| | USD/MNT 0₮

А.Цэрэндолгор:Иог бол эрүүл зөв амьдралын хэв маяг, мөн сэтгэлийн амар амгаланг эдлүүлэх нь дэндүү сайхан

Хөл хорионы үеийг хүн бүр үр бүтээлтэй өнгөрүүлж байгаагийн нэг жишээ бол гэрээрээ иогийн дасгал хөдөлгөөн хичээл зааж байгаа нэгэн бүсгүйтэй ярилцлаа. Түүнийг Алтангэрэлийн Цэрэндолгор гэдэг бөгөөд иогийн багшаар ажиллаад жил гаруй болж байгаа гэнэ.

Энэ хугацаанд “Наадам центр” клубын BETI DANCE AND YOGA STUDIO- д багшаар ажиллаж байгаад, хөл хорио гээд ажил зогссон байгаа юм байна. Гэхдээ тэрбээр гэртээ зүгээр суухыг хүссэнгүй. Онлайн анги аваад иогийн хичээл зааж байгаа юм байна.

Ингээд иог хийхийн ач тус, давуу тал, хүнд хөдөлгөөн ямар чухал байдаг гэх мэт сонирхолтой сэдвээр ярилцсан түүний ярилцлагыг хүргэж байна.

-Сайн байна уу, өөрийгөө танилцуулна уу?

-Сайн, сайн байна уу. Намайг А.Цэрэндолгор гэдэг. Би одоо 28 настай. Иогийн багш мэргэжилтэй. Нөхөр охины хамт амьдардаг.

-Хөл хорионы үеийг гэртээ хэрхэн өнгөрүүлж байгаа талаараа сонирхуулаач?

-Хөл хорионы үеээр намайг гэсэн, ойр дотны хүмүүс болон шавь нартаа онлайн иогийн хичээл зааж байна. Мөн өөртөө цаг зав гарган дуртай зүйлүүдээ хийж, ном уншиж л өнгөрөөж байнадаа.

-Таны хувьд иог /иогийг спорт гэж ойлгож болох уу/ хийдэг юм билээ. Энэ талаараа?

Миний хувьд бол иог миний бүх зүйл. Миний ажил, хобби, зөв амьдралын хэвшил, дадал зуршил, миний эрүүл мэнд, гоо сайхан. Спорт гэж бас хараахан хэлж болохгүй.

-Хэзээнээс эхэлж иогоор хичээллэж эхлэв. Мөн иогоор хичээллэхийн давуу тал юу бэ?

-Би иогаар хичээллээд нэг жил гаруй хугацаа болж байна. Мөн багш болоод ч тэр. Миний хувьд маш хурдан болоод өрнөсөн. Өөрийгөө хэзээ ч багш болно гэж төсөөлж байгаагүй. Анх өөрийгөө эрүүл болгоё гэж л сонирхож байсан. Би анх суугаа ажил хийснээс болоод, буруу амьдралын хэв маягаас болоод нуруу, хүзүү, толгой гээд их өвддөг байсан учраас хөдөлгөөн хийх ёстойгоо ойлгосон.

Тэгээд Фитнесс, бүжиг, спиннинг гээд л бүгдийг нь хийж үзсэн боловч надад ерөөсөө хийх сонирхол төрүүлэхгүй байсан. Тэгээд л иог гэх гайхамшиг надад маш их таалагдсан. Түүнээс хойш л дурласаар л явна даа. Иогийн хамгийн давуу тал бол өөрийгөө танин мэдэх. Өөрөө өөрийгөө ямар зан ааштай, ямар бие махбодьтой хүн бэ гэдгээ мэдэх боломжийг өгдөг.

-Таны харьцуулсан хоёр зургийг харсан. Яах аргагүй бие болоод нүүрэнд өөрчлөлт гарсан харагдана билээ. Тэр зургийг харсан хүн бүхэн иог хийх хүсэл сонирхолтой болсон байх. Тэдний нэг би?

