| | USD/MNT 0₮

Б.Энхчимэг:Эх орондоо гоо сайхны олимпийг зохиох хүсэл мөрөөдөл, зорилготой байна

-Гоо сайхны салбарыг улсаас дэмжих бодлого байхгүй ч удахгүй дэмждэг үнэлдэг болно гэдэгт итгэдэг-

Гоо сайхан ертөнцийг аварна гэж үг бий. Мэргэжлийн багс, арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүний EEGII COSMETICS брэндийг үүсгэн байгуулагч  Б.Энхчимэг “OMC Hairworld” дэлхийн тэмцээнээс хуримын нүүр будалтын төрөлд алтан медаль хүртэж, Дэлхийн аварга болсон сайхан мэдээг хэдхэн хоногийн өмнө дуулсан билээ.

Өмнө нь тэрбээр “Үндэсний шилдэг Трэйнер”-ийн цомыг хүртэж байсан юм. “OMC Hairworld” тэмцээн цахимаар болж өндөрлөсөн ба нийт 2000 гаруй оролцогчийн 10000 бүтээл өрсөлдсөн байна.

Ингээд мэргэжлийн артист, нүүр будалтын Дэлхийн аварга болсон Б.Энхчимэгт ярилцлаа.

-Сайн байна уу, Монгол бүсгүй нүүр будалтын дэлхийн аварга болсон гэхээр бахархал төрөөд байна. Дэлхийн аварга болсон түүхэн амжилтынхаа тухай уншигчдад хуваалцана уу?

-Маш их баярлалаа. Жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн гоо сайханчдын олимп гэгддэг OMC Hair world буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 75 дах жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жил Франц улсад зохион байгуулагдах байсан боловч ковидоос шалтгаалан анх удаа Online хэлбэрээр зохиогдсон. Монгол улс "OMC Mongolia" Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоогоор дамжуулан 15 дах жилдээ үсчин, гоо сайханчдын өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэхүү тэмцээнд амжилттай оролцож, олон шагналыг эзэд боллоо. Монгол Улсаас нийтдээ 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр үс, хумс, нүүр будалт төрөлд 2 сар гаруй хугацаанд бэлдэж 2000 гаруй хүний 10.000 орчим бүтээлтэй өрсөлдсөн. Ингээд бид Хуримын нүүр будалтын төрлөөр Дэлхийн аваргын цом, Эрэгтэй үсний креатив төрлөөр Мөнгөн медаль 1, Хүрэл медаль1, Үсний эмэгтэй тайралтын төрлөөр хүрэл медаль1, Хумсны Фантазны төрлөөр хүрэл медаль, Тусгай 5-р байрыг эзэлсэн амжилттайгаар оролцлоо.

Өмнө нь ч гэсэн бидний мэргэжил нэгт найзууд, ах эгч нар яваад олон олон мундаг амжилт үзүүлсэн. Энэ жил бид нар залгамжлаад явлаа. Өдийг хүртэл дасгалжуулсан бүх дасгалжуулагч трэйнерүүддээ баярлалаа гэж хэлмээр байна.  Монгол Улс анх удаа нүүр будалтаараа аваргын цом, эмэгтэй үсний тайралтын төрөлд Анхны хүрэл медаль авсан бөгөөд Дорноговь аймгаас улсаа төлөөлөн оролцсон. Мөн хумс засалтын төрөлд ч анх удаа оролцоод хүрэл медаль авч байгаа болохоор бусад улс ч гэсэн Монголын талаар маш их сонирхож байгаа байх. Цаашид олон олон мундаг залуучууд бидэнтэй нэгдэж өөрсдийн ур чадвараа таниулана гэдэгт итгэж байна. Орон нутгийн оролцогчид маань илүү сайн амжилт үзүүлж байгааг хараад үнэхээр их бахархаж байна.

-ДАШТ-д нийт 2000 гаруй оролцогч, 10.000 орчим нүүр будалтаар өрсөлдсөн. Таны хувьд “Stage”, “Commercial bridal”, “Smokey eye make up” гурван төрөлд оролцож, “Bridal make up” төрлөөр алтан медалийн эзэн болсон юм байна?

-ДАШТ-д нийт 2000 гаруй оролцогч, 10.000 орчим нүүр будалтаар өрсөлдсөн.

