| | USD/MNT 0₮

Эмнэлгийн даргын томилгоо улс төрөөс хамааралтай болно

Эрүүл мэндийн салбарт олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй ханддаг байдал энэ салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Гэсэн ч Монгол Улсын хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдэж, дархлаажуулалт бүхий халдварт өвчин, эх болон нярайн эндэгдлийг бууруулж чадсан түүхэн амжилтаараа Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн дэлхийн найман орны нэг болж чадсан нь эрүүл мэндийн салбарын үе, үеийн эмч, ажилтнуудын нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг үгүйсгэх хүн гарахгүй биз. Хөгжлийн үзүүлэлтээрээ ижил төстэй улс орнуудтай харьцуулахад тогтолцоо нь зөв гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон. Эх болон нярайн эндэгдэл, халдварт өвчний бууралтаараа ДЭМБ–ын Мянганы хөгжлийн зорилтыг биелүүлсэн дэлхийн найман орны нэгээр манай улс 2015 онд шалгарч байсан билээ. Нөгөө талаар бор зүрхээрээ явж байгаа салбарын, эмч ажилчдын хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг онцлох нь зүйтэй. Өнгөрсөн парламентын сүүлчийн удаагийн чуулганы хуралдаанаар эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулсан. Эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн эцэг хууль болох Эрүүл мэндийн тухай хуулийг Улсын Их Хурал 2010 онд хэлэлцэх үеэр төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-н гишүүн асан Д.Очирбат, Эрүүл мэндийн сайд асан С. Ламбаа нарын өргөн барьсан хуулинд эмнэлгийн засаглалийн бие даасан байдал гэх заалт орсон боловч дараагийн парламент хэрэгжүүлээгүй гацаасан билээ. Гэтэл 2016 онд Ардын нам олонх болж мөн л эмнэлгийн засаглалийг хэрэгжүүлэх төсөв  байхгүй гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хойшлуулж байсан билээ. Гэтэл сонгуулийн сургаар гэнэт ухаан орж байгаа аятай эмнэлгийн засаглалийн бие даасан байдлыг хэрэгжүүлнэ хэмээн дахин эрүүл мэндийн хуулинд тооцоо судалгаагүй гар дүрэхээр болсон.

Манай улсад эмнэлгүүд бие дааж төсөв санхүүгээ захиран зарцуулах боломж бүхий цаг хугацаа нь болсон уу, наанадаж судалгаан дээр үндэслэж гарах ёстой. Энэ мэтээр 2011 оноос хойш эрүүл мэндийн хуулинд 16 удаа нэмэлт өөрчлөлт орсон билээ. Энэ удаагийн эрүүл мэндийн хуулинд орж байгаа нэмэлт өөрчлөлт нь 2011 оны хуулинд байсан заалтуудыг дахин сэргээж байгаагаараа онцлог бөгөөд судалгаа, дүн шинжилгээ хийлгүй хуулинд бодлоггүй гар дүрсэний гаж нөлөө гарч байна.

Тухайлбал, эмнэлгийн бие даасан байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгуулагын төрөлжилт, Аймаг, нийслэлийн засаг даргын бүрэн эрх гээд олон зүйл заалтаа дахин сэргээж 2011 оны байдалд нь аваачиж засварласан байна. Өнөөдөр сумын эрүүл мэндийн төв боллоо гээд зэргэлдээх сумдын эх барих, нүүр ам судлалын, дотрын болон хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлсээр л байна.

Өнөөдөр монгол улсад хүн ам цөөн эрүүл мэндийн салбарын хувийн хэвшлийн тогтолцооны эрэлт багатай, нийлүүлэлт нь хэтэрсэн байхад Клиник эмнэлэгт дагнасан чиглэлээр орны зөвшөөрөл олгох шаардлага байсан уу.

Клиник эмнэлэг гэдэг заалт ор бүхий зөвшөөрөлтэй болсоноор манай улсад олон тооны хувийн хэвшлийн 10 хүрэхгүй ортой нэг чиглэлээр мэргэшсэн эмнэлгүүд бий болно гэсэн үг.

Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын төв эмнэлэгт эрүүл мэндийн сайдын тушаалаар томилогдон удирдах зөвлөлийн гишүүд ажиллаж гүйцэтгэх захирлаа томилсон байх юм. Гэтэл эмнэлгийн тусламж, үйчилгээний тухай хуулинд эмнэлгийн захирал 10 түүнээс дээш жил эрүүл мэндийн салбарт ажилласан, эмнэлгийн удирдлагаар мэргэшсэн байна гэх хуулийн заалтыг зөрчиж томилсон байх юм. Тухайлбал, дээрх гурван эмнэлгийн захирлаар томилогдсон 3 хүн бүгд эрүүл мэндийн удирдлагаар мэргэшээгүй хүмүүс байсан бол Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга нь эрүүл мэндийн салбарт 5 жил удирдах албан тушаал хашаагүй хүн байх аж. Эмнэлгийн удирдах зөвлөлийн 9 хүн бүгд сард 2 удаа л хуралддаг бөгөөд сар бүр 500,000 мянган төгрөгийн цалин авдаг. Гэтэл өрх, дүүргийн нэгэн эмнэлэг өдөрт 40-50 хүн үзэж байж хагас сард ч ийм цалин авах боломжгүй. Үүнийг салбарынхан мэдвэл эгдүүцэх нь ойлгомжтой.  Ингээд тооцож үзэхэд дээрх 3 эмнэлгийн нэг эмнэлэг дээр гэхэд л 1 зөвлөлийн гишүүн жилд 6 сая төгрөгийн цалин давхар авах нь гэсэн үг аж. Зарим эмнэлэгт бүр дэд захирал нь удирдах зөвлөлд орсон,  хамгийн хачирхалтай нь Эрүүл мэндийн яамны 3 газрын дарга нар нь дээрх 3 эмнэлгийн удирдах зөвлөлийн дарга болсон байсан удаа ч бий. Энэ мэтээр 1 удирдах зөвлөлийн гишүүний жилийн цалин 6 сая, 27 гишүүний цалин нийтдээ 162 сая төгрөгийг жил бүр тухайн эмнэлгийн төсвөөс гарна, эмч, сувилагч нарыг орон тоог нэмэх төсөв байхгүй гэдэг биз. Эмнэлгийн удирдах зөвлөлийн үүрэг, эрх яамба бүхий заалтаас харахад гүйцэтгэх удирдлага, хяналт тавих эзэн хоёр хутгалдаж байна. Нөгөө талаар эмнэлгийн үйл ажиллагаанд тавих хяналт, хэрэгжүүлэлт нь Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаатай давхардаж, асуудал дагуулж мэдэхээр болоод байна.  Их сургуулийн нэгдсэн эмнэлэг гэдэг шинэ заалт орж байна. Тэгэхээр Хуульзүйн яамны харьяа, Батлан хамгаалах яамны харьяа эмнэлгүүдэд заалт оруулна гэж үү. Эрүүл мэндийн хуулинд тодорхой заасан байгаа шүү дээ. Засгийн газар аль яамандаа харьяалуулахаа өөрсдөө шийдэх ёстой.

2012 оноос хойш эмнэлгийн удирдлагын чиглэлээр 106 эмч, эмнэлгийн бусад мэргэжилтэнг бэлдсэн байдаг аж. Гэтэл тэдгээр эмчийн 51-ээс нь судалгаа авахад тэдний нэг нь ч төсвийн шууд  захирагч буюу эмнэлгийн дарга болоогүй байжээ. Манай улсад эмнэлгийн бие даасан байдалийг хэрэгжүүлэхэд гарах эдийн засаг, эмнэлгийн үр нөлөөг тооцож үзэлгүй ийм шийд гарах нь аюултай байж болох юм. Учир юу гэвээс манай улсын эрүүл мэндийн салбарын оюунлаг эмч нарын судалгаануудыг уншиж үзвээс дараах анхаарвал зохих хэд хэдэн асудал урган гардаг юм байна.

Манай улсын эрүүл мэндийн салбар Семашко загвар буюу эмч төвтэй тогтолцоо байхад дараах үр дүнг нийгэмд /Эрүүл мэндийн сайд агсан, Академич Б. Дэмбэрлийн судалгаа/ сууршуулжээ.