-Тийм шүү. Маш их өөр болсон. Би өөрөө ч тэр зургаа хараад гайхсан бас айсан /инээв/ Эхний зураг маш их стресстэй, их ууртай, ширүүн харцтай харагдаж байсан. Харин дараагийн зураг бол маш зөөлөн харцтай, тайван, залуужсан харагдсан. Тэр зурагнаас болсон уу хүмүүс надад руу маш их хандсан. Иогаар хичээллэе, зөвөлгөө өгөөч гэх мэт.

-Ер нь иогоор хичээллэхэд залуужих, өнгө орох, биеийн галбир гоё болох зэрэг давуу тал их ажиглагддаг?

-Надад хандсан бүх хүмүүст “Та иог гэх гайхамшигт бүх сэтгэлээ зориулж чадвал, Иог таньд гаргасан сэтгэл шиг тань бүгдийг өгөх боломжтой” гэж хэлсэн. Энэ бол үнэхээр үнэн. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр хүмүүс иогийг их амарханаар төсөөлдөг юм шиг санагддаг. Яг үнэндээ өөрөө өөртэйгөө тэмцэх тэмцэл байдаг. Маш их тэсвэр тэвчээрийг шаарддаг. Маш их сахилга баттай, өөртөө үнэнч байх зарчмыг шаарддаг.

-Иогийн дасгал хөдөлгөөн хийхэд ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрэх үү?

-Иогийн дасгал хөдөлгөөн хийхэд хууч хөдөлнө, бие буларна, салгалж чичирнэ, толгой эргэнэ эдгээр шинжүүд илрэхэд зарим хүмүүс “өө энэ миний хийх зүйл биш байна таарахгүй байна тохирохгүй байна” гээд хаячихдаг. Яг үнэндээ таньд хэр их зовиур илэрч байна тэр чинээгээрээ таны биед асуудал байна л гэсэн үг. Харин үүнийгээ хүлээн зөвшөөрөөд цааш үргэлжлүүлэн хичээллэж байгаа хүмүүс тэр хүсээд байгаа эрүүл мэнд, гоо сайхан бүхнийг хүртдэг. Иогаар хичээллэж эхлэсэн тэр мөчөөс таны хөгшрөлт удааширдаг юм шүү.

-Иог гэж яг ямар зүйлийг хэлэх вэ, энгийнээр хэлэхэд?

-Маш энгийнээр бол сэтгэлийн амар амгалан.

-Үүнд бусдыг уруу татах, дурлуулах ямар шалтгаан байгаа бэ, манай улсын эмэгтэйчүүдийн ихэнх нь илүүдэл жинтэй байдаг даа?

-Эрүүл зөв амьдралын хэв маяг гэдгээр нь би уриална. Яагаад гэхээр та зөв болоход таны хажууд байгаа хэн нэгэн давхар нөлөөнд автана. Та хэн нэгэнд эерэгээр нөлөөлж эхлэнэ гэсэн үг. Тэрнээс би тураая гэж иогийг уриалдаггүй.

-Иог тэсвэр тэвчээрийн урлаг, спорт гэж ойлгож болох уу?

-Иогийг спорт гэхээс илүү урлаг гэвэл надад илүү зохимжтой санагддаг. Учир нь урлаг өөрөө цэвэр мэдрэмж шүү дээ. Яг л үүн шиг иог бол цэвэр мэдрэмж байдаг. Иогийг тууштай хүн л хийнэ. Иог хийснээр та өөрийгөө хэр тууштай, тэвчээртэй хүн бэ гэдгээ ч мэдэж болно.

-Иогт дурлах шалтгаан юу байна. Иогийг ямар нөхцөлд яаж хийж болох вэ. Тууштай тэвчээртэй хүн хийх үү?

