-Мөн таныг нэвтрүүлэг бэлтгэж явахдаа хавиргаа хугалчихаад машинаа барьж чадахгүй, өдөр нь яваад, шөнө нь унтаад бараг 2 хонож байж хотод ирж байсан гэх?

-Дэгээ голд явж  байхдаа мориноос унаж хавиргаа гэмтээж, буцахдаа өвчин намдаах эм ууж, арай гэж машинаа барин ирсэн. Өвчин намдаах эм уухаар шөнө нойр хүрээд машин барьж чадахгүй байсан. Замдаа хонон, өнжин 2 хоног явж байж, арай гэж ирсэн. Халхын гол уг нь 2,3 хоног явах газар биш л дээ.

 Сулинхээрийн отряд руу явж байхдаа шөнийн 04 цагт нойрмоглож байгаад аваарт орсон.  Тэшигийн хилийн анги руу явахдаа хамаг дугуйгаа хэгз цохиод, Хутаг-Өндөр суманд 4 дугуйгаа солиулаад, 02 цагт шөнөжин давхиад, төөрч байж арай гэж ангиа олж очсон. Үенчийн заставуудаар машинаа барин хоёр жил тойрч, машинаа эвдэлсэн. Баян-Өлгийд өвлийн тэсгим хүйтэнд Намнан, Дамба баатрын тулалдсан газар луу 30 км газар мориор явж байлаа.

Дорнодын Баян-Уул руу явж байхад дээрээс дарамт шахалт ирэн, юу ч хийж чадаагүй буцаж байсан. Нилээд их мөнгө зарцуулсан л даа. Дахин Баян-Уул руу явахдаа 2 дугуйгаа чирэн аймгаас 50 км зайд машинаа орхин, нуруу хатгачихаад явж чадахгүй  атлаа зам тосон гүйж байсныг, дугуйгаа янзлуулчихаад, 50 км газар хямд явж өгөөч гэж такси хайж,  аймгийн гудамжинд 2 дугуй чирээд гүйж байлаа.

Хавар гэрт гал гараад, гэртээ засвар оруулаад, хүргэн ахындаа амьдарч байх үедээ  Алтайн хил  рүү яван,  машинаа эвдлээд, банкаа цоолоод, 2 өдөр говьд ангаж үхэхийн даваан дээр амь аврагдаж байв.  

Саяхан хамгийн сүүлийн ангиудаар орохдоо шинжилгээний хариу муу гарч, эсийн шинжилгээ өгчихөөд, бантан идэнгээ үхэхээсээ өмнө хилээ дуусгая хэмээн зүтгэлээ.  ББСБ-т барьцаанд тавиад, 2020 оны  01 сараас 11 сар хүртэл зөвхөн хүүнд нь 1 сая 650 мянган төгрөг төлж өнөөг хүрлээ. Одоо машинаа зараад хилд явахдаа зээлсэн өрөө дарах гээд сууж байна. Тэгсэн атлаа  юунд ч санаа зовсон шинжгүй, хилээ дуусгасан гэсэн бахархалтай, харин ч энэ муухай өвчнөөс болж хорио тогтож, дэмий тэнэж чадахгүй байгаадаа л гутарч сууна. (инээв)

-Эмэгтэй хүн ганцаараа хэдэн мянган км замыг эвхэж туулна гэхээр эрсдэлтэй санагддаг. Мөн асар их тэвчээр зориг харагддаж, үнэртэж байна шүү?

-Одоогоор 110 мянган км л явж байна. Баруун талаас нь аймаг, аймгаар, сумуудаар яваад л байна. Хаана хүрч зогсохыг үл мэднэ. Саяхан бие өвдөхдөө, нээг их харамсах юмгүй байгаагаа мэдэрсэн. Хүүхдүүддээ л санаа зовж байлаа. Хүн хийсэн юмтай байна гэдэг нь  амьдралд хорогдох шалтгаангүй байлгадаг юм уу даа.

Дөрвөн жилийн өмнө эх орныхоо төлөө гэсэн хүндхэн атлаа сайхан ажлыг нуруундаа үүрчээ. Нэг өдөр сэтгэл амар  тайван байсангүй, хаанаас мөнгө олох, хэнээс мөнгө гуйх, яаж явах, яаж зохицуулах, зураглаачдаа хэрхэн мөнгө олж өгөх, очихоор өнөө аймаг, сум, газар, хилчид хэрхэн угтах бол, яаж өөрийгөө ойлгуулах уу, очсоныхоо дараа юуг нь гаргах, нүдэнд өртөж, гарт баригдах гоё сайхан зүйл юу байна, замын бартаа саад, шавар намаг, салхи шуурга, машин эвдрэх, ядрах, зүдрэх, нойргүй, хоолтой, хоолгүй явах, буцаж ирээд юуг нь яаж эвүүлэх, яаж хүнд хүргэх гээд л санаа зовних зүйл их.

