| | USD/MNT 0₮

Гашуунсухайт боомтод ХАЛДВАР илэрвэл яах вэ, тэнд халдвар хамгааллын дэглэм огт мөрдөгдөхгүй байна

-Уртын болон богины ээлжинд явдаг нүүрс тээврийн жолооч нарыг тусгаарлах хэрэгтэй байна-

Улс орон цар тахалтай тэмцээд яг нэг жил болжээ. Хэдий гаднаас халдвар зөөвөрлөгдөн орж ирж тусгаарласан хэдий ч Монгол Улс 2020 оны арваннэгдүгээр сард дотооддоо халдвар алдаж, нөхцөл байдал хүндэрчихээд байна. Өнөөдрийн байдлаар дотоодын халдварын тоо 500 хол гарч, эх үүсвэр нь тодорхойгүй ГОЛОМТ бий болсон нь ард иргэдийг айдаст автуулахаас гадна эрсдэлд оруулчихаад байна.

Нийслэл халдварын том голомт болсон бол зургаан аймагт халдвар гарсан. Гэвч халдварын тархалтаа хумиж, голомтоо устгаж эрүүл бүс болж чадсан таатай мэдээлэлтэй.

Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Нийслэлд хатуу хөл хорио тогтоосон байгаа хэдий ч хулгайн замаар орон нутаг руу хүн тээвэрлэх, хариуцлагагүй үйлдэл гаргасаар байна. Тухайлбал, өчигдөр Өмнөговь аймаг руу нууцаар иргэдийг 250-300 мянган төгрөгөөр тээвэрлэсэн хууль бус үйлдлийг хуулийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлсэн.

ЭМЯ, ХӨСҮТ, УОК болон эрүүл ногоон бүс болсон аймгууд хариуцлагатай хандаж, халдварын тархалтыг хумиж барихаар өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж байхад ухамсаргүй иргэдийн уршгаар КОВИД 19-ийн халдвар түймэр шиг дэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Иргэдийн хариуцлагагүй үйлдэл эх нутгаа цар тахалд “идүүлэх” нөхцлийг бий болгочихоод байна.

Коронавирусийн эсрэг шинжилгээ өгөөгүй иргэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очсон байна. Хэрвээ тэр хариуцлагагүй иргэдээс халдвар илэрсэн бол яах вэ.

Стратегийн орд бүхий Өмнөговь аймаг “Ногоон бүс” болж, гаднаас нүүрс тээврийн жолооч болон уурхайчдыг оруулж нэвтрүүлэхгүй, чанга дэглэм сахиулж байгаа ч хулгайн замаар иргэд очих явдал байсаар байна. Тэр бүгдийг хуулийн байгууллага нь илрүүлж илчилж чадахгүй. Хэрвээ нэг халдвартай хүн нууцаар очсон байхад тэр аймагт халдвар тархаж, хөл хорио тогтоох нь ойлгомжтой.

Түүнээс гадна бас нэг анхаарал татаж байгаа асуудал бол Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн жолооч нар эрсдэлтэй байна.

Тэнд эрсдэл буюу халдвар илрэх нөхцөл боломж бараг 100 хувь бүрдчихсэн байгаа нь үнэн. Учир нь уртын болон богины нүүрс тээвэрлэлтэд явдаг жолооч нар дэг, журам, хариуцлага гэж алга. Хэрвээ тэднээс халдвар илрэх юм бол Хятадын талаас хилээ шууд хаана гэдгээ мэдэгдсэн байна. Монгол Улсын эдийн засаг, нүүрс тээвэрлэлт түй ч хамаагүй. Тэд улсаа болон иргэдээ бодохоос Монгол Улсыг бодохгүй нь лавтай. Хятадын тал хилээ хаачихвал манай нүүрсний экспорт, эдийн засаг юу болох вэ гэдгийг эргүүцлээд бодоод үзвэл илүүлэхгүй.

Хэдий ЭМЯ-ны өдөр бүр хийдэг цаг үеийн мэдээллээр Гашуунсухайтад явж байгаа уртын тээврийн жолооч нараас шинжилгээ байнга авч байгаа. Азаар халдвар илрэхгүй байгаа нь таатай. Гэхдээ эрсдэл маш ойрхон байна.

Засгийн газар болон УОК-иос Өмнөговь аймгийг “Ногоон бүс” байлгах үүрэг чиглэлийг аймгийн удирдлагуудад болон төр хувийн хэвшлүүдэд өгсөн.