Миний хувьд өмнөх жилийн өөрийн хувийн амжилтаа дээшлүүлж чадсан тэмцээн боллоо. Нийт 3 төрөлд оролцсон Bridal make up, Хуримын нүүр будалтаар Дэлхийн аварга Stage make up буюу тайзны нүүр будалт төрөлд 10-р байр, Smokey make up гоёлын смоки будалтын төрөлд 11-р байр гэсэн амжилтууд үзүүлсэн байгаа.  

-Эх орондоо болон дэлхийд гаргасан амжилтуудаасаа хуваалцвал?

-Энэ жил дэлхийн аваргын цомоос гадна NationalTrainerAward буюу Үндэсний шилдэг дасгалжуулагч цомоор шагнуулсан.

-Мэдээж таны гаргасан амжилт болгон гоо сайхны салбарт илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэл төрүүлж, хүч тэнхээ өгдөг байх?

-Бусдаасаа мундаг байгаад авсан шагнал биш харин илүү их хөдөлмөрлөж хичээх ёстойг, амь амьдрал минь болсон гоо сайхны салбартаа илүү олон зүйл хийх хэрэгтэйг минь ойлгуулсан, Хийж бүтээх хүсэл эрмэлзлэлийг минь улам бадраасан гайхалтай шагнал байсан.

-Мөн аливаа нэг уралдаан тэмцээнд ороход санхүүгийн асуудал байдаг. Гадны тэмцээн уралдаанд ороход санхүүгээ яаж шийддэг вэ, нууц биш бол?

-Ер нь гоо сайхны төрөлд улсаас дэмжлэг үзүүлдэггүй учраас зардлаа бид өөрсдөө даадаг. Олон улс руу явж оролцоно гэдэг маань хувь хүнээс асар өндөр зардал гардаг. Хувцас, модель, будаг хэрэгсэл, тийз, буудлын зардал гээд л. Өнгөрсөн жилийн Парист болсон тэмцээний зардал гэхэд 30 сая орчим төгрөг болсон. Бүтэн жил ажиллаад л улсаа төлөөлж тэмцээнд явдаг гэсэн үг. Улсаас дэмжих бодлого одоогоор байхгүй байгаа ч удахгүй гоо сайхны салбарыг үнэлдэг, дэмждэг болно гэдэгт итгэж байна. Холбоо маань энэ тал дээр маш их ажлыг хийж байгаа.

-Бас нөгөөтэйгүүр Монголын гоо сайхны урлагийг дэлхийд таниулж сурталчилж яваа гэдгээрээ өөрөөрөө бахархах бас бахдах сэтгэл төрнө биз?

-Хайртай дуртай ажлаа хийж байгаа учраас үүнээсээ сэтгэлийн таашаалыг мэдэрч л явна Монгол гэдэг нэрийг дуудахад л бүүр цаанаасаа огшоод, омогшоод явчихдаг юм билээ. Бид дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна гэж бодохоор л Монгол Улсынхаа нэрийг гаргаад амжилттай яваа мундаг залуусаараа үнэхээр бахархаж байна.

-Нүүр будалтын чиглэлээр хэзээнээс суралцаж, хэдэн жил ажиллаж байгаа вэ?

-2013 оноос хойш 7 дахь жилдээ ажиллаж байгаа. Бага байхын л ээжийнхээ нүүрээ будахыг нь хараад зогсож байдаг охин байлаа. 7 жилийн өмнөөс яг нүүр будалтын урлагт эргэлт буцалтгүйгээр орж, Монголдоо суралцаж эхлээд, сонирхол нэгт найзуудаараа "Diva beauty academy"-г үүсгэн байгуулж нүүр будалтын сургалт, үйлчилгээг явуулаад хэдийнээ 7 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд мэргэжил дээшлүүлэх зорилгоор Солонгос, Тайвань улсыг зорьж байсан нь нэг талаараа олон улсад гарах бидний хүслийг улам бадрааж өгсөн. Бид өнгөрсөн хугацаанд үнэхээр их ажилласан, хөдөлмөрлөсөн. Миний хувьд одоогоор нүүр будалт, арьс арчилгаа, багц хэрэгслийн өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "EEGII COSMETICS" -оо үүсгэн байгуулж, амжилттайгаар удирдан явж байна. 