-Ингэж ярихыг нь сонсохоор хэтэрхий өөдрөг үзэл бодолтой хүн шиг санагдлаа?

-Би нэг тийм засрашгүй өөдрөг хүн л дээ. Манай аав гэж нээг их сайхан хангай нуруу шиг, “Болно доо” хэмээн ханцуй шамлан зүтгэдэг хүн байсан. Би аавыгаа л дуурайсан байх. Тэр битгий хэл манай хүү намайг дооглодог юм. Ээж та минь хүнд битгий гомдож бай, муу хүмүүс зөндөө байдаг юм ш дээ гэж. 20 той хүүхдэд дооглуулаад л сууж байна. Хэт их сэтгэл гаргахаар хэтэрхий их шаналдаг. Мэдээж нэг муу хүүхэн зүтгээд л байдаг, тэр бүхнийг нь зүтгэж байгаад нь баярлаж, сайн, сайхан зүйлийг нь олж харж яагаад болдоггүй юм болоо гэж гайхах үе зөндөө. Хэл ам гарна, хараана, зүхнэ, доромжлоно, албан тушаалтнуудаас дарамт ирнэ, шүүмжлэнэ. Гэтэл би хэнд ч өргүй. Эх орондоо л өртэй байх.

Би  өөрийнхөө сайн дураараа хийж буй зүйлд, өөрөөсөө мөнгө гаргаж зүтгэсэн зүйлд, ямар нэгэн төсөл хэрэгжүүлээд идэж уусан биш, хүмүүс яагаад худлаа ярьдгийг, хүн гүтгэдэгийг, доромжилж чаддагийг ойлгодоггүй.

-Байдгаа зарцуулж, зориулж, гэхдээ хийж байгаа нэвтрүүлгээсээ ашиг олж байсан уу?

-Нэг ч төгрөгний ашиг олж байсангүй. Ховд аймгийн 17 сумыг тойрохдоо УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа эгчтэй хамтран ажилласан юм. Ховдоо тойрч дуусаад үлдсэн мөнгөө зураглаачдаа өгөөд, хайрцаг ааруултай гэртээ ирж байсан.

 Увс аймаг дээр УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбаттай хамтран ажилласан юм. Мөн л үлдсэн бүх мөнгөө зураглаач хүүд өгчихөөд, ааруултай л гэртээ ирж байсан. Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Мөнхбаатартай хамтран ажилласан юм. Бас 1000 төгрөг ч үгүй гэртээ намар ирээд, хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийх гэж хүнээс мөнгө зээлж байлаа. Архангай аймагт УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй хамтран ажиллсан. Зураглаачдаа мөнгө өгчихөөд, үлдсэн 1 сая төгрөгийг илүү гарсан нь энэ гээд буцааж өгч байлаа. Би өөртөө ямар нэгэн зүйл авч үлдэж байсангүй. Харин хамтран ажилласанд баярлалаа хэмээн тэр хүмүүстээ сургуулийнхаа зураг гоё авдаг багш залуугаас жаазтай зураг худалдаж аваад, бэлэглэж байсан.

Археологийн багуудаар явахдаа охиныхоо хадгаламжийг дуусгасан. Сая хил тойрохдоо хамаг юм аа барсан. Одоо баахан өр л байна. Гэсэн ч би гунидаггүй. Би мөнгө олох гэж яваагүй. Эх орон, их түүхээ хойч үедээ үлдээх туйлын зорилго бий. Миний тэр зорилго л биелэж байхад болоо. Өөр юм хүсдэггүй.            

-Хол замд адал явдал болоод саад бэрхшээл тулгардаг байх. Энэ талаараа?

