| | USD/MNT 0₮

Т.Хөвсгөлдалай:Герман улсад мутацид орсон халдварын анхны тохиолдол өнгөрсөн сарын 20-нд бүртгэгдсэн

ХБНГУ-ын Бeрлин хотын Эрүүл мэндийн хамгийн том концeрн болох дэлхийд тэргүүлэгч “VivantesCharite” эмнэлгийн сувилагч  Т.Хөвсгөлдалайгаас дараахь тодруулгыг авлаа.

-Өнгөрсөн жил тантай ярилцаж байлаа. Тэрнээс хойш жилийн дараа холбогдож байна. Герман улсад халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

-Герман улсад халдварын хоёрдугаар давалгаа маш хүчтэй явагдаж байна. Уг нь арванхоёрдугаар сарын 17 хүртэл хичээл хэвийн орж байсан ч халдварын нөхцлөөс болж сургуулиудаа хаасан байдалтай байна. Иргэдийн хувьд хөл хорионд орсон байгаа.

-Герман улс халдварын эсрэг ямар хэмжээ авч байна вэ?

-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь иргэдээ гэрээсээ 15 км-аас хол зайд явж болохгүй. Айлд гаднаас зочин ирэх юм бол 1-ээс илүү хүн ирж болохгүй гэсэн заавар зөвлөмжийг өгч байгаа.

-Монголд гэр бүлийн хүрээнд халдвар их тархаад байгаа. Германд мөн адилхан нөхцөл байдалтай байна уу?

-Ялгаагүй. Хамаатан садан болон ойр дотны хүмүүсийг хамарсан халдвар их тархсан. Манай эмнэлэг гэхэд хэд хэдэн тасгаа хаасан. Ачааллаа дийлэхгүй байгаа. Хаасан тасгуудынхаа сувилагч нарыг Ковидын тасаг руугаа татсан ажиллуулж байна.

-Хүн амаа вакцинжуулах ажил эхэлсэн үү. Саяхан тус улсад вакцин хийлгэсэн хүн нас барлаа гэсэн мэдээлэл гарсан?

-Вакцинууд амжилттай хийгдэж байна. Миний эргэн тойронд нотой ноцтой зүйл тохиолдоогүй байна. Настай иргэдийн хувьд вакциндаа хамрагдаад эхэлсэн байгаа. Эмнэлгийн бид нар вакциндаа хамрагдаагүй хүлээлтийн байдалтай байж байгаа хоёр хоногоос эхэлж хамрагдаж эхэллээ. Манай Vivantes эмнэлгийн 17000 ажилчид вакцин хийлгэж эхэлнэ. Эхний ээлжинд түргэн тусламжийнхан хамрагдах ёстой юм билээ. Сувилагч бид хоёрдугаар шат руу орно.

-Вакцины тухайд ямар вакцин бэ?

-Biontech & Pfizer хийлгэнэ. Бас Moderna бас хийх юм байна.

-Германд Ковидын эмчилгээ гэж яг ямар эмчилгээ хийдэг вэ. Манайд эмчилгээ гэж хоёр эм уулгаж, витамин С, Д болон аспирин уулгаж байна гэх?

-Ковидын эмчилгээ дэлхий дахинд гараагүй. Эмчилгээг нь судалсаар байгаа. Би энд ажиллаж байгаа хүнийхээ хувьд их гайхаж байгаа. Манай эмч нар тухайн өвчтөн хаана халдвар авснаас шалтгаалж эмчилгээ хийж байна. Одоо жишээлбэл, амьсгалын аппаратад ороогүй хүнээ тасагт авч эмчилнэ. Гэхдээ хамранд хүчилтөрөгч залгана, хордлого тайлах эмчилгээ хийнэ, давхар дусал хийж дархлаагааг нь дэмжинэ. Тухайн өвчтний биед нь үрэвсэлт өвчин байх бол цагийн тариа хийнэ. Ковид хүний биед ороод ирэхээр цусны бүлэгнэл үүсгэнэ. Ингэснээр тархинд цус харвах аюултай. Эсвэл уушгийг бөглөнө. Уушги бөглөрвөл хүн нас барах аюултай. Витамин С бол дархлаа дэмжинэ.

Харин Монголд аспирин уулгаж байна гэсэн мэдээлэл бий. Аспирин бол хүний биед маш муу ходоод гэмтээх үйлчилгээтэй. Тэгэхээр дур мэдэж иргэд өөрсдөө ууж болохгүй. Германд бол аспирин уулгахгүй байгаа. Манай тасагт бол иймэрхүү эмчилгээ хийдэг.

