| | USD/MNT 0₮

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН ХЭНД ҮЙЛЧИЛДЭГ ВЭ?

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН ХЭНД ҮЙЛЧИЛДЭГ ВЭ?

Дайны хөлөөр дажин гэгчээр ковид нийт ард түмэнд буюу ялангуяа жижиг дунд бизнес эрхэлж амьжиргаагаа залгуулдаг нийгмийн дундаж давхаргад маш халтай харин эрх мэдэл атгаж суугаа хэсэг бүлэг этгээдүүдэд туйлын ашиг хонжоотой тусаж буй. Тэдний нэг нь шулуухан хэлэхэд МҮХАҮТ болчихоод байна. Бизнес эрхлэгчдийг дэмжих үндсэн чиг үүрэгтэй тус байгууллага цар тахлын энэ хүнд хэцүү үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь бүү хэл хууль бус татвар хураамжаар дарамтлан дээрэмдэж байна. Давагдашгүй байдлын гэрчилгээ гэгчийг 500.000-1.000.000 төгрөгөөр олгохоос авахуулаад Замын-Үүдийн гаалиар хэзээ, хэдэн машин нэвтэрч орж ирэхийг МҮХАҮТ “зөвшөөрдөг” болчихсон байвал яах уу!! Үүн дээр самарчдаас хурааж эхэлсэн хууль бус татварын асуудлыг нэмчихвэл МҮХАҮТ үнэн төрхөө нуусан, гоё ганган нэртэй боловсон, хууль ёсны ДЭЭРЭМЧИД болчихоод байна.

Ингэхэд чухам хэзээ, хэн тэдэнд ийм их эрх дархыг олгочихов? Энэ нь бас хэн гэдэг эрх мэдэл бүхий бүдүүн даргад ашигтай вэ гэдэг асуултын цаана асуудлын гогцоо буй. Угаас Монголд хэн нэгэн бүдүүн даргын оролцоогүй боловсон дээрэм болдоггүй.

Уг сурвалжаар нь хөөвөл МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин UFC группийн захирал асан, АН-ын гишүүн, Булганд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж явсан улаан намчин. Танхимынх нь дарга Т.Дүүрэн болбоос цагийн цагт UFC-ийнхны арын албанд зүтгэж ирсэн пиарчин. Онигоочин. Мөн л UFC-ийн нөгөө нэг захирал Б.Цэрэнбатыг БОАЖ-ын сайдаар ажиллахад пиарын багийг нь ахалж ажиллаж байсан. Өдгөө МҮХАҮТ-ын дарга болчихсон тууж яваа. Хэзээнээсээ бизнест гайгүй хоршиж ирсэн энэ хоёр эр хувийн бизнес нь эвгүйтээд эхэлмэгц улс төр лүү мацаж эцэст нь хүслээ гүйцээсэн нь энэ юм уу даа. Цаана нь сайд асан Б.Цэрэнбат ч бий. Шадар гурав дөрөө нийлүүлэн төрийн болон төрийн бус байгууллагын нэр барин жирийн бизнес эрхлэгчдээ дээрэмдэж эхэлсэнийг одоо баримтаар өгүүлье.