-Эмэгтэй хүн чинь машинаа янзалж унадаггүй юм байна. Яваад байвал унаад л байдаг. Бараг хамрыг нь сөхөж үзсэн ч юм уу даа. (инээв) Honda civic, X tral, Toyota sienta гээд гурван ч машины ард гарав. Мэдээж сумаас сум хоёрын хооронд зам хэцүү. Хилийн зам бүүр хэцүү. Хилд 2 машинаа дуусгасан даа. Дөрвөн цагийн эргэлтэнд явсан болохоор саад бэрхшээл их. Гэсэн ч даван туулсан. Гэрт байгаа газрын зураг дээр хаана хүрсэнээ тэмдэглэдэг юм. Эх орон гэж зүтгэснээс хойш магтаал, баяр баясгалан, аз жаргал, хараал, зүхэл, доромжлол, дарамт бүгдийг л амслаа. Энэ газрын зургийг нэг яваад ирэхэд найз минь бэлэглэсэн. Намайг сайн мэднэ л дээ тэр найз минь. Уйланхай, гомдомхой гэдгийг. Ирэх бүртээ хаана очсоноо тэмдэглээд харж байгаарай. Тэгээд эмэгтэй хүн гэхэд их зам туулж байгаа шүү гэж өөртөө урам өгч, өөрөөрөө бахархаж, одоо хаашаа явах уу гэж төлөвлөж байгаарай гэсэн юм. Охин минь гэртээ байгаа бол яваад ирэхэд ээж та хаашаа яваад ирсэн тэмдэглээрэй гэж хатгадаг кнопыг нь авч өгдөг юм. Хөөрхөн.(инээмсэглэв) Нээрээ л найзынхаа хэлснээр өөрийнхөө хийсэн зүйлд л өөртөө баярлаад, өөртөө баяр хүргээд л сууж байна даа.

-Хилчид гэж ямар хүмүүс вэ. Та тэднийг тодорхойлвол?

-Хилчид гэж мундаг хүмүүс. Би хилчдийнхээ төлөө хийнэ гэж төлөвлөсөн зүйл байгаа. Тэрхүү анги, застав дээр л хүний мөн чанар, сайхан сэтгэл, хайр, итгэл бий. Тийм учирт “Төрд  орхигдсон ч эх орныхоо төлөө зүтгэсээр...” гэсэн нийтлэл бичиж, төр засгийн сонорт хэдэн хилчдийнхээ үнэн төрхийг хүргэх гээд зүтгэж л байна. Төр нь анхаардаггүй юмаа гэхэд өөрийн чадах зүйлийг тэднийхээ төлөө зориулъя хэмээн бодож төлөвлөсөн зүйл их бий. Хүний сэтгэл, зүрхэнд хүрнэ гэдэг сайхан.

-Хил дээрх амьдралыг өдөр бүр харахгүй шүү дээ. Гэвч бодит нүдээр харж, нэвтрүүлэг бэлтгэсэн хүний хувьд хилийн цэргийн анги, хилээ нэр төртэй хамгаалж байгаа алба хаагчид, цэргүүд ямар гэж хэлэх вэ та. Амьдрал  нь хэр байдаг бол?

-Буйдхан застав дээр эх орныхоо төлөө эгнэгт зогссон үе, үеийн хилчдийн минь залгамж халаа болсон энх цагийн баатрууд зогсож байна. Яг одоо ч энх цагийн манаанд зргсож байгаа. Би хэдхэн үгэнд тэднийхээ тухай багтаахад хэцүү. Төрд орхигдсон, болж л байгаа хэмээн бодогдож, төрийн хайр халамжийн гадна үлдсэн хичлдийн дүр төрхийг очсон хүн бүр сайхан сэтгэл, юу байгаагаараа дайлдаг тэр л дүр төрхөөр нь хардаг учир хилчид болж байна гэж боддог аж. Үнэндээ яг дотор нь ороод амьдрал руу нь өнгийхөөр тэднийхээ төлөө ямар нэгэн юм хийх юмсан хэмээн шаналдаг юм.  Тэртээ хол, шувуу л хааяа нисэхээс өөр амьд амьтны бараа үл харагдах хилийн торгон шугаман дээр дөрвөн цагийн эргэлтэнд манаанд гарч буй ХИЛЧИД зогсож байна. Тэрхүү буйдхан застав, хилийн ангиудад эх орныхоо төлөө тангараг өргөсөн хилийн цэргүүд манаанд гарсаар байна. Гуравхан жилийн дараагаар түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй ХИЛ хамгаалах байгууллагын түүхэн замнал баян. Зах зээлийн ороо бусгаа  цагт ч ХИЛЭЭ орхиогүй хүмүүс ХИЛЧИД.

Хилчний гэргий гэж хэн бэ?  