Тодруулбал,  нүүрсний тээвэрлэлт хийж байгаа жолооч нарыг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, онцгой нөхцөлд ажиллах түр журмыг гаргасан.

Гэвч дээрх үүрэг чиглэл, түр журам газар дээрээ хэрэгжихгүй, Тавантолгой, Цагаанхад чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар хоорондоо холилдох, цаашлаад машиндаа архидан согтуурах, орчныг бохирдуулах, гэмт хэрэгт холбогдох зэрэг зөрчлүүд гарсаар байна. Үүнээс харахад халдвар хамгааллын дэглэм гэж байхгүй. Гаднаас ирж байгаа хүмүүсийн хөдөлгөөнд хяналт тавьж Цагаанхад боомтыг Дотоодын цэргийн 50 алба хаагчаар хамгаалуулж байгаа ч тэд бүгдийг хянаж чадахгүй нь тодорхой. Дахин хэлэхэд, Өмнөговь аймаг ногоон бүс байх ямар ч боломжгүй. Цогтцэций суманд нууцаар очиж байгаа хүмүүсийнхээ хөл хөдөлгөөнийг барьж, хянаж чадахгүй байна. Ганц сумаа барьж дийлэхгүй байгаа аймаг. Нөгөөтэйгүүр Гашуунсухайт боомтод нэг халдвартай хүн илэрвэл юу болох вэ.

Халдварын эрсдэл нэмэгдэж, хаа сайгүй эх үүсвэр нь тодорхойгүй халдвар гарч байгаа энэ цаг үед “Ногоон бүс”-д зорчин ирж байгаа хөдөлгөөний хяналтыг бүрэн хянаж чадахгүй. Дээрээс нь Тавантолгой, Цагаанхад чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар холилдсон байгаа нь том эрсдлийг үүсгээд байна. Тухайлбал, Цогтцэций суманд хулгайн замаар очсон дотоодын тээврийн жолооч нар эрсдэлтэй байгаа. Тэд халдвар тараах магадлал маш өндөр. Хэрвээ нэг жолоочоос коронавирусийн халдвар гарлаа гэхэд нүүрс тээвэрлэлт зогсоно, цаашлаад улс орны эдийн засагт томоохон хүндрэл учирна гэдгийг хаа хаанаа бодолцож үзэх цаг болжээ.

Тиймээс гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, Тавантолгой, Цагаанхад чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарыг мөн урд хөрш рүү гарч байгаа жолооч нарыг холилдуулж нийлүүлэхгүй, тусгаарлах талаар дариухан арга хэмжээ авж, Дотоодын цэрэг, Тээврийн цагдаагийн алба хаагчдын хамгаалалтыг сайжруулахгүй бол халдварын эрсдэл тун ойрхон байна гэдгийг дахин хэлье. Энэ тал дээр УОК ч анхаарах хэрэгтэй байна. Нөгөө талаар нүүрс тээврийн жолооч нар ч хариуцлагтай байж  өөрсдийгөө эрсдлээс хамгаалах ёстой юм.

Дахиад асууя, Цагаанхад болон Гашуунсухайтад коронавирусийн халдвар илэрвэл хэн хариулцлага үүрэх бэ. Хяналт муу тавьсан орон нутгийн удирдлагууд уу, хамгаалалтад гарч байгаа дотоодын цэргийн алба хаагчид, тээврийн цагдаагийн алба хаагчид уу, эсвэл нүүрс тээврийн жолооч нар уу гэдэг нь анхаарал татсаар байна.

 

Тэнд эрсдэл буюу халдвар илрэх нөхцөл боломж бараг 100 хувь бүрдчихсэн байгаа нь үнэн. Учир нь уртын болон богины нүүрс тээвэрлэлтэд явдаг жолооч нар дэг, журам, хариуцлага гэж алга. Хэрвээ тэднээс халдвар илрэх юм бол Хятадын талаас хилээ шууд хаана гэдгээ мэдэгдсэн байна. Монгол Улсын эдийн засаг, нүүрс тээвэрлэлт түй ч хамаагүй. Тэд улсаа болон иргэдээ бодохоос Монгол Улсыг бодохгүй нь лавтай. Хятадын тал хилээ хаачихвал манай нүүрсний экспорт, эдийн засаг юу болох вэ гэдгийг эргүүцлээд бодоод үзвэл илүүлэхгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (29)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.