  1. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн эхлээд самар үйлдвэрлэгчидтэй уулзаж “Монголын бүх самар үйлдвэрлэгчид мөнгөтэй болж, хүчирхэгжих хэрэгтэй. Та нарын бэлтгэсэн самрыг хилийн цаана нэг цэгт саадгүй зардаг болох ёстой” гэсэн гоё санал хэлж, самрын чөмөгний кг тутмаас 1000 төгрөг хураалгаж, санд төвлөрүүлэхийг уриалав. Самар үйлдвэрлэгчид ч итгэж, 20 гаруй компани нэгдэж, холбоо байгуулан, нэгдсэн хурлаа хийж, уриалгыг хүлээн авснаар түүсэн самрынхаа кг тутмаас 1000 төгрөгийг МҮХАҮТ-д өгөхөөр тохиролцов. Энэхүү саналаа Т.Дүүрэн даргад танилцуулахад “Тийм юм байхгүй, хоёрын хооронд 1000 төгрөгөөр яах юм. 10 юань авна” гэв. Энэ хооронд 1000 төгрөг чамлалттай санагдсан хэрэг. Энэ шийдвэрээ тэгвэл албан бичгээр өг гэхээр өгдөггүй. Ийн 1000 төгрөг чамлагдаж 10 юань буюу 4300 төгрөг болж ханш дөрвөн дахин нугарав.
  2. Хураамжийн мөнгөө хаана цуглуулах вэ гэхээр “Бид өөрсдөө сан байгуулна. Сангаа бид удирдана. Хяналтын таван гишүүний гурвыг нь МҮХАҮТ сонгоно, хоёр нь холбооноос орж ирж болно” гэв. Санд цугласан мөнгөнөөс хэд нь үйлдвэрлэгчдэд очих вэ гэхээр “Самар үйлдвэрлэгчдэд энэ мөнгөнөөс очиж ч болно, очихгүй ч байж болно, тохиролцоно” гэв. Сангийн нэр томьёо нь их хөөрхө. Самрын кластер.
  3. Үнэндээ МҮХАҮТ бол зөвхөн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар төрийн байгууллагатай харьцах үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Хуулиараа ямар нэг татвар, татаас хурааж авах эрх огтоос байхгүй. Санхүүжилт нь гишүүдийн татвар, иргэд, байгууллагын хандив, үйчилгээний орлого. Гэтэл нэг даргынх нь дураар сан байгуулагдаж, үйлдвэрлэгчдэд (гишүүддээ гэсэн үг) тулган шаардалт хийж, татвар хурааж, хамгийн гол нь түүнийгээ юунд зарцуулах нь тодорхой бус болж ирсэн учраас самар үйлдвэрлэгчид эсэргүүцэж буй. Хамгийн сонирхолтой нь МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин энэ талаар огт ярьдаггүй.

Тооцоо хийе: Энэ жил манай улс 10 мянган тн самрын чөмөг экспортод гаргахаар бэлтгэсэн. Үүнээсээ зохих ёсны татвар хураамжаа төлөөд нэмэх нь Т.Дүүрэн даргын “Самрын кластер” санд кг тутмаасаа 3000 төгрөг тушаавал бүхэл бүтэн 30 тэрбум төгрөг МҮХАҮТ-ын дансанд орно гэсэн үг.

Эндээс хийх дүгнэлт: Хувилбар 1:

1. МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн гэгч БОАЖЯ-тай холбоо сүлбээтэй байсан боломж, эрх мэдлээ ашиглан, танхимынхаа ерөнхийлөгчтэй түнш, найз нөхрийн харилцаатай байдаг статус дээрээ дөрөөлөн самар үйлдвэрлэгчдээс “мөнгө босгох” ухаан сийлсэн. Ингэхдээ БОАЖ-ын сайд, эрх мэдэлтнүүдтэй хуйвалдсан байж ч болох. Одоогийн БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл 2020.08.27-ны өдөр гаргасан А577 дугаартай “Ойгоос хуш модны самар бэлтгэж ашиглахыг бүсчлэн тогтоох тухай” гэгч тушаал гаргаж иргэдэд самар түүх боломжийг хуулиар олгосон байдаг. Гэтэл дараахан нь МҮХАҮТ дээрх хууль бус журам гаргаж, сан байгуулж, иргэдийг дээрэмдэж эхлэхэд эрхэм сайд хаана байсан бэ? Хамар дор нь нэг ТББ хууль бус тушаал шийдвэр гаргаж, хууль бус сан байгуулж, самар үйлдвэрлэгч жирийн иргэдийг дээрэмдэж байхыг мэдээгүй гэж үү?