-Оюутан байхдаа амьдрал хайр дээр тогтдог хэмээн ирээдүйн офицертэй хайр сэтгэлээр гагнагдаж хөтлөлцөн гүйсээр төгсөнгүүт нь гэр орон, аав, ээжээсээ зөрөн байж, ганц чемодантай өмссөн хувцастай залууг даган заставаар эхэлсэн амьдрал. Их, дээд  сургууль төгссөн ч, мэргэжилээрээ ажиллаж үзээгүй гэргий нь ажил олдох юм бол угаагч, буудлын үйлчлэгч, холбоочин хийнэ, ажил бас тэр бүр олдохгүй. Үе, үеийн хилчдийн дүр төрх ийм л байсан. Харин одоо цагт өнгө мөнгөн дээр тогтож байгаа энэ үед хилчин залууг дагаж, амьдрал хайр дээр тогтдог хэмээн хил рүү зүтгэх бүсгүй хэд болсон бол. Миний ажигласнаар яг одоогийн хилчин залуусын гэр бүлийн асуудал орхигдсон. Өнөөгийн бүсгүйчүүд өөр зүйл хүсэж, өөр зүйлийг мөрөөддөг, өөр амьдралаар амьдрахыг хүсдэг болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл цаг үе өөр болсон. Өнөө цагийн хилчин залуучуудад минь хамгийн гол зүйл гэр бүл. Гэр бүлдээ санаа үл зовох аваас хилээ сайн манана.

-Ахмад хилчид гэж хэн бэ?

-Холын хол байх хилийн ангид машинаа барин очиж, зам зууртаа элдэв саад бэрхшээлийг даван туулж эх орныхоо төлөө зүтгэх бүсгүй миний сэтгэлийн утасыг хөндөх ахмад хилчдийн амьдрал эгэлээс эгэл. Хүүхэд байхад 4 айлын орон сууц, 8 айлын орон сууц гээд 70,80 аад онд баригдсан хэдэн навтгар байшингууд сумын төвдөө л гоё  байшингууд харагддаг байсан бол одоо цагт тэр байшингууд хүний нүдэнд торохооргүй жижигхэн бас өнгө муутай. Тэрхүү байшингуудад ажиллаж байгаа офицерүүд нь амьдрах хэдий ч тэтгэвэрт гарсан ахмад хилчид минь хаа газрынх байсан ч тэтгэвэрт гарсан ангиа бараадаж, нээг их том хашаанд байх хаяа хатгасан хэдэн бор гэртээ амьдарна. Тэр гэрүүдийн гадаа очиж, хичнээн олон ахмад хилчидтай дөрөө нийлэн хилээр явлаа даа. Даанч өрөвдмөөр. Тэртээх 20 жилийн өмнө ажиллаж байсан заставаа харан нулимс нь мэлмэрэх ахмад хилчдийнхээ  хамт явж, тэднийхээ хайраар хичнээн олон нэвтрүүлгүүдийн ард гарсанаа би мартахгүй ч, тэр ангийн хажууд байх гэр хорооллын гаднаас даллан, даллан үдэх ахмад хилчдийнхээ сүү шиг сэтгэлд дэм болох юу ч хийж чадахгүй эрх мэдэлгүй нэгэн жирийн бүсгүй гэдэгтээ гунигладаг юм.

-Хилчин гэж хэн бэ?

-Хилчин хүний цалин хангамжийг аваад үзье. Хилчдийн цалинг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Төрийн алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 472 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу бодож олгох аж.  Дундаж цалинг бодоод үзэхээр бага юм. Энэ мөнгөөр амь амьдралаа авч яваа хилчин өр зээлгүй байж чадах болов уу. Бүгд өр, зээлтэй. Газар бүрт томилогдож, ХИЛ дагаж явсаар амь амьдрал, биегүй болсон хүмүүс. Хамаг сайхан залуу насыг нь ЭХ ОРОН хэмээн зүтгүүлчихээд, яг ид хийж бүтээх 40 насан дээр нь, за одоо боллоо, та тэтгэвэртээ гарч болно гэдэг. 40 насандаа тэтгэвэрт гарч байгаа хилчний тэтгэвэрт суусны дараах амьдралын баталгаа алга даа. Гунигтай.

-Хүний хүсэл мөрөөдөл, хобби гэдэг их сайхан юм. Эх оронч гэр бүл гэхээр сайхан санагдаад байгаа. Нуулгүй ярихад хувийн амьдралынхаа талаар хуучилж болох уу?

-Нэгэн гэр бүлийн зүтгэл гэж ойлгож болно. Би олон удаа ярилцлага өгч байсан ч хувийн амьдралаа нэг ч удаа ярьж  байгаагүй юм байна. Харин энэ удаад хувийн амьдралаа яръя. Би жирийн л нэг багш. Гурван хүүхэдтэйгээ амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. Ээж минь Завхан нутагтаа амьдарч хоёр  бага хүүхдийг минь хооллож, ундалж, хувцаслаж, хичээл сургуульд нь явуулж байна.