-Иогт дурлах гол шалтгаан бол миний хувьд хамгийн анх сэтгэл санаа маш тайван болж байсан тэр мэдрэмж. Мэдээж анх бие махбодийн хувьд хичээллээд шууд эрүүл саруул зүгээр болчихно гэж хэзээ ч байхгүй шүү дээ. Анх хичээллээд л ямар хэцүү юм бэ гэж бодож байсан, бас ямар хөшүүн юм бэ гээд л. Гэхдээ тэр хэцүү бүхний араас хамгийн сүүлд дээшээ хараад хэвтэхэд “хөөх ямар гоё болчихвоо” гээд л бариа хийлгээд гараад ирсэн мэт л гоё байсан даа.

-Олон жил иогоор хичээллэхийн давуу тал. Мөн та бусдад хичээл заадаг байх?

-Миний хувьд олон жил биш ээ. Хоёр ч жил ч болоогүй байна. Би олон жил болсон багш нарыг хараад заримаас нь үлгэр дуурайлал аваад суралцаад л явж байна даа. Шинэхэн багш ч гэлээ би хүмүүст хичээлээ чин сэтгэлээсээ зааж, үр дүн өгөхийг хичээдэг. Одоогоор “Наадам центр” клубын BETI DANCE AND YOGA STUDIO- д ажиллаж байгаа ч хөл хорио гээд ажил зогссон байна. Гэхдээ гэртээ онлайн анги аваад зааж байгаа.

-Иогоор тогтмол хичээллэдэг хүн уур бухимдалгүй, ядаргаагүй байдаг гэж үнэн үү?

- Энэ тал дээр хүмүүс их асуудаг л даа. Чи ерөөсөө бухимддаггүй юу гээд л. Үгүй шүү дээ хүн л юм чинь уурлана бухимдана. Гол нь уур бухимдлаа яаж хүлээж авч, яаж шийдвэрлэх вэ гэдгээ л мэддэг гэхэд болно. Уур бухидал чинь өөрөө сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр шүү дээ. Иогийн гол зорилго нь энэ сэтгэл гээд байгааг л барьж байхад л чиглэдэг юм. Тэгвэл та уур уцаараа ч хянах боломжтой.

-Бас эмчилгээ байдаг гэж сонссон. Нуруу өвддөг хүн иогоор хичээллээд эрүүл болсон гэдэг?

-Иог зовиуртай хүмүүсийг анагаадаг, эмчилдэг. Би өөрөө ч нурууны асуудалтай л байсан. Ямар хүн эмчлэгдэх вэ гэхээр тууштайгаар, өөрийгөө зовоолгүйгээр, шунахгүйгээр иогийн дасгалыг хийсэн хүн л эдгэрнэ. Хийж байгаа хөдөлгөөн бүрээ өөрийнхөө төлөө зориулан амьсгалтай хослуулан хийвэл илүү үр дүнтэй. Ихэнх хүмүүс хурдан сунгах гээд шунаад байдаг. Энэ нь өөрийгөө гэмтээх маш том аюултай. Хүн бүр л өөр өөр амьдралын хэв маягтай байдаг. Үүнийг дагаад бие махбодь ч өөр өөр байдаг. Тиймээс би шавь нартаа байнга хэлдэг хэн нэгэнг дуурайх биш өөрийн биеийг маш сайн сонсох хэрэгтэй гэж. Махан бие сэтгэл хоёр зайлшгүй холбоотой.

Таны сэтгэл санаанаас хамаараад тухайн өдрийн дасгал хөдөлгөөнд ч өөр мэдрэмжүүд байдаг. Жишээ нь таны сэтгэл санаа тогтвортой байвал махан бие ч тогтуун бөгөөд хийхийг хүссэн бүхэн асанагаа амархан мэт санагдана. Харин тогтворгүй, стресстэй байгаа үед асанагаа тогтож хийж чадахгүй хүссэнээр бие нь захирагдахгүй байгаа мэт байдаг. /Би өөрт минь мэдрэгдсэн зүйлээсээ хуваалцаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх/

-Бусдад юу гэж уриалах вэ. Гэр бүлдээ хэр зав цаг зарцуулдаг вэ?