-Гоо зүйн талаасаа бодохоор нүүр будалт гэдэг урлаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Урлаг цаашаа л болоод байна шүү. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй. Өөр өөрийн онцлог төрхтэй. Нүүр будалтаар та яаж л бол яаж л хувирч болно. Нэг ёсны шидэт дохиур л гэлтэй. Нүүр будалт маань дотроо маш олон төрөлтэй байдаг. Бүгд өөр өөрийн гэсэн утга агуулга онцлог шинжүүдтэй. Тухайн орчин, нөхцөл байдалд нь тохируулж будах нь хамгаас чухал. Бидний дийлэнхдээ хийдэг амьдралын нүүр будалтын зорилго нь хүнийг тэс өөр, шал танихгүй болгох биш тухайн хүний өөрийн гэсэн давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэнг бага зэрэг тодотгож, гэрэлтүүлж, өөртөө итгэлтэй байхад нь туслах гэж боддог.

-Хуримын нүүр будалтын тухайд гэвэл ямар будалт манай эмэгтэйчүүдэд илүү их зохидог вэ?

-Бид байнгын суралцсаар л, хөгжиж дэвшсээр л байгаа. Саяхныг хүртэл бид маш тод тод будалтыг илүүд үздэг байжээ. Одоо харьцангуй натурал талруугаа буддаг болж байгаа. Эмэгтэй хүний хамгийн үзэсгэлэнтэй харагддаг өдөр бол хуримын өдөр. Энэ ч утгаараа будалтууд дотроосоо хуримын будалт хамгийн чухал нь байдаг. Үзэсгэлэнтэй, ялдам, зөөлөн харагдуулах будалтууд илүү тохиромжтой~ Өнгө сонголтоо хүртэл зөв хийх хэрэгтэй.

-Өөрийгөө сорьж өөр ямар будалт хийнэ гэж боддог вэ?

-Энэ жилийг хүртэл нүүрний будалтын бүх төрлүүдэд оролцоод үзчихсэн учраас ирэх жилээс body paint буюу бүтэн биеийн будалтын төрөлд хүчээ үзэхээр төлөвлөж байна.

-Ер нь манай эмэгтэйчүүд нүүрээ хэрхэн будсан харагддаг вэ. Харагдах байдлаасаа гэвэл?

-Сүүлийн үед манай охид бүсгүйчүүд үнэхээр хөөрхөн, маш гоё буддаг болсон. Мундаг артистууд, багш нар ч их болж бид ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байгаа. Мэдээж техникгүй буруу будсан хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүст туслах зорилготойгоор интернэт орчинд #eegii cosmetics пэйж, илүү үзэсгэлэнтэйгээр гэрэлт группээрээ дамжуулан зөвлөгөө мэдээллийг байнга хүргэдэг. Бид нэг үеэ бодоход харьцангуй сайн мэдээлэлтэй болсон, өөрсдийн арьсанд хэрэглэх бүтээгдэхүүн, түүний найрлаганд маш нухацтайгаар ханддаг болсон нь талархууштай. Гол нь өөрийн арьсны онцлогоо тодорхойлж мэдэж аваад түүнд тохирсон найрлагатай бүтээгдэхүүнийг хэрэглэх нь маш чухал.

-Эмэгтэйчүүдийн нүүр будахдаа гаргадаг алдаа юу бэ, мэргэжлийн хүний нүдээр харж, хэлэхэд?

-Хүн бүрийн царай төрх ондоо. Танд байгалиас заяасан давтагдашгүй гоо үзэсгэлэн бий. Дан ганц Монгол эмэгтэй гэхгүйгээр хүн бүрийн хувьд өөрт нь тохирсон будалт гэж байгаа. Цаанаасаа мэдрэмжтэй өөртөө тохируулаад буддаг хүн ч байна, огт чаддаггүй хүн ч байна.  Нэг будалт өөр хүнд гоё харагдлаа гээд би яг ингэж харагдана гэсэн үг ч бас биш. Тэгэхээр өөрийн онцлог, нүүрний хэлбэр, зохидог өнгө гэх мэт зүйлүүдээ мэдэж аваарай. Дуурайгаад будаж чадаж байгаа бол дуурайх л хэрэгтэй. Ер нь ямарваа зүйлийг хийхэд байнгын давтамж, хувь хүний зүтгэл л чухал байдаг. Чадахгүй ч гэсэн оролдоод л байвал алхам алхмаар сайжраад л байна.  Суурь мэдлэг гэдэг чухал учраас мэргэжлийн хүнээс 1 удаадаа зөвлөгөө авахыг санал болгомоор байна. Яг л өөрийн царай төрхөд чинь тохируулан будалт хийж өгөх нь нүүр будагчдын гол зорилго байдаг. 

-Охид эмэгтэйчүүдийн нүүрийг будаж өгснийхөө хариуд мэдээж таатай сайхан сэтгэгдэл сонсдог байх?