Бага охин минь энэ намар сургуульд орсон ч, ээж, дүү охин 2 минь харж өгдөг. Саяхан охиноо санаад байна ээжээ. Би нэг хэсэгтээ өөр дээрээ авъя гэсэн чинь, хилээ дуусгах минь гээд хилээс долоон дор гээд охиноо орхиод явсан, одоо охиноо гэнэт санав уу, наад хотод чинь өвчин их байхад, би юу гэж явуулдаг юм, өөрөө өвдчихгүй шиг, наад ажлаа амжуулаад байж бай. Хотод байснаас энд байсан дээр хэмээн загнуулсан.

Дүү охин минь Завхан аймгийн Цагаанхайрхан сумын сургуульд бага ангийн багш. Тэр минь их ажлыг минь амжуулна. Мөн хотод байдаг бага эгч, хүргэн ах хоёр минь байна. Хил рүү хамтран ажиллагч олдоогүй. Мөн ч их зүйлийг тэвчиж байж, хилийн ангиудыг дуусгалаа. Энэ их замд бага эгч Отгонжаргалын минь хувь нэмэр их. Би байнга шахуу л эгчээсээ мөнгө зээлж явсан. Одоо эгч, дүү хоёртоо баахан өртэй. Машинаа зараад өрөө дарчих санаатай, машинаа зарна гээд зар өгөөд л байж байна. Хилд 3 жил зүтгэхдээ 30 сая орчим төгрөг зарцуулжээ. Одоо  6 орчим сая төгрөгийн өр төлчихвөл бас нэг хэсэгтээ санаа амрах нь. Хувийн амьдрал үндсэндээ орхигдсон. Тэгж байж л энэ бүхний ард гарна. Заримдаа эрчилсэн үертэй голоор гарахад машины шил рүү ус цохиж байхад, өвөл төөрөхдөө, аваарт орохдоо, говьд ангаж цангаж үхэх гэж байхдаа халгаж байснаас илүүтэй олон түмний буян заяа түших байх гэж бодож байсан.

-Ийм их ажил хийж амжуулахад ар талын хариуцлага сайн байх ёстой шүү?

-Тийм шүү. Хэдийгээр хүн харахад дарга, жолооч, хөтлөгч гээд бүх юмаа амжуулаад мундаг харагдаж байж болох ч миний ар тал сайн. Ээж, эгч, дүү, хүүхдүүдийнхээ хүчээр энэ их ажлыг амжуулж байна. Хүүхдүүдтэйгээ жилд нэг л удаа уулздаг. Шинэ жилээр цуглардаг ч, сүүлийн жилүүдэд хилд явснаас хойш, тэр бүр уулзаж чадахгүй л байна. Монгол бахархалын өдөр Орвог гашууны бор толгойд, шинэ жилээр Халхын голын Дэгээ голын застав дээр, Мартын 8-наар Хэнтий аймаг Дадал суманд байх хилийн ангид, цэргийн баяраар Ханхын застав дээр, төрсөн өдрөөрөө Архангай, Увс, Хөвсгөлд тэнэж явсан гэхээр ийм тэнэмэл ээжийг хүлээн зөвшөөрч, санасан ч тэвчинэ гэсэн тангараг хоорондоо өргөсөн үрсдээ баярлаж явдаг. Хүмүүс харахаараа “Яасан гоё юм, ямар мундаг юм, азтай юм, атаархаж байна гэдэг ч түүний ард “Нусаа хацартаа наасан зүтгэл” бий л дээ.

-Түүхийн тухай нэвтрүүлгийг тань ивээн тэтгэж өгье гэх хүн байдаг уу?

-Нэн ялангуяа түүхийн нэвтрүүлгийг ивээн тэтгэж хамтран ажилладаг хүн ховор. Их сургуулийн багшийн дундаж цалин 1 сая гаран гэж бодоход, байрны лизингээ төлнө, цалингийн зээлээ төлнө, камерны зээлээ төлнө, хилээр явж байхдаа машинаа ББСБ-т тавьсан, тэрийгээ төлнө гэсээр цалингаас нэг жаахан мөнгө илүү гарвал бензин хийгээд хагас бүтэн сайнд нэг ч болох нээ газрыг амжуулнаа гээд шөнөжин машинаа барьж очоод, хоёр өдөр нэвтүүлэг хийгээд, буцаад бүтэн сайны шөнө давхисаар өглөө үүрээр ирээд, машиндаа хувцсаа солиод, оюутнуудынхаа өмнө хичээлдээ бэлэн зогсож байх ёстой гэдгээ л мэднэ. Тэрнээс биш том төсөл биш. Ивээн тэтгэгч тэр бүр олдохгүй. Тэгсэн атлаа амжуулсаар болгосоор л өдий хүрчээ. Хүний хүсэл хязгааргүй юм. Тэр их хүслээр нь амьдруулдаг гэр бүл хамгийн үнэт зүйл.