  1. Ард түмний эрүүл мэнд төрийн онцгой анхааралд байсан
  2. Эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ /эмч, хэвтэн эмчлэх орны тоо/-гоор дэлхийн хамгийн тэргүүний гэгдэх 30 орны тоонд багтдаг болсон
  3. Төр засгийн дэмжлэгээр бүх хүн амыг бүрэн хамарч урьдчилан сэргийлэх ажлыг иж бүрнээр хийдэг болсон.
  4. Олон улсын түвшинд баримталж буй нэгдсэн бодлогоор эрүүл мэндийн тогтолцоог удирддаг.

Гэвч бид нар Бесмарк тогтолцоог оруулахад чиглэсэн даатгалтын тогтолцооны шинэчлэл бий болгож чадаагүй үед эмнэлгийн бие даасан байдал хэрэгжих нь иргэдэд эрсдэл үүсэх нөхцөл бүрдэж болох юм. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын бодлогыг олон улсын хэмжээнд энэ чиглэлийн тогтолцооны судалгаа хийдэг байгууллага, судлаачид эрүүл мэндийн зах зээл бусад салбар шиг өрсөлдөөнөөр явах нь зохимжгүй, үр ашиггүй байгааг сүүлийн жилүүдэд нотлоод байна. Учир нь энэ арга ард түмэнд үр өгөөж, хүртээмж багатай, салбарыг улам хүнд байдалд оруулдаг гэж олон эх сурвалжуудад дурдсан байна. Төсвөө өөрсдөө мэдэж зарцуулах болсон нөхцөлд нэмэлт төлбөртэй үйлчилгээний тариф нэмэгдэнэ. Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд бие даасан байдалд орвол Аймаг, Дүүргийн эмнэлэгт мэргэжлийн удирдлагыг төлбөртэй үзүүлэх үү. Цаашид энэ хууль хэрэгжиж эхэлбэл эмнэлгийн санхүү арилжааны банкид байршиж, улс төсвөө танаж, төлбөртэй орлогоо нэмэх үүрэг өгөөд их сургуулийн жишгээр явах нөхцөл бүрдвэл ажилчидаа цомхотгож, төсөв хэмнэх гэх мэт байдалд орох эцсийн дүндээ үйлчлүүлэгчдэд хүндээр тусч болох юмаа. Өрсөлдөөнийг салбарын аль нэг түвшинд нь тодорхой зохицуулалттай хийвэл үр дүнтэй гэх болжээ. Үүний нэгэн жишээ нь Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, наркологийн клиник гэх мэт хувь хүний хариуцлага ухамсараас шалтгаантай өвчлөлүүдэд менежментийн өөрчлөлт хийх нь зөв байж болох юм. Нийслэлд 30 орчим эмнэлгийн даргыг Засаг дарга, эрүүл мэндийн газрын даргатайгаа зөвшилцөж томилох нь улс төрийн хараат байдал бий болгож байна. Үүнийг төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар шийдвэрлэх нь зөв юмаа.

Эрүүл мэндийн сайд эмнэлгийн даргатай дүгнэх үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг  л чанаржуулах хэрэгтэй. Эмнэлэг бие даасан байдалд ороход бэлэн болсон гэж үзэж хуулийн өөрчлөлт хийх гэж байгаа эмнэлгийн өртөг, үр дүнгийн судалгаагааг гаргаад ирээч.

Манай улсад эмнэлгүүд бие дааж төсөв санхүүгээ захиран зарцуулах боломж бүхий цаг хугацаа нь болсон уу наандаж судалгаан дээр үндэслэж гарах ёстой. Энэ мэтээр 2011 оноос хойш эрүүл мэндийн хуулинд 16 удаа нэмэлт өөрчлөлт орсон билээ. Энэ удаагийн эрүүл мэндийн хуулинд орж байгаа нэмэлт өөрчлөлт нь 2011 оны хуулинд байсан заалтуудыг дахин сэргээж байгаагаараа онцлог бөгөөд судалгаа, дүн шинжилгээ хийлгүй хуулинд бодлоггүй гар дүрсэний гаж нөлөө гарч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.