| | USD/MNT 0₮
Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх хурал хойшиллоо
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр тэргүүтэй хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгч нар хүсэлт гаргаснаас шалтгаалж хойшиллоо. Тодруулбал, шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээр энэ сарын 22 хүртэл хойшлуулах захирамж шүүх бүрэлдэхүүн гаргав.
Н.Номтойбаярыг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулж, 2017 оны гуравдугаар сард тогтоол гарган, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс зэрэг хүмүүс хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон хэрэгт гэм буруутайд тооцсон билээ. Улмаар анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, таван жил таван сар хорих ял оноосон. Харин Б.Нямдаваад гурав, Б.Шижиржаргалд дөрвөн жил хорих ял ногдуулсан бол мэргэжилтнүүд болох М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Б.Гантөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. Давж заалдах шатны шүүхээс М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарт оноосон 15 сая төгрөгөөр торгох ялыг 10 сая болгон хөнгөрүүлж, бусад хүний ялыг хэвээр баталсан юм.