Жич: Самар үйлдвэрлэгчид Т.Дүүрэн даргын үүсгэн байгуулсан санд хураалгах татвараас гадна хууль журмынхаа хүрээнд зохих татварыг улсад төвлөрүүлдэг. Үүнд, орон нутагт кг тутамд 800 төгрөг, экспорт хийхэд 3000 төгрөг тушаадаг. Үүн дээр уг самар нь Монголд ургасан болохыг батлах Гарал үүслийн гэрчилгээний 100-200 мянган төгрөг. Үүнийг МҮХАҮТ олгодог бөгөөд чухам үүн дээрээ түшиглэж (барьцаалж) дээрх санг байгуулсан байгаа юм. Нэг ёсны самрынхаа кг тутмаас ахиад 4300 төгрөг манай санд өгөхгүй бол гарал үүслийн гэрчилгээг чинь өгөхгүй гэсэн маягийн шантааж хийдэг гэсэн үг. Боловсон дээрэм гэдэг нь ийм учиртай. Хэрэв үнэхээр татвар, татаас авах гээд байгаа юм бол дээрх дээрх 10 юань буюу 4300 төгрөгөө улс нь ав л даа. Хэн нэгэн том толгойтой даргын бодож олсон “Самрын кластер” гэгч гоё нэртэй дээрмийн санд төвлөрүүлэх ямар хэрэгтэй юм!! Үүнд Д.Сарангэрэл сайд, О.Амартүвшин Ерөнхийлөгч хоёр албан ёсны хариу өгнө гэдэгт итгэж байна.

Эндээс хийх дүгнэлт: Хувилбар 2:

Хэдий дарга ч гэлээ Т.Дүүрэн дур мэдэж ийм ноц бүхий хууль бус сан байгуулж, төдий хэмжээний (30 тэрбум төгрөг) мөнгө төвлөрүүлнэ гэж байхгүй. МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшингийн заавраар хөдөлж байгаа нь гарцаагүй. Тэгвэл яагаад О.Амартүвшин ерөнхийлөгч бүлх залгисан мэт дуугүй явна вэ? Бизнес эрхлэгчдээ дэмжих хуулиар хүлээсэн үүрэг нь хаачсан бэ? Хууль зөрчихөөсөө яагаад айхгүй байна вэ? Бас ч гэж цэмцгэр нь дэндсэн аймхай хүн шүү дээ. Ард нь хэн нэгэн эрх мэдэл бүхий бүдүүн дарга байна уу? Хэн байж болох вэ? Самар үйлдвэрлэгчдийн хардаж буйгаар тэрээр Ерөнхийлөгч Х.Баттулгын утсан хүүхэлдэй. Ердөө 5 сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгуулийнх нь мөнгийг босгож өгч байгаа. Байж болох гаргалгаа. Мань ерөнхийлөгч оны өмнөхөн улс төр дэх тавиул “нохдоороо” дамжуулан Хүүхдийн төлөө фонд гэгчийг үүсгэн байгуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс 2 тэрбум 222 сая төгрөгийг татан төвлөрүүлсэн. Шулуухан хэлэхэд дээрэмдсэн гэж болно. Хүүхдийн төлөө фонд, Самрын кластер хоёрт үнэндээ нэршлийн ялгаа байхаас зарчмын ялгаа үгүй юм. Төр нь төрийн бус байгууллагатай нийлж гоё ганган үг хэлж, ямар нэг зүйлээр барьцаа, шантааж хийж, иргэдээсээ боловсон дээрэм хийж байгаа л явдал юм. Өөр юу ч биш!

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэнд үйлчилдэг вэ гэж үү? Ноён ерөнхийлөгчид үйлчилдэг юм.

Дайны хөлөөр дажин гэгчээр ковид нийт ард түмэнд буюу ялангуяа жижиг дунд бизнес эрхэлж амьжиргаагаа залгуулдаг нийгмийн дундаж давхаргад маш халтай харин эрх мэдэл атгаж суугаа хэсэг бүлэг этгээдүүдэд туйлын ашиг хонжоотой тусаж буй. Тэдний нэг нь шулуухан хэлэхэд МҮХАҮТ болчихоод байна. Бизнес эрхлэгчдийг дэмжих үндсэн чиг үүрэгтэй тус байгууллага цар тахлын энэ хүнд хэцүү үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих нь бүү хэл хууль бус татвар хураамжаар дарамтлан дээрэмдэж байна. Давагдашгүй байдлын гэрчилгээ гэгчийг 500.000-1.000.000 төгрөгөөр олгохоос авахуулаад Замын-Үүдийн гаалиар хэзээ, хэдэн машин нэвтэрч орж ирэхийг МҮХАҮТ “зөвшөөрдөг” болчихсон байвал яах уу!! Үүн дээр самарчдаас хурааж эхэлсэн хууль бус татварын асуудлыг нэмчихвэл МҮХАҮТ үнэн төрхөө нуусан, гоё ганган нэртэй боловсон, хууль ёсны ДЭЭРЭМЧИД болчихоод байна.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.