-Өв соёл, үүх түүхээ мэдэхгүй өсч яваа залуус, хүүхдүүд олон бий. Их түүхээ гуйвуулахгүй, мушгихгүй, арилгахгүй, үгүйсгэхгүй авч үлдэх арга?

-Хамгийн чухал зүйл тэр. Өнгөрсөн тэр түүх хэнд хэрэгтэй юм гэж үзэх, түүх рүүгээ, өнгөрсөн үе рүүгээ нулимах нь их бий ч, бас ч гэж нэг үеэ бодвол түүхээ мэдэх юмсан гэх хандлага их бий. Түүхийг хүн бүр мэддэг гэж андуурдаг. Үнэндээ түүх тэгж хэн хүний санаан зоргоор ярьдаг зүйл биш. Яг одоо миний хүсээд, зориод хийгээд байгаа шиг яг л байгаагаар нь хойч үедээ үлдээх гэж зүтгэж буй нь энэ асуултын чинь тайлал. Магад 50 жилийн дараа 100 жилийн дараа хүмүүс ойлгох зүйлийн төлөө зүтгэж явна. Бүх зүйл шинэчлэгдэн өөрчлөгдөж, хүний амьдрал урсан өнгөрч, нийгэм ч хөгжлийн зам руугаа явж байна. Гэсэн ч бид өмнөхөө орхиод нээг их хол явахгүй. Бид өчигдрөөс сургамж авах ёстой. Бас бахархал олж авна. Бидний өвөг дээдэс чөмгөө дундартал зүтгэж байж, энэ сайхан эх орныг минь авч үлдсэн гэдгийг бүү мартаасай.

-Их сургуулийн багш хүний хувьд оюутнууддаа юу гэж хэлж захидаг вэ?

-Би их сургуулийн түүхийн багшийн хувьд үүнийг л оюутнууддаа байнга хэлдэг. Мэдлэг эзэмших нэг хэрэг, харин эх оронч, үндэсний үзэлтэй байх ёстой, инженер хүний гарт эх орны хувь заяа бий, инженер болох гэж байгаа надад түүхийн хичээл ямар хэрэгтэй билээ гэж бодох биш би Монгол хүн учирт түүхийн хичээлийг ойлгож, эх орноо хайрлах, бахархах, басхүү сургамж авч, ирээдүйд би эх орондоо ямар хувь нэмэр оруулж чадах, яаж мундаг инженер болж чадах вэ гэсэн зорилтыг өөртөө тавиасай гэдэг үүднээсээ хичээлээ заадаг. Гарт баригдаж, нүдэнд нь үзэгдтэл хичээлээ заах ёстой. Тэрнээс биш мэдлэг чихэх нь чухал биш. Энэ миний зарчим.

-Бас баяр ёслол болон шинэ жилийн үеэр гэртээ байдаггүй гэсэн. Энэ жил гэр бүлийнхэнтэйгээ шинэ оноо угтав уу?

-Тэглээ. Ганц жил шинэ жилээр гэртээ байж үзлээ. Гэхдээ хоёр бага хүүхдээ авчирч чадсангүй. Том хүүд минь сайхан байх шиг байна. Сүүлийн 5 жил гэртээ байгаагүй л гэнэ. Ээж хоол хийгээд сайхан байна л гэнэ. Би хүүдээ ээжээсээ хойш та нар минь баян амьдарна. Хангалттай их хар материал байна. Бас энэ олон номын эрх та нарт байна. Энд тэнд өлсөж явахад чинь манай ээж “Түүхийн жимээр” гэдэг нэвтрүүлэг хийдэг гэхэд, чамд захын нэг айл хоол хийж өгнө. Бүүр болохгүй бол өлсвөл зараад идэх ч зүйлүүд байна гэхээр хүү минь хоосон нойтон ч ээж минь эрүүл амьд мэнд байхад л баян, тэрнээс биш ээжгүй баян байгаад яахав дээ гэдэг юм.  Бас нэг том ажлын ард гарсан болохоор. Өөрөөр хэлбэл хилээ дуусгаад ирсэн учир санаа амар 2021 оноо угтлаа. Одоо 3 ном бичээд дуусаж байна. Түүхийн жимээр Завхан аймаг, Түүхийн жимээр-Торгон хил, Түүхийн жимээр 6-р дэвтэр гээд бусад аймгуудаас бэлдсэн нэвтрүүлгүүдээ нэгтгээд 500, 600 хуудастай нилээд том номнууд гараас гарч байна. Шинэ жилийг, шинэ оныг ингэж л угтаж байна.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хөл хорионоос болж хийж бүтээх ажил нь хойшилж удааширсан байдалтай байна уу?