-“Ёстой ийм болно гэж төсөөлсөнгүй. Би мөн үү? Ийм их бүтээгдэхүүн хэрэглэж будалт хийдэг юм уу”, “Өнөөдөр би үнэхээр хөөрхөн харагдаж байна” гэсэн үгнүүд л их сонсдог юм байна. Нүүр будалтаар та яаж л бол яаж л хувирч болно. Үнэхээр гайхалтай. Гэхдээ амьдралын нүүр будалтын зорилго нь "хүнийг тэс өөр, шал танихгүй болгох биш юм. Тухайн хүний өөрийн гэсэн давтагдашгүй байгалийн гоо үзэсгэлэнг бага зэрэг тодотгож, гэрэлтүүлж, өөртөө итгэлтэй байхад нь туслах" юм.

-Нүүр будалтаар нүүрний гажиг хэлбэр, өө сэвийг нууж далдалж болох уу?

-Бололгүй яахав. Яаж л бол яаж л хувирч болно.

-Нэг хүний нүүр будахад хэр хугацаа зарцуулах вэ. Чамин будалт хийхэд цаг их орох байх гэж бодож байна?

-Төрлөөсөө шалтгаалаад миний хувьд 30 мин-8 цаг хүртэл хүртэл будаж байсан. Тайзны зураглалтай будалт болон бүтэн биеийн будалтууд маш их хугацаа шаарддаг.

-Залуу хүнд алс хэтийн зорилго гэж бий, хийж бүтээх биелүүлэх зорилгоосоо хуваалцвал?

-2021 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 жилийн ой ирэх 9 сард Япон улсад зохиогдоно. Түүнд Монгол Улсынхаа шилдгүүдтэй оролцож аваргын цомоо бататгана гэсэн том зорилготой боллоо. Мөн EEGIICOSMETICS брэндийн бүтээгдэхүүнүүдээ илүү олон төрөл болгож, салбаруудаа нэмэх, олон улсад салбартай болох, Дива маань шинэ салбартаа сургалт үйлчилгээнүүдээ явуулж эхлэх гэх мэт зорилгуудаа биелүүлэхийн тулд хичээнэ. Цаашлаад Монгол улсад Гоо сайхны олимп зохиогдож болох тэр өдөр хүртэл энэ салбартаа хийж бүтээж болох бүхий л зүйлийг дэмжин ажиллахаар сэтгэл шулуудсан байна.

-Монголд нүүр будалтын урлагийн хөгжил хаана яваа бол, ярьж болох уу?

-Гоо сайхан нүүр будалтын салбар 10-аад жилийн өмнөөс эрчимтэй хөгжиж эхлээд одоо бол дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж бардам хэлэхээр байна. Дэлхийд үнэлэгдэж эхэлж байна. Бид чадаж байна. Мундаг авьяастай бүсгүйчүүд, залуучууд олон олноороо гарч ирж байна. Биднийг бэлтгэсэн дээд үеийнхэн маань бас их зүйлийг хийсэн байна. Цаашдаа дэлхий рүү, олон улс руу чиглэсэн гоо сайхны, нүүр будалтын шинэ шинэ технологи, техникүүд гарна гэдэгт 100 хувь итгэж байна.

-Гоо сайхны салбарт авьяас мэдрэмж мэдлэгээ зориулна гэдэг нь багын хүсэл мөрөөдөл байсан уу, ер нь ямар мэргэжилтэй болно гэж боддог байсан бэ?

-Би чинь тэс өөр Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй хүн шүү дээ. Мэргэжил минь надад маш олон боломжийг нээж өгсөн. Нүүр будалтаараа Солонгост  мэргэжил дээшлүүлэх, EEGII COSMETICS брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх гээд л энэ болгонд Үндсэн мэргэжил минь хэргээ гаргасан. Харин нүүр будалт бол ерөөсөө л дуртай, хобби маань байсан. Хүн чинь дуртай зүйлээ хийгээд ирэхээр ядарч ялагдаж, залхуурахыг огтоосоо мэддэггүй юм билээ. Ёстой л 7 жилийн турш өдөр шөнөгүй л зүтгэсэн.

-Гэр бүлээ танилцуулж болох уу?

-Нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Энэ амжилтыг гаргахад хамгийн их хувь нэмрээ оруулсан хүн маань манай гэр бүлийн хүн. Долоон жил бүх чадах бүхнээрээ дэмжиж, халамжилж зүтгэж ирсэн ханьдаа баярлалаа.