-Хөнгөн туссан хүнийг эмчлэхийн тулд заавал эмнэлэгт хэвтүүлдэг үү, эсвэл өөр үү. Манайд шинж тэмдэг илэрсэн хүнийг эмнэлэгт хориод байна гээд шүүмжлээд байгаа?

-Германд хөнгөн халдвартай хүнийг эмнэлэгт хэвтүүлдэггүй. Харин 14 хоногийн хөл хорионд байлгадаг. Эмнэлэгт хорьдоггүй юм. Манай Монгол Улс мөнгөтэй байна. Эмнэлэгт хорьж байна аа гэдэг чинь тодорхой хэмжээний мөнгө гарч байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүнээс ор хоногийн мөнгө. Монголын ард түмэн баян билүү, баян биш баймаар. Санхүүгийн хувьд ч алдагдалтай баймаар юм. Германд эсрэгээрээ амьсгалын дутагдалд ороогүй л бол эмнэлэгт авахгүй, 14 хоног гэрт нь хөл хорионд байлгаж байгаа. Коронавирусийн эмчилгээ гэж дэлхийд байхгүй.

-Герман иргэн, монгол иргэдийн амьдралын хэв маяг өөр шүү дээ?

-Тийм. Монгол Герман иргэдийн амьдралын хэв маяг, хэвшил шал өөр. Германчууд биеэ даачихсан гэртээ ганцаараа амьдардаг хүмүүс байдаг. Тэгэхээр гэрт нь хөл хорио тогтоох бүрэн боломжтой. Харин манай монголын өдөр тутмын амьдрал ямар билээ нэг гэрт хэчнээн хүн амьдардаг билээ. Тиймээс олуулаа нэг дор байх нь эрсдэлтэй. Хэрвээ гэр бүлийн 5 хүн тавуулаа халдвар авсан бол гэрт нь хөл хорионд байлгах ёстой.

-Ковидыг хамрын ханиад, иргэдийг сүржин байдлаараа хандлаа гэх юм. Энэ үнэн үү?

-Өөрийгөө л эрсдэлд оруулж байна гэсэн үг. Дэлхийн өндөр хөгжилтэй орон болох Герман энэ цар тахлаас болж ачааллаа дийлэхгүй байна. Эрүүл мэндийн салбараараа дэлхийд гуравт ордог шүү дээ. Ковид хувирамтгай сонин байна. Залуу бөгөөд ужиг өвчингүй хүн өвчилсөн. Эсвэл өвчлөөд эдгэрснээ ч мэдэхгүй явж байгаа байх. Харин бие муутай, суурь өвчтэй, хавдартай, өндөр настай хүмүүсээ “хөнөөгөөд” яваад байна. Тиймээс энэ коронавирус асар хор хөнөөлтэй. Амь насанд нь заналхийлнэ. Монголчууд зүгээр нэг ханиад гэж бодож яваад цааш нь тараагаад байгаад л эрсдэл бий.

Нэг жишээ хэлэхэд надтай хамт ажиллаж байгаа залуугийн ээж 50 настай хүн хамгийн сайн найзаасаа халдвар аваад хиймэл амьсгалын аппаранд ороод удалгүй нас барсан. Гэтэл манай тэр ажлын залуу ээжээсээ халдвар авсан. Залуу бол эмнэлгээс халдвар авах боломжгүй. Тэрбээр халдварт хөнгөн өртсөн. 14 хоногийн хөл хорионд байж байгаад өөрийгөө эдгээгээд ирсэн. Одоо бид хамт ажиллаж байна.

Хүмүүст хандаж хэлэхэд ханиад гэж битгий хэлж ярьж, үзээчээ. Эдгэрээд эмчлүүлээд гарсан хүмүүс нийгэмд эерэг хандлага харуулъя гэж бодож байгаа ч ковид өөрөө эерэг биш маш сөрөг халдвар юм шүү.  Дэлхийг хамарсан цар тахал гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ковидын халдвар хэзээ намжих бол?

-Энэ халдвар дэлхий нийтэд үргэлжилнэ. Монголд бол дөнгөж эхэлж байна. Германд өнгөрсөн жилийн өдийд яг эхэлж байсан. Гэвч нэг жилийн дотор халдварт өртсөн иргэдийн тоо тав дахин ихэссэн. Монголд халдварын тоо ихсэх эрсдэл хүлээж байгаа шүү. Эерэг хандлага гэж хэлж байгаа хүмүүст хэлэхэд ирээдүйд эерэг байх боломжгүй шүү. Тиймээс хүн бүр хариуцлагатай байх ёстой. Залуу хүмүүс айхгүй байгаа ч өвчин халдвар хэнийг ч ялгахгүй.