-Гайгүй ээ. Онлайн аар  хичээлээ орлоо. Энгийн ордгоос илүү стрестэй. Moodle, zuum, вэб, чаат, gmail гээд оюутнуудтайгаа харьцаж болох бүх зүйлийг ашиглаж хичээлээ зааж, дүнгээ гаргаад санаа амарлаа.  Номнуудаа бичиж байна. Ер нь ингэж гэртээ удаан амраагүй юм байна. Хилээс ирээд бараг хоёр сар боллоо. Нилээд бие өвдсөн байсан. Эмнэлэгээр явлаа. Эмнэлэгт хэвтлээ. Шинжилгээний хариугаа аваад жаахан сэтгэл амсхийгээд, эмчилгээгээ хийлгэж байна. Их ядарч, дөрвөн жил үг сүггүй явжээ. Ингэж нэг хөл гар амарсанаа санахгүй байна.

-Таниас хүмүүс юуг олж  хараасай гэж боддог вэе?

-Бид эх орон, их түүхийн үнэ цэнийг л мэдрүүлэх гэсэн гэр бүл. Чадлаараа л эх орныхоо төлөө зүтгэж байгаа. Өнгө, мөнгө чухал биш хүнд сэтгэл байхад юуг ч хийж бүтээж болдогийг харуулж яваа гэж боддог. Бас эгэл энгийн бүхэн ямар аугаа юм бэ гэдгийг олж харах байх. Ямар ч дүр эсгэлт хэрэггүй, их мөнгө, том баг, хүчтэй техник байхгүй байсан ч, албан тушаал, арын хаалга байхгүй ч бор зүрхээрээ чин сэтгэлээрээ юуг ч даван туулж, юу ч хийж болдогийг, хаа ч хүрч чаддагийг харж байгаа байх. Бас бүсгүй хүн ямар хүчирхэгийг олж харсан байх. Хичнээн их саад бэрхшээл, дарамт шахалт, хэл ам, хов живийг туулан, гомдож дотороо нурж байсан ч бүхнийг амжуулж явна.Энэ дашрамд үргэлж дэмжиж, тусалж ирсэн хайртай ээж, эгч, ах, дүү, хүүхдүүддээ, найз нартаа, хамтран ажиллагч нартаа, яваад очиход юу байгаагаа барин угтдаг хүний мөн чанарын дээд болсон хилчин бүртээ баярлалаа.

-Танд монгол дээл их гоё зохисон харагддаг. Очсон газар болгоныхоо үүх түүхийг олон нийтэд хуваалцаж хүмүүстэй хамт зургаа татуулж тайлбар хийсэн байхыг харах гоё?

-Баярлалаа. Монгол хүн бүрт дээл их гоё зохидог. Бас очсон газрынхаа усыг нь ууж, ёсыг нь дагаж ямар үндэстэн, ястан хүмүүстэй уулзана, тэр хувцсыг нь өмсөж ярилцлагаа авна. Ер нь миний гоёо монгол дээл юм байна. Шинэ жилээр л дээл өмсдөггүй. Бусад бүх үед дээл өмсөж байна. Дөрвөн жил тэнэхдээ эмэгтэй гэдгээ бараг мартжээ. Туфль, даашинз, цүнх хэзээ авснаа санахгүй байна. Ганц авдаг зүйл нь дээл. Бас шинэ жилд баяр ёслолд нээг их ордоггүй. Үс гэзгээ янзлуулахаас өгсүүлээд мөнгөө үрж байхаар нэг ч гэсэн газар руу бензин хийгээд нэг ч гэсэн газраас нэвтрүүлэг хийгээд ирье гэж боддог юм. Хамгийн их санаа зовдог зүйл бензиний мөнгө. Хамгийн их өмсдөг зүйл дээл.  Монголоороо л гоёж явна.

-Цаашдын зорилгыг нь сонирхож байна?