-Хамгийн их урам зориг, хүч тэнхээ итгэл найдвар өгч, үзүүлдэг хайртай хүмүүсээ яривал?

-Би ер нь их азтай хүн. Ямар нэгэн зүйлд эхлэл гэж заавал байх ёстой бол өдий зэрэгтэй явж байгаагийн утга учир, үндэс суурь нь хайртай аав ээж, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон, мэргэжил нэгт хамт олон, үйлчлүүлэгчид дэмжигчид гээд л энэ хүмүүсийн аль нэггүйгээр өнөөдрийн энэ амжилт огтхон ч төсөөлөгдөхгүй байна. Маш ихээр дэмждэг, урам зориг өгдөг хүмүүс олон байсан учраас хэцүү байсан ч шантардаггүй байжээ.

-Мөн таны үүсгэн байгуулсан EEGII Cosmetics-ийнхаа талаар яриач. Анх байгуулж байсан түүхээ гэвэл?

-Мэргэжлийн багс, арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүний EEGII COSMETICS  брэндийг үүсгэн байгуулаад 3 жил болсон байна. Анх л залуу хүний хийж бүтээх хүслээр зориглон, удаан судалж, өөрийн 6 жилийн туршлага дээрээ үндэслэн бүтээгдэхүүнүүдээ шат дараалан үйлдвэрлэж эхлэсэн.  Олон зуун хүнийг ажлын байраар хангадаг, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулдаг, дэлхийд танигдсан Монгол брэнд болохын төлөө хөдөлмөрлөж, хичээж явна.

-Ямар нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг вэ?

-Бид гадны нэртэй брэндүүдийн бүтээгдэхүүнтэй эн зэрэгцэх чанартай мөртлөө яг л хэрэглээнд тохирсон, маш хямд үнэтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх нь бидний хамгийн гол зорилго байсан ба бүсгүйчүүдийнхээ хэрэглээнд тохирсон нийт 6 төрлийн багсны сет, дан багснууд, багс цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд, нүүр будалтын тлүү тод, илүү үзэсгэлэнтэйгээр гэрэлт 4 цуврал бүтээгдэхүүн, арьс арчилгааны Грэйс Дэй цуврал 15 төрлийн бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргаж нийт долоон нэрийн дэлгүүрээрээ борлуулдаг.

-Гоо сайхны болон арьс арчилгааны чиглэлээр зөвлөгөө өгдөг үү?

-Бид анхнаасаа л энэ салбартаа мэргэжлийн артистын зөвлөгөөг үнэ цэнэтэйгээр хүргэж ирсэн. Дээр нь бүх бүтээгдэхүүн тестертэй байдаг учраас сохроор худалдан авалт хийх шаардлагагүй болсон. Мэдээж монгол орны уур амьсгал, эрс тэс цаг агаарт тохируулан, бүсгүйчүүдийн арьсны хэв шинж бүрт зориулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдгээрээ бусдаас давуу талтай.

Ярилцсан танд баярлалаа?

-Маш их баярлалаа. Сайхан ярилцлаа. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, дуртай зүйлдээ үнэт цагаа зарцуулах, хичээж зүтгэж байгаа цагт шагнал нь нэг л өдөр хүрээд ирдэг юм байна.  Нэг будалт хийгээд л Дэлхийн аварга болчихож байгаа зүйл огтоосоо биш. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрлөсөн зүтгэсний минь хариу гэж боддог. Хүн бүрт өөрт оногдсон амьдралын цаг хугацаа гэж байгаа. Тэр хугацаагаа зөв, үр дүнтэйгээр ашиглаарай. Бүхий л зүйлд талархаж сураарай, Өөрийгөө хайрлахаа битгий мартаарай гэж залууст захиж хэлье.

 

О.Сайхан 

 

-Гоо сайхан нүүр будалтын салбар 10-аад жилийн өмнөөс эрчимтэй хөгжиж эхлээд одоо бол дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж байна гэж бардам хэлэхээр байна. Дэлхийд үнэлэгдэж эхэлж байна. Бид чадаж байна. Мундаг авьяастай бүсгүйчүүд, залуучууд олон олноороо гарч ирж байна. Биднийг бэлтгэсэн дээд үеийнхэн маань бас их зүйлийг хийсэн байна. Цаашдаа дэлхий рүү, олон улс руу чиглэсэн гоо сайхны, нүүр будалтын шинэ шинэ технологи, техникүүд гарна гэдэгт 100 хувь итгэж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.