-Би гэр бүлдээ анхаарал тавьж халамжтай эхнэр, ээж байхыг хичээдэг. Ялангуяа охиндоо сайн найз шиг нь байхыг хүсдэг. Охинтойгоо хүүхэд шиг биш том хүн шиг харьцаж үгийг нь сонсож, харилцан бие биеэ хүндлэн, хэлсэн үг үйлдэлдээ үнэнч, хариуцлагатай байхыг хичээдэг. Энэ нь эргээд охин минь өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай, хариуцлагатай нэгэн болоход нөлөөлнө гэж боддог. Хүүхэд бол том хүний толины тусгал гэж ярьдаг шүү дээ. Манай охин намайг юу хийнэ яг дуурайдаг. Бүр юу хэлж байгааг минь хүртэл яг дуурайна. Иогаар ч хичээллэнэ. Тэгэхээр эцэг эх өөрсдөө хүмүүжилтэй байх ёстой мэт санагддаг.

-Эмэгтэй хүн гоё сайхан байх үүрэгтэй гэж ярьдаг. Тэгэхээр өөртөө цаг зав гаргана гэсэн үг байх. Хүн өөрчлөгдөхийг хүсвэл махан бие болон оюун ухаанаа л удирдах ёстой юм шиг санагддаг?

-Миний нэг хэлэх дуртай өгүүлбэр байдаг “Царай муутай эмэгтэй гэж байдаггүй, Харин арчаагүй эмэгтэй л гэж байдаг “ гэж их үнэн шүү. Та өнөөдөр эрүүл саруул бие хаатай л бол хүссэнээрээ биеээ арчлаад аваад явах боломж байгаа. Тийм болохоор өөрөө өөртэйгөө ярьж, өөрийгөө толинд харж чадах зүйлээсээ эхлэх хэрэгтэй. Бүх зүйлд боломж байна.

“Хийхгүй шалтаг хайснаас, хийх шалтаг хай” гэж миний багш А.Болортуяа /Монголын Иогийн Боловсролын Институтын үүсгэн байгуулагч/ хэлсэн нь миний тархинд хадгалагдан үлдсэн байдаг юм.

-Гэр гэртээ каринтлагдаж байгаа энэ үед иргэдэд тэр дундаа эмэгтэйчүүдэд хандаад цагийг зөв боловсон үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд юу гэж хэлэх вэ?

-Гэртээ байгаа энэ үеийг өөрийн өөрийгөө таних боломж гэж бодоорой, дахиад ийм цаг үе танд хомс олдохвий". Би бусдад дасгал хөдөлгөөнд цаг зав гаргаарай л гэж уриалья даа. Хамгийн гол нь та ямар хөдөлгөөн хийвэл надад тохирох бол гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Иог хийгээд эхлэдэг таньд огт таалагдахгүй бол өөрийгөө хүчлэлгүй дуртай хөдөлгөөнөө л хийх хэрэгтэй. Ямар ч дасгал хөдөлгөөнд стресс маш муу. Тиймээс дуртай зүйлээ стрессгүйгээр хийж үр дүнд хүрэх ёстой.

-Ярилцсан танд баярлалаа. Таны онлайн сургалтад хамрагдахыг хүсвэл ямар хаягаар холбогдох вэ? 

-Баярлалаа. Нададтай холбогдохыг хүсвэл Tsekv yoga, tsekv_yogi гэсэн хоёр хаягаар холбогдож болно. 

О.Сайхан 

Иог бол эрүүл зөв амьдралын хэв маяг гэдгээр нь би уриална. Яагаад гэхээр та зөв болоход таны хажууд байгаа хэн нэгэн давхар нөлөөнд автана. Та хэн нэгэнд эерэгээр нөлөөлж эхлэнэ гэсэн үг. Тэрнээс би тураая гэж иогийг уриалдаггүй.
Ярилцлага

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.