-Залуу хүн гэснээс коронавирусийн халдвар мутацид орж, хүүхэд залуусыг өвчлүүлж байна гэх. Германд мутацид орж ирсэн халдвар илэрсэн үү?

-Англи, Өмнөд Африкт орсон мутацийг харахад их аюултай. Харж байхад их хурдан тархаж халдварладаг юм билээ. Энэ талаар мэдээлэл хэлэхэд эрт байна. Үүнийг судлах хэрэгтэй. Мутацид ороогүй халдвар хүний төв системийн мэдрэлийг барьж өвчлүүлээд байгааг та бүхэн харж байгаа байх. Энд мутацид орсон халдварын анхны тохиолдол 12 сарын 20 илэрсэн байна. Дараа нь гурав хоногийн дараа Берлинд илэрсэн.  Англид сурдаг эмэгтэй зул сарын баяраар гэртээ ирэхдээ халдвар аваад ирсэн юм билээ. Энд  ирчихээд өөрөө мэдэхгүй маш олон хүнтэй хавьталд орсон байгаа юм билээ.

-Халдвар авсан иргэн хэдий эмчлүүлээд эдгэрсэн ч эргээд биед нь гарах гаж нөлөө гэж байгаа болов уу. Энэ талаар судалсан уу?

Хэдий ковидын халдвар аваад эдгэрсэн гэсэн ч эргээд ямар нэгэн гаж нөлөө илрэхийг хүмүүс мэдэхгүй байх. Ковидын халдвар аваад эдгэрсэн хүн эргээд урьдын хэвэнд ороход 4 долоо хоногоос хагас жилийн хугацаа шаардагдана гэж байгаа. Ковид тусаад эдгэсэн хүмүүс ч надруу холбогдож “Эмчлэгдээд удаж байгаа ч миний биед одоо ийм сөрөг нөлөө шинж тэмдэг илрээд байна” гэж яриад байгаа. Тэгэхээр эргээд биед илрэх гаж нөлөөг нь хүмүүс мэддэг байх ёстой. Хэдий эерэг уриалга өгч байгаа ч гэсэн хамгийн гол нь гаж нөлөө нь осолтой. Үүнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалж байгаа.

-Герман улс халдварын голомт дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

-Бид цалингаа авахаас гадна коронагийн тасагт ажиллаж буй сувилагч, эмч мэргэжилтнүүдэд тодорхой хэмжээний нэмэлт урамшуулал өгч байсан. Үүнээс гадна ирэх сард Герман даяар коронавирусийн голомтод ажиллаж эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд урамшуулал болгож 2.2 сая евро төсөвлөсөн байна билээ. Мөн бидэнд коронагийн тасагт ажилладгийг нотлох нэрийн хуудсаар дамжуулах томоохон дэлгүүр, ресторан, шатахуун түгээх станцууд хөнгөлөлт үзүүлдэг.

-Энэ хүнд цаг үед ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа мөн монголчууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Коронавирусийн өмнө дэлхийн том том гүрнүүд сөхөрч байгаа учраас монголчууд минь тайвширч болохгүй. Цөөхөн хүн амтай гэдгээ мэдэх хэрэгтэй. Монголчууд маань битгий тайвшраарай. Маскаа байнга зүүж, ариутгалыг сайн хийж байх хэрэгтэй. Дээрээс нь дасгал сайн хийвэл дархлаа сайжирч, цусны эргэлт, бодисын солилцоо сайжирдаг. Гэр орондоо ариутгал сайн хийх. Эмнэлгийн ажилтнууд дор бүрдээ зөвлөмжөө сайтар сахих хэрэгтэй байна. Маскаа сайн зүүж, хайртай хүмүүсээ хамгаал.

 

О.Сайхан 

 

Германд хөнгөн халдвартай хүнийг эмнэлэгт хэвтүүлдэггүй. Харин 14 хоногийн хөл хорионд байлгадаг. Эмнэлэгт хорьдоггүй юм. Манай Монгол Улс мөнгөтэй байна. Эмнэлэгт хорьж байна аа гэдэг чинь тодорхой хэмжээний мөнгө гарч байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.