-Цар тахлаас болж хөл хорионд жаахан уйтгартай байна. (инээв) Гэхдээ 3 номоо дуусгах гэж байна. Энэ хавар 3 номоо гаргачих санаатай. Хилийн номыг минь А.Лхагвасүрэн генерал ивээн тэтгэнэ хэмээсэн. Мөн хурандаа П. Наранбат гуай гэр бүлийнхэнтэйгээ тус болно гэсэн. Сэтгэл амар байна. Завханаас бэлдсэн нэвтрүүлгийнхээ номыг ивээн тэтгэгч олоогүй. Гэхдээ найзууд бий. Намайг ойлгодог нутгийн минь залуучууд. Тэднээсээ тусламж дэмжлэг хүснэ. Бусад аймгуудаас бэлдсэн нэвтрүүлгүүдийнхээ номыг хамтран ажилласан хүмүүстээ хандаж үзнэ. Болно биз дээ. Сайн хүмүүс муугаасаа олон байдаг юм. Тэгээд өвчин гайгүй бол энэ зун Увс, Хөвсгөлийнхөө сумуудыг дуусгана даа. Ер нь баруун талаасаа явж л байна. Аль ч аймаг байсан хамтран ажиллагч олдвол тэр аймаг руу нь л явна. Миний хийдэг төсөв замын зардал, бензиний мөнгө, зураглаачийн мөнгө л тусгагддаг төсөв хийдэг. Тэрийгээ хүмүүст танилцуулдаг. Жолооч, хөтлөгч, найруулагч, эвлүүлэгч нь өөрөө. Тэр бүгд үнэгүй гэхээр  бага зардал гардаг. Монголоо тойрч дуусгах санаатай байна. Гэхдээ хаана хүрч зогсохыг таашгүй. Би өөрөөсөө айдаг юм. Ямар нэгэн юм бодсон бол юу ч тохиолдсон ямар ч дарамт шахалт ирсэн, юу ч болсон зорилгоо орхидоггүй, түүнийхээ төлөө юуг ч золиосолж чаддаг. Бусад хүмүүсийн хэлдгээр тэнэг зоригтой.

-Ярилцсан танд баярлалаа?

-Ярилцлага авах гэсэн юм хэмээн хүсэлт тавьж  эгэл жирийн эх оронч багшийн үгийг, үнэн мөнийг, харагдахгүй хөшигний цаана байдаг зүйлийг түмэнд хүргэх гэж хичээсэнд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд өөрийнхөө үнэт зүйл зарчим болгодог “Эх орон аминаас үнэтэй”, эх орноо, их түүхээ хайрлаж яваарай” гэж хэлье.

О.Сайхан

 

 

Анх 2017 оны зун машинаа барин, газар дээрээс нь нэвтрүүлэг хийхээр, Монголын археологийн судалгааны багуудаар 16800 км “honda civic” машинтай, зураглаач олж аваад гарч билээ. Түүнээс хойш 21 аймаг, 160 сум, 20 гаруй археологийн баг, Монгол Улсын хилийн бүх ангиудыг бүтэн тойроод дууслаа. Гэхдээ ажлынхаа хажуугаар, хагас бүтэн сайнд, оюутны амралтаар, зуны гурван сар явна л даа. Хобби юмуу даа. Нэг зун Ховдын сумуудаар яваад ирсэн чинь миний найз бүсгүйчүүд ингэж, олигтой мөнгө өгөөгүй компани, байгууллагыг сурталчилж явахаар, өөрийн гэсэн юмтай болсон дээр хэмээгээд студи байгуулчихсан, тамгыг минь гардуулж өгөхөөр намайг хүлээж байсан юм. Нэрийг нь асуухаар нь 2009, 2011 онд гаргаж байсан түүхэн шүлгийн номныхоо нэрээр “Түүхийн жимээр” гэж нэрлээрэй хэмээн хэлсэн, нэр давхцаад байна гэхээр нь “Эх түүхийн жимээр” нэр өгснөөр, найзуудынхаа хичээл зүтгэлээр ганц хүний ТББ, студи байгуулсан. Мэдээж өөрийн сайн дурын ажил учир, ашиг олдоггүй болохоор байнгын студийн хэмжээнд томроогүй ээ. Гэрийнхээ нэг буланд л эвлүүлэгээ өөрөө хийгээд л, Монгол түмэндээ эх орныхоо үнэ цэнийг, их түүхийн бахархалтай болон сургамжтай талыг, Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газрууд, хүн зоны амьдрал, аж байдал, соёл, зан заншлыг таниулах гэж зүтгэж яваа танин мэдэхүйн нэвтрүүлэг гэж ойлгож болно.
Ярилцлага

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.